Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.АЛТАНХУЯГ: 2014 оны улсын төсвийг энэ сард багтаан тодотгоно

Шинэчлэлийн Засгийн газрын тэрг үүн 2014 оны эхний “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтаа өчигдөр хийлээ. “Чингис” бондын үлдэгдэл хөрөнгө болох 360 тэрбум төгрөгийг үйлдвэржилтийг дэмжих төсөлд зарцуулах тухай тэр мэдэгдсэн юм. Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдийг энэ сарын 17 хүртэл хүлээж авах аж.

Гуравдугаар сарын 1 хүртэл сонгон шалгаруулаад улмаар зээлээ олгож эхлэх юм байна. Үйлдвэржилтийг дэмжих болсон шалтгаанаа Ерөнхий сайд олон тоо, баримтаар илэрхийлсэн. 2010 онд манай улсын экспортын хэмжээ 2.9 тэрбум доллар, импорт 3.2 тэрбум доллар буюу зөрүү нь 291 сая доллар байсан. Тэгвэл жил ирэх бүр хэрэглээ нэмэгдэж, тэр хэрээр импортын хэмжээ өссөөр 2012 онд зөрүү нь 2.3 тэрбум доллар хүрсэн байна.

2013 онд экспорт, импортын зөрүү харьцангуй багасч, арваннэгдүгээр сарын байдлаар 1.9 тэрбум доллар болсон гэнэ. Экспортоо нэмэгдүүлж, импортоор авч байгаа бүтээгдэхүүнүүдийг аль болох эх орондоо үйлдвэрлэдэг болох нь дээрх санаачилгын зорилго юм байна. Импортолсон бүтээгдэхүүнүүдийг жагсаахад 35 хувь нь хуванцар эдлэл, арьс ширэн болон химийн бүтээгдэхүүн эзэлжээ. Мөн машин, түүний эд анги импортын жагсаалтад дээгүүр ордог аж. Уул уурхайн бүтээгдэхүүн дотроо зэсийн экспорт хэвийн байгаа бол нүүрснийх өмнөх оныхоос 900 сая доллараар буурч, нэг тэрбум доллар болсон байна. Ерөнхий сайд үүнийг дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасантай холбон тайлбарласан. Харин алт, газрын тос, ноолуурын экспорт 2012 оныхоос өссөн үзүүлэлт гарчээ. 2013 оны төсвийн гүйцэтгэл эцсийн байдлаар хараахан гараагүй ч ДНБ-ий өсөлт 12, инфляц 11, төсвийн алдагдал хоёр хувь болохоор байгааг тэр дуулгасан. Үүний дараа сэтгүүлчид сонирхсон зүйлээ асуув.

-Энэ оны төсөвт тодотгол хийх шаардлагатай байгаа. Засгийн газраас тодотголыг хэзээ өргөн барих вэ?

-Энэ сардаа багтаад төсөвт тодотгол хийж, батлуулна. “Авлигажсан” төсвийг цэгцлэхийн тулд 260 тэрбум төгр өгийн объектод аудит хийлгэж байгаа. Дүн нь энэ сарын 10-нд гарна. Үүний дараа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд аль объекыг төс өвт тусгах боломжтой, алийг нь үлдээхийг шийднэ.

-Алтны худалдаанд ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг УИХ дэмжээгүй. Гэвч Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар энэ санаагаа дахин оруулсан гэж байгаа. Агуулга нь хэвээр туссан уу, уг төслийг гаднын лообий гэж хардах гишүүд ч байна.

-Алтны худалдаанд ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхэд гиш үүд “Алт бол ашигт малтмал. Тиймээс тусад нь хууль батлалг үйгээр, Ашигт малтмалын тухай хуульдаа тусгая” гэсэн. Тиймээс дахин төс өл өргөн барьсан. Гаднын лообий гэж юу байх вэ дээ. Валют болон экспортоо нэмэгд үүлэх бүтээгдэхүүний нэг нь алт шүү дээ. Олборлосон алтаа бүгдийг гаргахын оронд Монголбанкинд худалдаад эх орондоо нөөцтэй болъё гэх нь буруу биш.

-Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох төслийг дэмжинэ гэчихээд нөгөө талдаа 100 мянган тонн улаан буудай импортлох хуулийн төсөл оруулж байгаа нь ямар учиртай юм бэ?

-Х.Баттулга сайд үүнийг чуулган дээр тайлбарласан. Нөөцөө бүрдүүлэх зорилготой арга хэмжээ. Манай улс уул уурхайн болон ноос, ноолууран бүтээгдэхүүн голчлон импортолдог.


 С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.