Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“УНАГАХ” АРГА ЧИНЬ БУРУУДААД БАЙНА, МАН-ЫНХААН

Шинэчлэлийн Засгийн газарт хариуцлага тооцох гэсэн хоёр дахь оролдлогоо МАН хийж байна. Эхний удаад тэргүүнийг нь огцруулах гээд бүтэлгүйтсэн бол энэ удаа Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг “онилов”. Гэвч сайд нарыг огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барьсан цагаас л дэмжлэг авахгүй нь тодорхой болж байна. МАН-ын 26 гишүүн дээр О.Баасанхүүгээс өөр нэмэгдэх хүн олдохгүй бололтой. УИХ дахь АН, “Шударга ёс” эвслийн бүлэг сөрөг хүчний саналыг дэмжихгүй гэдгээ уржигдар илэрхийлж, Байнгын хороон дээр өчигдөр тогтоолын төсөл нь “унасан” юм.

Сөрөг хүчний зүгээс хоёр сайдыг огцруулах дөрвөн үндэслэл дэвшүүлсэн. Түүнийг нь товчилбол “Эдийн засгийн нөхцөл байдал муудсанд Н.Батбаяр, Ч.Улаан хоёр буруутай” гэсэн утга гарна. Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх талаар арга хэмжээ аваагүй, буруу бодлогоос нь үүдэж өргөн хэрэглээний барааны үнэ болон долларын ханш тус тус 30 хувиар өссөн, төгрөгийн ханш суларсан, чанаргүй зээл нэмэгдсэн гэж байгаа юм. АН-ын болон “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд “хэргийн эздээ” дагуулан оролцож, мэдээлэл хийсэн, үндэслэл тус бүр дээр няцаалт гаргасан байна лээ. Сангийн сайд Ч.Улаан “Төсөвт тодотгол хийхдээ эдийн засгийн байдалд дүгнэлт хийгээгүй гэсэн. Төсвийн алдагдал ДНБ-ий гурван хувьтай тэнцүү болсон тохиолдолд тодотгол хийдэг. Эхний хоёр улиралд алдагдалгүй байсан, гуравдугаар улиралд нэг хувь хүрсэн. Гэхдээ Засгийн газар гурван улирлын явц, ирэх улирлын төсөөллийг тооцож үзээд төсөвт тодотгол хийсэн. Бондын тухайд УИХ-аас өгсөн үүрэг даалгаврын дагуу ажилласан” гэх мэтээр хариу тайлбар хийсэн. “Бид хууль зөрчөөгүй, эдийн засагт асуудал бий. Гэхдээ энэ нь 100 хувь Засгийн газрын буруу үйл ажиллагаанаас болоогүй. Гадаад, дотоод хүчин зүйл нөлөөлсөн” гэсэн юм. Ер нь бүх асуудал нэг өдөр, гэнэт бий болчихдоггүй. Гишүүдийн хэвлэлд өгсөн байр сууриас харахад олонх нь “Үндэслэл муу, тэгээд ч энэ хоёр сайд хамгийн сайн ажиллаж байгаа шүү дээ” гэсэн байна.

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг оруулахдаа ч сөрөг хүчнийхэн “Хоёр улсын харилцаанд сэв суулгахаар үг хэлсэн” гэх мэтийн хүч муутай үндэслэл авч байсан юм. Зургаан үндэслэл дэвшүүлснээ тэр нь түрүүчээсээ няцаагдах маягтай болоод ирмэгц завсарлага авч байгаад нэмж гурван шалтгаан оруулж ирсэн. Огцруулах, хариуцлага тооцох, улс төр хийх гэж байгаа бол няцаах аргагүй, тооцоо судалгаа сайн үндэслэл оруулж амыг нь таглах ёстой. Гэтэл МАН гаргасан шалтгаандаа бүдэрчих юм. Энэ удаа тэдний онцолсон хоёр сайдын нэг нь АН, нөгөө нь МАХН-ынх. Тэднийг огцруулах нь зөв гэж МАН-ын 26 гишүүн гарын үсэг зурсан. Дээрээс нь О.Баасанхүү л хань болж мэдэх бололтой. Бусад гишүүний хандлага “Асуудал бий ч огцруулах үндэслэл болохгүй, нэгийг нөгөөгөөр нь солилоо гээд байдал дээрдэхгүй” гэсэн байдалтай байгаа юм. Тэгэхээр МАН хэчнээн хүсээд ч “унагах” ирц хүрэхгүй. Үүний оронд зөвхөн АН-ын сайд нараас онцолсон бол эвсэл дотроос “урвах” хүн олдох магадлал нэмэгдэж болох байв. Дээрээс нь бие даагчдад ухуулга хийчихвэл МАН-ыг дэмжих хүний тоо өсөх байлаа. Гэтэл МАХН-ын Ч.Улааны асуудлыг хамт оруулчихсан учир хамтарч байгуулсан Засгийн газраас “шүд сугалах”- ыг дэмжихгүй нь мэдээж. Тиймээс сайд огцруулах эсэх асуудал нь УИХ-аар хэлэлцэх үндсэн асуудлыг долоо хоногоор хойшлуулж, төрийн ажилд саад болохоос хэтрэхгүй цагийн гарз болж хувирч буй юм. Мэдээж тэдний энэ алхам олонхид дохио өгч байна. Гэхдээ шийдвэр нь анхнаасаа тодорхой учир газар авч чадахгүй.

Өмнө нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хүсэлтээрээ албан тушаалаасаа татгалзахад АН-ын нэг суудал эзгүйрэх учир МАН гар өргөн дэмжиж байлаа. Гэтэл чуулган дээр Р.Амаржаргалыг гуравхан хүний саналын зөрүүгээр авч үлдсэн. МАН үнэхээр улс төр хийж чаддаг сөрөг хүчин байсан бол тэр өдөр 26 гишүүнээ 100 хувь цуглуулах байв. Гэтэл 5-6 хүн нь эзгүй байж таарсан. Тэд байсан бол өрсөлдөгчийнхөө нэг суудлыг хоослох боломж байлаа. 90 гаруй жилийн түүхтэй, олон жил төр барьсан атлаа МАН улс төр хийх талаар АН-аас үргэлж хоцордог. Баримт цуглуулах, тооцоолох талаар тус намын боловсон хүчин олонхио гүйцдэггүй бололтой. Цагийн гарз болсон буруу улс төр хийж “тоглоод” л энэ асуудал дуусна. Засгийн газрыг “унагах” арга чинь буруудаад байна шүү дээ, МАН-ынхаан.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.