Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хишиг хуваалтыг зогсооё

 -Их хурлын гишүүд, Иргэдийн хурлын төлөөлөгчид төсвийн мөнгөөр өөрийгөө урамшуулж байна

Нийслэлийн ИТХ төлөөлөгчдөө арав арван сая төгрөгөөр урамшуулав. Монгол Улсын эдийн засаг хүндэрч, 2013 оныг арайхийн давж байна. 2014 оныг яана даа гэхээс эдийн засагчдын шар үс босч, улсынхаа хоосорсон халаасыг “хоолтой” байлгахын тулд “Самурай” бонд гаргаж хуулиа зөрчих үү, хоосон халаасаа тэмтрээд эдийн засгаа сөхрүүлэх үү гэсэн хэцүүхэн сонголттой нүүр тулаад байна. Харин тэгэхэд нийслэлийнхэн яасан бийлэгжүү загнана вэ. Нийслэл энэ жилээс төсвөө мэддэг, захиран зарцуулдаг болсон гэсэн шиг сэм хуваан, нам найрлаж сууна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14.2-т “Төлөөлөгчдийн Хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан тэдгээрт Тэргүүлэгчид урамшуулал олгож болох бөгөөд хэмжээ, олгох журмыг нь аймаг, нийслэлийн Хурал баталж, шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгана” гэсэн заалт бий учраас бид хуулийн дагуу ажилласан. Бид ямар ч хууль зөрчөөгүй” гэж тэд маргах байх. Гэхдээ үнэхээр улсаа, хотоо, нийслэлээ гэсэн сэтгэлтэй, шалгарсан “эх орончид” тэнд цугласан нь үнэн бол 10 саяыг өгсөн ч авахгүй байх байв. Гэтэл тэд байн байн авсаар амташчихсан төрийн зүтгэлтнүүд ажээ.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид улирал бүр 10, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид тав таван сая төгрөг авчээ. Тэгэхээр 2013 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нийт 40, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид 20 сая төгрөг төсвөөс урамшуулал хэлбэрээр авсан гэсэн үг. Энэ бол бага мөнгө биш. Залуу гэр бүл бол орон сууцны урьдчилгаанд өгөөд найман хувийн хүүтэй зээлээр байртай болчих, “Монголд эмчлэх боломжгүй“ гэсэн хариу сонсоод шаналан хэвтэж буй өвчтөнд бол гадаадад эмчлүүлэх мөнгө. Урамшуулалд авч буй энэ их мөнгийг тухайн нийслэл, дүүргийн ИТХ-ын жил бүрийн төсөвт суулгадаг. Төсөв бол татвар төлөгчдийн мөнгөөр бүрддэг том хэтэвч. Нийслэлийн ИТХ 40 төлөөлөгчтэй. Тэд улирч буй онд татвар төлөгчдийн халуун хөлсөөр бүтсэн төсвөөс 1.6 тэрбум төгрөг авч, өөрсдийгөө “Би, бид сайн ажиллалаа” хэмээн урамшуулжээ.

Дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгчдийн тоо, авсан мөнгийг тооцвол бас л 10 оронтой тоо гарна. Зөвхөн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн авсан мөнгөөр 100 хүүхдийн ортой цэцэрлэг барьсан бол элбэг хүрэлцэх байв. Ийм их мөнгийг тэд “Нийслэлийн ард иргэдийн төлөөлөл болж ажилласны төлөө” хэмээн ялархан авч байгаадаа ичих хэрэгтэй юм, уг нь. “Би хорооныхоо, дүүргийнхээ иргэдийг нийслэл, дүүргийнхээ ИТХ-д төлөөлж, эрх ашгийг нь хамгаалж ажиллана” гэж өөрсдөө сайн дураараа сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн, тэд. Нам нь тэднийг “Чи л сонгуульд өрсөлд” гэж тулгасан байж болох ч нийслэлийн иргэд тэгж шахаж шаардаагүй. Намаараа ч шахуулалгүй, харин ч намын даргадаа “Миний нэрийг сонгуульд дэвшүүлээч” гэж тал засаж гүйсэн гэвэл үнэнд ойртоно. Тийм атлаа нийслэлийн татвар төлөгчдийн халааснаас тав, арван саяар нь авч, өөрийгөө “Би сайн ажиллалаа” гэж урамшуулах нь арай дэндүү явдал. Тэгээд ч тэд өөрсдийнхөө ажлыг дүгнэх учиргүй.

Сонгогчид, нийслэлийн иргэд л тэдний ажлыг дүгнэж, дүн тавьдаг гэдгийг мартжээ. Хэрвээ иргэдээр ажлыг нь дүгнүүлж, мөнөөх урамшууллыг өгөх, үгүйг шийддэгсэн бол мөнгө авах хүн бараг олдохгүй, магадгүй өртэй ч гарч мэднэ. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2013 оны нэгдүгээр сарын 30-нд гаргасан наймдугаар тогтоолын хавсралтын дөрөвт “Дүүргийн ИТХын төлөөлөгчдөд урамшуулал олгоход баримтлах зарчим шалгуур, үнэлгээ”-г заажээ. Үүгээр бол нэгдсэн хуралдаанд оролцсон, хороо, дэд хороонд ажилласан, хурлаас байгуулсан Ажлын хэсэг, түр хороо болон тойрогтоо ажилласан байдал, ИТХ-ын тогтоол, шийдвэрийг иргэд, олон нийтэд сурталчилсан байдлаар нь урамшуулал олгодог аж. Ийм урамшуулал олгохгүй бол ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо ажилладаггүй, сонгогчидтойгоо уулздаггүй, бүр хуралдаандаа ч суудаггүй бололтой. ИТХ-ын төлөөлөгч маань иргэдийн төлөөлөл гэдгээ ухамсарлаж бус, таван сая төгрөг авахын тулд л хуралдаандаа сууж, тойрогтоо очдог байх нь. Тойрогтоо очиж, сонгогчдодоо бараагаа харуулсан төлөөлөгчийг урамшууллын тав, 10 сая төгрөг авчээ гэж ойлгож болох юм байна л даа. Нийслэлийн ИТХ-ынхан өөрсдөдөө мөнгө хуваарилаад эхэлмэгц бусад нь бас барьцав.

Нийслэлийн Засаг дарга 2013 онд А/90 тоот захирамж гарган, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газрын удирдах ажилтнуудаа урамшуулах журам баталжээ. Үүнд дөрөөлөн нийслэлийн удирдлагын зөвл өл эрүүл аюулгүй байдлын индекс тооцох мэдээллийн тогтолцоо бүрдүүлэхэд идэвхтэй ажилласан гэх дүүрэг, хороодын Засаг дарга нарыг урамшуулав. Багануур, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон 50 хорооны Засаг дарга нарыг 1.6-2.3 сая төгрөгөөр урамшууллаа. Хороодын Засаг дарга нарыг хамгийн багаар 1.6 сая төгрөгөөр урамшуулсан гэвэл 80 сая, гурван дүүргийн Засаг дарга нар 6.9 сая төгрөг авчээ. Энэ мэтээр нийслэл нэлээдгүй бийлэгжүү загнах болов. Иргэдийн хурлын төлөөлөгчид, Засаг дарга нар уг нь ард олноо төлөөлж, бодлого боловсруулж, бодлогоо хэрэгжүүлэх, төр-ард түмний төлөөлөгч болж ажиллах үүрэгтэй хүмүүс. Тэд ажил хийнэ гэж амлалт өгсөн. Тэрнээс шагнал урамшуулал аваг, сонгогч олны татварт хураалгасан мөнгийг хувааж хүртэг гэж энэ албанд тавиагүй. Засаг дарга нар хийсэн ажлынхаа цалинг авдаг. Цалингаа аваад сайн ажиллах нь тэдний үүрэг. Үүрэгт ажлаа дөнгөн данган гүйцэлдүүлснийхээ төлөө алга тосдог Засаг дарга ард түмэнд хэрэггүй. Тэдний энэ үйлдэл дээд төвшнөөсөө халдварласан.

УИХ-д суудалтай намууд авсан суудлынхаа тоогоор улсын төсвөөс мөнгө авах заалт Улс төрийн намуудын тухай хуульд бий. Нэг суудлын үнэлэмж 2005 оноос хойш янз бүрээр өөрчлөгдсөөр ирж. Зөвхөн 2011, 2012 оныхыг харахад 2011 онд АН 270 сая, МАХН буюу одоогийн МАН 460 сая, ИЗН 10 саяыг, 2012 онд АН 290 сая, МАН 350 сая, ИЗН 15 саяыг авчээ. 2012 оны “хишиг хуваалт” сонгуулийн өмнөх дүн бололтой бөгөөд нэг гишүүний сав л хийвэл эзгүй байдаг суудалд 10 саяыг хуваарилсан юм шиг байна. Энэ онд хэд болж өссөнийг мэдэж чадсангүй. Иргэдийн хурлын төлөөлөгч 10 саяыг авч байгаа юм чинь дор хаяж 20 сая болсон байж таарна. Иргэд яахаараа нам санхүүжүүлж байх ёстой юм бэ. Эрх мэдэл, албан тушаалын бирж болгож байгуулсан намаа гишүүд нь л, улстөрч гэж хаана ч байхгүй мэргэжлийг өөртөө оноосон нөхөд л санхүүжүүлэг. Намд бид өргүй. Иргэдийн төлөөлөгчдийг ч шагнаад байх илүүдээ гарсан мөнгө үгүй. Тиймээс энэ “хишиг хуваалт”-ыг зогсооё.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.