Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ИРЦ ИХ АСУУДАЛ ҮҮСГЭХ ВИЙ

“Сахил хүртсэн биш шал дордов” гэгчээр УИХ-ын гишүүд хуралдаанд сууж байгаа эсэхийг хурууны хээгээр нь бүртгэх гэсэн биш Ардын намынхан завсарлага нэрээр “ажил хаяв”. Сөрөг хүчнийхний энэхүү боловсон “ажил хаялт” бол эл парламентаас салгаж ойлгохын аргагүй болтлоо бугшсан ялзралын хамгийн ойрын жишээ. Өөрөөр хэлбэл, шүүмжилж, хяналт тавих сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байгаа нь энэ гээд парламентын байнгын үйл ажиллагааг аль болох саатуулж, ирцээр “оролддог” муйхар арга МАН-ынх бол олонх атал олигтойхон ирц бүрдүүлж чаддаггүй арчаагүй дүр төрх АН-ынх. Тухайлбал, Р.Амаржаргалын УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр 65 гишүүнийг нэг дор харах ховорхон мөч тохиосон ч сөрөг хүчнийхэн сонгодог тоглолт тавьж, бүлгээрээ байж чадалгүй Засгийн газрыг доргиох боломжийг алдсан.

Харин “хаалттай” горимоор хэлэлцэж сүрийг бадруулж асан Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл хоёр долоо хоногийн өмнө ганцхан саналын зөрүүгээр “унасан” нь олонхийн олхиог үйтэй холбоотой. Үүнийг л хууль болгож батлахгүй бол улсын эдийн засаг “уначих” юм шиг ярьж ээлжит бус чуулган зарлуулан байж оруулж ирсэн Засгийн газрын эл төсөл УИХын нийт гишүүний дөрөвний нэгийг бүрдүүлж буй АН-ын гишүүн, сайд нарын “тусламжтайгаар” парламентын босго давж чадаагүй нь харамсалтай. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг бүтцээр нь өөрчлөх агуулга бүхий Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг долоо хоногийн өмнө хэлэлцээд тодорхойгүй байдалтай орхичихсон. Учир нь уг төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх үү, эсвэл төрхөмд нь буцаах уу гэдгийг шийдвэрлэх санал хураалтын дүнд ганцхан саналын зөрүүгээр буюу 24:25 харьцаатайгаар төсөл “унасан” ч Спикер санал хураалтыг хүчингүйд тооцсон. МХЕГ-аар оролдохыг эсэргүүцэж буй МАН-ын гишүүд санал хураалт хүчинтэй гэж маргаан дэгдээснээр түр завсарлаад эргээд ярилцъя гэсэн ч өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй л байна. Үнэндээ тухайн үед 24:25 харьцаагаар санал өгөх 49 гишүүн танхимд байгаагүй. Харин тийм хэмжээний санал өгөх картууд л гишүүдийн суудалд нь “тухалсан” байсан юм шүү. Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл батлагдсан бол сайд нарын хэлж байсанчлан Монгол Улс алтаараа эдийн засгаа тэтгэх боломж бий болох ч байсан юм бил үү. Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийг буцаах, эсвэл үргэлжлүүлэн хэлэлцэх нь өнөөдөр тодорхой болсонсон бол МХЕГ-ын албан хаагчдад жилийн өмнөөс үүссэн хүлээлт тайлагдаж, ажлын идэвх нь аанай л нэмэгдэх байв уу. Тийм ээ, ирцийн ард их эрсдэл бий. Гишүүд ирцээ ингэтэл нь асуудал болгоогүй бол хурууны хээ, тоног төхөөрөмж, тагнуул цагдаа дээрээ тулахгүй байсан нь ойлгомжтой. Энэ бүхний ард нь аль ээлжит бус чуулганаас орж ирснээс авахуулаад дөнгөж түрүү долоо хоногт Спикерийн гар дээр ирсэн цөөн бус хуулийн төсөл гишүүдийн ая дан таарахыг хүлээж буй. Хамгийн гол нь манай нийгмийн бүхий л харилцааг УИХ-ын 76 гишүүний баталдаг хууль зохицуулдаг.


 Б.НОМИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.