Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БАЯРЫН СТЕЙК

Хүн бүрийн хүсэн хүлээдэг Шинэ жилийн баяр ойртож буй энэ үед эзэгтэй нар үр хүүхэд, зочдоо ямар хоол, зуушаар дайлах талаараа бодож байгаа байх. Тэгвэл мастер тогооч Н.Бумцэрэн үхрийн гол махан стейкийг хэрхэн бэлтгэх, түүнийгээ яаж баярын уур амьсгалтай чимж, үзэмжтэй харагдуулах арга зааж өглөө. Тусгайлан “Christmas” хэмээн нэрлэсэн уг хоол баяр дээр баяр нэмж, таашаал өгөх нь гарцаагүй.

Орц:

Мах-180 гр

Хаш-50 гр

Улаан лооль-50 гр

Төмс-120 гр

Цөцгий-60 гр

Бяслаг-10 гр

Цөцгийн тос-15 гр

Сонгино-10 гр

Мөөг-60 гр

Гурил-5 гр

Бууцайн навч-5 ш

Гахайн утсан мах-2 зүсэм

ХИЙХ АРГА:

Үхрийн гол махыг холбогч эд, хальснаас нь салгаж, бага зэрэг давтана. Үүнийгээ гахайн утсан махаараа зурагт заасны дагуу ороогоод, нарийн модоор шорлож, бэхлээрэй. 180 хэмд халаасан хайруулын тавагт махыг хийж, хоёр талаас нь тус бүр 7 минут шарж, хайрсан гадарга тогтооно. Үүнийгээ мөн л урьдчилан 160 хэмд халаасан шарах шүүгээнд хийж, 5-7 минут шарахад стейк бэлэн болно. Махыг хайруулын тавагт шарж байх явцдаа бага зэрэг давс, хар перцээр амтлаарай. “Grand lux” ресторан мах утагч төхөөрөмжтэй юм билээ. Тиймээс гахайн махыг өөрсдийн тусгай жороор амтлан, утсан нь “тасархай” болжээ.

За одоо, хачир бэлтгэе. Чанаж, хөргөсөн төмсийг сармис хэлбэртэй хэрчээд, бага зэрэг тосонд 10 минут шараад, давс, розмаринаар амтална. Энэ бол үндсэн хачир юм. Тогооч залуу туслах хачирт шарсан хаш, улаан лоолийг сонголоо. Тус бүр хоёр хэрчим лооль, хашийг 200 хэмд халаасан хайруулын тавагт хийж, хоёр талаар нь тав таван минут шарна. Үүн дээрээ жижиглэн үрсэн бяслаг тавиарай. Халуун ногооны ууранд бяслаг хайлаад, янзтай болох учиртай.

Энэ хоолны хамгийн чухал зүйл нь сүмс. Н.Бумцэрэн цөцгийнд жигнэсэн мөөгний сүмсийг санал болгов. Энэ бол францчуудын хамгийн өргөн хэрэглэдэг, бараг үндэснийх нь сүмс гэж байгаа. Хайруулын тавагт цөцгийн тос, жижиглэн хэрчсэн сонгиныг хийж 5-7 шараад, нимгэн хавтгай хэрчсэн мөөг нэмээд үргэлжлүүлэн 10 орчим минут шарна. Энэ үед таглаж хэрэггүй. Учир нь мөөг услаг учраас хайрсан гадарга тогтохгүй, “улцгар” болдог. Үүнийгээ бага зэрэг давсаар амталж, гурил, цөцгий нэмээд галаа зөөллөн, 5 минут жигнээрэй. Мөөгөнд цөцгийн амт шингээд салахын аргагүй юм билээ. Сүмс нэлээд өтгөн болохыг анхаарах хэрэгтэй. Ингэж бэлтгэсэн сүмсэнд хар талх дүрж идвэл янзтай. Мөн төрөл бүрийн махан хоолонд тун сайхан зохицох аж.

Одоо, хамгийн чухал чимэглэл буюу баярын уур амьсгал оруулах “гацуурын навч” бэлтгэе. Бууцайн навчийг угаагаад, усыг нь сайн арчиж аваарай. Тосыг 150 хэмд халаасны дараа навчнуудыг тэнийлгэн хийгээд галаа багасгана. 5 минутын дараа маш болгоомжтой эргүүлээд дахин 5 минут шарна. Ингэж шарсан навчны өнгө хар ногоон өнгөтэй болохоос гадна дарайгаад яг л цардсан мэт болох учиртай. Тосноос нь гаргахдаа мөн л болгоомтой байхгүй бол хугарч мэдэх юм билээ. Идэхэд шаржигнаад, яг л шарсан далайн байцаа шиг аманд уусаж, тун сонирхолтой, шинэлэг байсныг онцлох хэрэгтэй болов уу. Ингэж шарсан навчаар хоолоо хачирлахад яг л шинэ жилийн үдшийг санагдуулсан шүү.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.