Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОЮУНЫ СПОРТЫН ШИЛДГҮҮДИЙН ТЭМЦЭЛ ЭХЭЛЛЭЭ

Олон улсын спортын холбоодыг нэгтгэдэг байгууллага “Sport Accord”-ын ивээл дор жил бүр зохиогддог “World Mind Games” урд хөршийн нийслэл Бээжин хотноо болж байна. Тус наадам оюуны спортын үндсэн таван төрөл болох шатар, даам, го, сян-чи (хятад шатар), брижээр зохиогдож, төрөл бүрт дэлхийн шилэгдмэл 12-16 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээн өнгөрсөн пүрэв гаригт нээлтээ хийж, одоогоор зургаан багц медалийн эзэд тодроод байна. Наадмын шатрын рапид тэмцээн 12-13-нд болж, швейцарь оноолтын долоон тавилд өрсөлдөхөд эрэгтэйчүүдээс Ван Юэ (БНХАУ), П.Леко (Унгар), А.Грищук (ОХУ) 4.5, эмэгтэйчүүдээс В.Гунина (ОХУ) 6, Хоу Ифань (БНХАУ) 5, Жу Вэнжунь (БНХАУ) 4.5 онооны амжилтаар медаль байранд шалгарчээ.

Дэлхий даяар хамгийн олон хүн тоглодог хөзрийн тоглоом болох брижийн багийн тэмцээнд эрэгтэйчүүдээс Монако, эмэгтэйчүүдээс Хятадын тамирчид аваргалсан аж. Даамын тэмцээнд тив тивээс шалгарсан 16 тамирчин рапид, блиц, супер блиц гэсэн гурван төрлөөр өрсөлдөж байгаа юм. Шилдгүүдийн тулааныг интернэт болон телевизээр үзэгчдэд шууд хүргэх үүднээс, мөн шоу тоглолт гэдэг утгаараа энэ жилээс сонгомол тоглолтыг хасч дандаа түргэн тоглолтын төрлүүдийг оруулсан нь энэ. “World Mind Games”-т гурав дахь жилдээ дараалан хүчээ сорьж буй Ази тивийн дөрөв, улсын арван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Дөлийн Эрдэнэбилэг эхний тэмцээн буюу рапид тоглолтдоо тааруухан нүүж, сүүлчээсээ өмнөх байр эзэлжээ. Харин блицийн төрөлд тэрбээр боломжийн тоглож, эхний өдөр есөн өрөг тоглосноос хоёр хожиж, тав тэнцэн, хоёр хожигдон, тавин хувийн амжилт үзүүлээд байв. Өчигдөр буюу манай сонин хэвлэлтэд шилжиж байхад үлдсэн долоон өргөө тоглож дуусаагүй байсан юм.

Сонирхуулахад энэ наадамд Д.Эрдэнэбилэгээс гадна гурван ч монгол хүн оролцож байгаа аж. Тодруулбал даамын эмэгтэй төрөлд БНХАУ-ын харьяат, өвөрмонгол охин Г.Алтанхуар тоглож байгаа бол, Халимагийн төрийн тэргүүн асан, өдгөө FIDE-гийн ерөнхийлөгчийн албыг хашиж буй Кирсан Илюмжинов, Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны дэд ерөнхийлөгч, Азийн даамын холбооны ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ нар хүндэт зочноор уригджээ. Тэмцээн энэ сарын 18-нд өндөрлөх ажээ.

МЕДАЛЬ АВСАН ОРНУУД

Улсууд                Алт    Мөнгө    Хүрэл    Нийт

1.БНХАУ                 2         1             2           5

2.ОХУ                     2          –             2          4

3.Латви                   1          –            1           2

4.Монако                 1         –              –          1

5.Беларусь              –         1             –           1

5.Англи                    –         1             –          1

5.Унгар                     –         1             –         1

5.Голланд                 –         1             –        1

5.Польш                   –          1            –        1

10.АНУ                      –          –            1       1

 

 

 

Р.МАНЛАЙ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.