Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ЧИ МИНИЙ ТУХАЙ ШАЛ БУРУУ ОЙЛГОЛТТОЙ БОЛООД БАЙНА

” Энэхүү ярилцлага “Guardian” сониноос эрхлэн гаргасан “ХХ зууны алдартай ярилцлагууд” номонд багтжээ. Тус сонины сэтгүүлч Тэрри Колимэн 1971 оны арваннэгд үгээр сарын 2-нд “Төмөр хатагтай” гэгдэх Маргарет Тетчэртэй ийн ярилцсан аж.

…Аливаа хүн, тэр дундаа улстөрч биеэ барих чадвартай байх ёстой. Гэвч Консерватив намын төлөөлөгч, Боловсрол, шинжлэх ухааны сайд Маргарет Тетчерт энэ зан дутмаг байжээ. Хатагтай Тетчертэй би хэдэн хоногийн өмнө Засгийн газрын ордонд уулзсан юм. Намайг “Guardian” сонины сэтгүүлч гэж сонсоод арай өөр үзэл бодолтой байх гэсэн хүлээлт тээсэн нь гарцаагүй. Гэвч түүнтэй уулзахаасаа өмнө энэ хүний тухай сөрөг ойлголт, төсөөлөлтэй байснаа нуугаад яах вэ.

Өрөөнийх нь буйдан дээр бие бие рүүгээ хараад сууж байтал хатагтай Тетчер "Бид өнөөдөр ямар зорилготой уулзаж байгаа билээ" гэж яриаг эхлүүллээ. “Ярилцлага дээрээ үндэслээд таны намтрыг бичих гэж байгаа юм” гээд би аяархан хариулав. Хатагтай Тетчер алдартай шулуун зангаа гарган “Аливаа хүний намтар бусдын үгээр бичигдэхээрээ оновчтой болох нь ховор, их л хуурамч, зохиомол болдог” гэв. Үүнтэй нь ч би тодорхой хэмжээнд санал нэг байлаа. Анхны асуулт яагаад ч юм бүү мэд аавынх нь хүнсний дэлгүүрийн тухай байв. Асуултын хариуд “Тэр дэлгүүрт тамхи, чихэр, жимс зардаг” гээд маш тодорхой дүрслэн хэллээ. Хатагтай Тетчер тэнд хааяа худалдагч хийдэг байсан гэнэ шүү. Ер нь их чадварлаг, ажилсаг охин байсан бололтой. Бага наснаасаа сурлага, хөдөлмөрөөр бусдыгаа тэргүүлж, тэтгэлэг авч, том болоод Английн хамгийн том хоёр компанид химийн чиглэлээр ажиллаж байсан гээд бахархах зүйл ихтэй. Түүгээр ч зогсохгүй аавынхаа мэргэжилтэй ойр гэж хуульч болохоор суралцаж, хэцүү шалгалтуудыг бүгдийг нь давсан гэнэ. Хэдэн жилийн турш энэ чиглэлээр ажиллаж, чамлахааргүй амжилт олсон. Хувийн амьдралаа ч амжуулж. Газрын тосны компанийн захиралтай ханилж хоёр хүүхэд төрүүлсэн эх хүн.

Өнгөрсөн жил Боловсрол, шинжлэх ухааны сайд болсноосоо хойш их ч дайралтад өртөөд байгаа энэ дайчин бүсгүй Хатан хаантай нас чацуу гэдгийг дурдах ёстой байх. Хариуцсан яамных нь талаар ярихаар тэрбээр “Хүүхэд бүрт адилхан боловсрол олгохын оронд тэдний чадварыг харгалзан үзэх нь илүү зохистой, мөн эцэг, эх нь хүүхдүүдээ хувийн сургуульд явуулах эрхтэй" гэж их л итгэлтэй хэлэв. Энэ нь хувийн сургуулиудыг хаа гэсэн зарим хүмүүсийн шаардлагын хариулт бололтой. Ийм хууль хэрэгжвэл боловсрол, хувь хүний эрх чөлөөнд халдсан хэрэг болно гэж тодотгов. Бид хүмүүсийг яг ижил байшинд амьдар гэж шаарддагг үй биз дээ гэсэн зүйрлэлийг ч хэрэглэв. Бидний яриа өөрийн эрхгүй сүүний сэдэв рүү орлоо. Тетчер долоогоос дээш насны хүүхдүүдэд үнэгүй сүү тараахаа больж, хоолны үнийг нь өсгөсөн. Энэ нь ч олон хүний дургүйцлийг хүргэж, түүний дайсны тоог хэдэн арваар нэмсэн. Харин Тетчер өөрийн энэ шийдвэрээ “Хүүхдүүдэд илүү чанартай боловсрол олгохын тулд ямар нэг зүйлд мөнгө хэмнэх хэрэг гарсан. Тэгээд ч хоолны үнэ өсөх нь цаг хугацааны асуудал юм. Энэ шийдвэрийг эрт гаргаснаар хор уршиг багатай хэмнэлтийг хийж чадсан” гэж өөрийгөө өмөөрөв. “Сэтгүүлчид сайн зүйлсийг олж харахын оронд муу талаас нь харах дуртай хүмүүс гэдгийг би ойлгож байгаа” гэж хэлээд амжлаа. Ихээхэн шүүмжлэлд өртсөн энэ шийдвэр нь есөн сая фунт хэмнэж, 75 шинэ сургууль барих хөрөнгийг бий болгосон учраас харамсах зүйл байхгүй аж. Зарим нэг ээж хүүхдүүддээ сүү авч өгөх чадваргүйг би сайн мэднэ. Харин Тетчер “Тэр хүмүүс бол олонх биш цөөнх. Цөөнхийн төлөө бүх хүнд үнэгүй юм өгөх, тараах ёсгүй” гэсэн байр сууринаас ханддаг аж. “Зарим нэг ээж хүүхдээ буруу хүмүүжүүлдэг гэсэн шалтгаанаар бид төрсөн хүүхэд бүрийг ээжээс нь салгадаггүй биз дээ” гэв.

Газрын тосны компанид ажилладаг нөхөртэй сайд бүсгүй ядуусын амьдралыг ойлголгүй дэндүү харгис хандсан мэт санагдлаа. Гэвч хатагтай Тетчерийн хувьд энэ шийдвэр харгис биш шударга гэнэ. Тэрбээр долоо хоногт найман фунтийн ажил хийн голоо золгодог байсан үеэ дурсан мөнгөгүй амьдралын хэцүү хүндийг мэддэг гэж надад учирлалаа. Гэхдээ түүний дурсах энэ амьдралыг үгээгүй ядуу гэж хэлэхэд хэцүү л дээ. Миний яриад байгаа хүмүүсийн өдөр тутмын амьдралыг тэр ойлгохгүй байгаа бололтой. Ямар ч хоолгүй байхын зовлон их өөр шүү дээ.

Хатагтай Тетчер намайг өөрт нь дургүй учраас албаар унагаах зүйлийн тухай асуугаад байна гэсэн дүгнэлтэд хүрэв. Түүний оронд өөр хэн ч байсан би яг л ийм асуултууд тавих байсан. Манай гэрийн дэргэдэх сургуулийн хүүхдүүд “Хатагтай Тетчер сүүний хулгайч” гэж ярьдгийг хэлсэн бол тэр ойлгох л байсан биз. Гэхдээ надад үүнийг хэлэх зүрх хүрсэнгүй.

Ярилцлага дуусах үед тэр ихэд дургүйцсэн бололтой. Асуулт бүрийг өөр рүү нь дайрч давшлах оролдлого хэмээн хүлээж авах болсон байлаа. “Чи миний талаар шал буруу ойлголттой болоод байна. Учир нь чи намайг арьс махгүй араатан мэт ойлгогдохоор ярьж байна шүү дээ. Чиний бичих намтар намайг ядуусыг доош нь хийх нэгэн гэж дүрслэх нь гарцаагүй” гэлээ. “Би боловсролын салбарыг сонирхдог жирийн нэгэн эмэгтэй болохоос зөвхөн мөнгөтэй амьдралыг мэддэг, зүрх сэтгэлгүй нэгэн биш. Амьдралын бүх түвшинд амьдарч үзсэн учраас хүмүүсийн зовлонг сайн ойлгодог” гэж хэлэв. Даанч энэ богинохон хугацаанд энэ зан чанарыг нь намайг олж харахгүй гэдэгтэй эвлэрсэн бололтой.

“Намайг сайн юм бичнэ гэсэн найдвар танд огт алга уу” гэсэн сүүлчийн асуултаа тавилаа.

Гэтэл тэр тоосон шинжгүй чанга чанга инээгээд “Дусал найдвар ч алга. Гэхдээ үүнд би шантрахгүй ээ, чамтай адил үзэл бодолтой хүмүүс их л дээ. Гэвч юу ч болж байсан ухрахгүй шүү Маржи гэж хэлэх хүмүүс ч бий” гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.