Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.УДВАЛ САЙД НЭГ ХОРИГДЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ Л ХАМГААЛЖ БАЙЖЭЭ

 Өдгөөгөөс арван сарын өмнө Эрүүл мэндийн сайд Н.Удвал II эмнэлэгт хүнд өвчтэй хоригдлуудад зориулсан тусгай тасаг нээх шийдвэр гаргаж байсан. Түүний шийдвэрийг эмч мэргэжилтнүүд, олон нийт эсэргүүцсэн боловч тэрбээр “Гуравдугаар шатны эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай хоригдол олон бий. Хоригдол ч гэсэн хүн” гэж зүтгэсээр тус эмнэлгийн гуравдугаар давхрын 50 ортой тасгийн гурван өрөөний цонхонд торон хаалт хийлгэн, камержуулж дөнгөсөн.

Ийм шийдвэр яагаад гаргасан, цаашид хэрхэн ажиллах талаар 2013 оны нэгдүгээр сарын 18-нд түүний хийсэн мэдээллийг хүргэе. “2013 оны нэгдүгээр сарын 15-нд Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайд нар “Хүнд, онц хүнд гэмт хэрэг хийсэн хүн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт шилжин хэвтэж эмчлүүлэхийг хориглох” тухай журмыг хүчингүй болгосон. Уг журмыг анх тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа нар гаргаж байжээ. Энэ сарын 17-ны өдөр ЭМЯ-ны харьяа эмнэлгүүдийн удирдлагуудад тухайн эмнэлгийн харьяа нутагт ял эдлэж буй хүнд болон онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай бол чирэгдэлгүй үйлчлэх тухай захирамж хүргүүлсэн. Ингэж тусламж үйлчилгээ үзүүлсэн тухайгаа сар бүр яаманд мэдэгдэж байхыг үүрэгдсэн.

Хоригдлуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх болсон тухайгаа ШШГЕГ-ын дэд дарга н.Хосбаярт бичгээр хүргүүлсэн. Харин тэдний зүгээс “Нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж авах шаардлагатай 200 гаруй хоригдол байгаа бөгөөд тодорхой нэг эмнэлгийг хорих эмнэлэг болгон торлоод тэдгээр хүнийг дамжин өнгөрүүлж, эмчилье” гэсэн санал гаргасан. Тиймээс өнөөдөр Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж 401 дүгээр хорих ангийн нэгдсэн эмнэлэгт ажиллах хүчний нөөц, багаж тоног төхөөрөмж болон тусламж үйлчилгээг хүргэж чадаж байгаа эсэхийг шалган үнэлэлт өгөх Ажлын хэсэг гаргасан. Энэхүү Ажлын хэсэг энэ сарын 20 хүртэл ажиллаад Эрүүл мэндийн болон Хууль зүйн сайдын хамтарсан зөвлөлд шалгалтын дүнгээ танилцуулна. Шалгалтын дүнг харгалзан үзээд Монгол Улс ял эдлэж буй иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нэгдсэн бодлого болох юм” гэжээ.

Н.ЭНХБАЯРЫН БУЯНААР ХОЁР ХОРИГДОЛ “САЙД” НАРЫН ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЭД ГАРЧЭЭ

“Хоригдол ч гэсэн хүн. Тэд эрүүл мэндийн тусламж авах эрхтэй ” хэмээн ярьж байсан Н.Удвал сайдын ярианд итгэсэн хоригдлууд, тэдний ар гэрийнхэн баярласан нь лавтай. Олон нийтийн эсэргүүцэлтэй тулан байж байгуулсан нөгөөх тасагт нь МАХН-ын дарга Н.Энхбаяр, ШШГЕГын харьяа 401 дүгээр ангид ял эдэлж байсан хоёр хоригдлоос өөр хэнийг ч хүлээж авалгүй байсаар татан буулгажээ. Манай сурвалжлах хэсэг Улсын II төв эмнэлэгт очлоо. Тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал эмэгтэй “Би энэ тухай мэдэхгүй. Захирлаас асуу” гэв. Захирал Г.Баясгаланг дотуур ажилтай байгаа гээд туслах нь халгаасангүй. Поликлиник хариуцсан дэд захирал нь “Энэ тухай мэдэхгүй” гэхээс өөр зүйл ярьсангүй. Арван сарын өмнө хүнд өвчтэй хоригдлуудад зориулж нээсэн тасгийг Дотрын II тасаг болгон өөрчилсөн байв. Сувилагч бүсгүй “Манайх ялтнууд хүлээж авахаа болиод удаж байна. Н.Энхбаяр даргатай хамт хоёр хүн ирсэн. Түүнээс хойш нэг ч хүн ирээгүй. Одоо журмынхаа дагуу иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа” гэв. ШШГЕГ-ын албаны эх сурвалж “Тусгай тасагтай болох шийдвэр гарч байхад III шатлалын эмнэлэгт үзүүлж, эмчлүүлэх шаардлагатай 200 ялтан байсан. Гэхдээ нэг нь ч тэр тасагт эмчлүүлээгүй. Тасгаа татан буулгасан гэсэн. Нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай ялтнууд тусгай хамгаалалттайгаар II эмнэлэгт очиж байгаа” гэлээ.

Н.УДВАЛ: ТА НАРТ ӨӨР СОНИРХОХ ЗҮЙЛ АЛГА УУ

Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай холбогдон тусгай тасгийн талаар тодруулахад ихэд бухимдан “Та нар өөрсдөө очоод үзээч. Монголын төрд сонин зүйл их байна. Та нарт үүнээс өөр сонирхох зүйл алга уу” гээд утсаа тасалчихав. Арван сарын өмнө тэрбээр “Монгол Улс ял эдэлж буй иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нэгдсэн бодлоготой болно” хэмээн сэтгүүлчдэд ярьж байсныг тодхон санаж байна. Харин сайд хэлсэн үгээ мартсан бололтой. Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг нэг хүний төлөө зүтгэ гэж сонгоогүй. Эрүүл мэндийн салбарыг толгойлдог болсноос нь хойш энэ салбар уналтад орсон гэвэл дэгэсдүүлсэн болохгүй биз. Саяхан болтол хэд хэдэн эмнэлэг нь эзэнгүй, өөрийн гар хөл болсон хүмүүстээ эрх мэдэл олгосон нь салбартаа үнэнчээр ажиллаж буй эмч нарын эсэргүүцэлтэй тулж, бөөн асуудал үүсгэсэн ч одоо хэр нь шийдээгүй байна.


 Х.ОЮУН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.