Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Талийгаачийн ахтай хамт Малайз явах ХЗЯ-ны ажилтан мөнгөгүй гээд гурав хонолоо

Малайз улсад амиа алдсан Б.Энхтуяагийн шарилыг авчрахаар ээж, ах хоёр нь явах гээд өдий болтол чадаагүй байна. “Нэгэнт дүүтэйгээ амьд байхад нь уулзаж чадаагүй учраас шарилыг нь хурдхан аваад ирье гэж анх бодсон ч дүү маань “Намайг үхсэн гэж зарлаад зарлаа” гэж хэлсэн учраас дүүгийн маань эд эрхтэнийг авчихсан байж магадгүй, цагдаа, хүний эрхийн байгууллагын ажилтантай хамт очих нь зөв гэж бодсон” хэмээн Б.Батзориг анх уулзахдаа ярьсан юм. Тэрбээр ээж, дүүтэйгээ хамт Хүний эрхийн үндэсний комисст өргөдөл гаргаж, тухайн орны хэлийг мэдэхгүй учраас Малайзын Хүний эрхийн байгууллагынхантай холбоо барин, тэнд очиход нь орчуулагч гаргаж өгч туслах, Малайзын цагдаагийн байгууллагад хамт очих боломжтой эсэхийг лавлаж өгөхийг хүссэн юм. Энэ дагуу ХЭҮК-ийнхон өнгөрсөн долоо хоногт талийгаачийн ар гэрийнхнийг байлцуулан, Малайзын Хүний эрхийн байгууллагатай холбоо тогтоож, асуудлыг танилцуулсан ч эрх бүхий албан тушаалтнууд нь эзгүй, Хүний эрхийн олон улсын өдрийн арга хэмжээнд оролцоод ажил дээрээ байгаагүй. “Өнөөдөр” сонинд арванхоёрдугаар сарын 9-ний даваа гаригийн дугаарт гарсан “Малайзчууд дахиад монгол бүсгүйн амиар наадлаа” гэсэн гарчигтай нийтлэлийн мөрөөр Хууль зүйн яамныхан мөн л өнгөрсөн долоо хоногт талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзав. ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл тэднийг хүлээн авч уулзаад нэг ажилтнаа Малайз руу хамт явуулахаар болжээ.

Тайландын Бангкок хотод суугаа Монголын ЭСЯ-ны нэг ажилтан тэднийг Бангкокт тосон авч, Малайз руу хамт явахаар болсон байна. Уг нь Б.Батзориг 3-4 хоногийн өмнө буюу энэ сарын 12-13-нд Малайз руу явахаар төлөвлөж байсан юм. Гэтэл ХЗЯ-ны нэг ажилтан хамт явахаар болсон тул түүнийг хүлээгээд хоног хугацаа алдсаар байна. Уг ажилтан байгууллагаасаа томилолт, замын зардлаа авах ёстой ч тус яамны Төрийн нарийн бичгийн дарга эзгүй гэдэг шалтгаанаар мөнгө авч чадалгүй өнөөдрийг хүргэчихжээ. Эрүүгийн цагдаагийнхан “Хүн гүтгэх хуультай шүү. Хүн зарж байхыг нь чи харсан юм уу” гэж загнасаар цаг үрж, тэр хооронд хөөрхий бүсгүй амиа алдчихсан. Харин одоо Хууль зүйн яамныхан замын зардалгүй гэж суусаар талийгаачийн шарилыг ч авчирч чадалгүй хоцрох янзтай. Ирж авахгүй байна гээд чандарлачихыг үгүй гэх аргагүй. Дүүгийнх нь эд эрхтэнийг авчихсан байж магадгүй гэж сэжиглээд л Б.Батзориг хууль хяналтын байгууллага, хүний эрхийн хэн нэг ажилтантай тийш явахыг хүссэн юм. Төрийнхний энэ яст мэлхийн хурдаар бол эд эрхтэнийг нь бүрэн бүтэн эсэхийг ч шалгаж чадахгүй, чандар л тэвэрч үлдэх нь.

ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг “Ийгл” телевизэд ярилцлага өгөхдөө “Эрүүгийн цагдаагийн газарт ийм хариуцлагагүй хүн ажиллаж байгаад харамсаж байна. Чухал асуудал хариуцдаг ажилтан хүний амь настай холбоотой асуудалд ингэж хандаж болохгүй” хэмээн мэдэгдсэн. Манай цагдаагийн байгууллагад ийм хүмүүс ажилладаг нь хачирхалтай. Талийгаачийн ээж Б.Шархүү 2012 оны тавдугаар сард хэсгийнхээ цагдаад “Охины минь сургийг гаргаж өгөөч” гэж өргөдөл өгсөн байсан. Төрийн байгууллагуудын аль нь юугаа хариуцдагийг мэдэхгүй эмэгтэй өөрийнхөө мэддэг цагдаад л хандсан нь тэр. Цагдаагийн тусламж авах хэрэг гарвал хэсгийн цагдаатай уулзах ёстой гэж өдий хүртэл ойлгож явсан тэр эмэгтэйн буруу юу байхав. Харин өнөө цагдаа нь өөрийнхөө эрх мэдэл хүрэхгүй зүйлийг шийдэж чадах юм шиг царайлаад өргөдлийг нь авчихсанд асуудал байгаа юм. Ядаж авчихсан өргөдлөө дүүргийнхээ Цагдаагийн хэлтэст аваачиж өгөлгүй, гурван сар ширээндээ хав даржээ. Одоо шийдсэн байх гээд өргөдлийнхөө хариуг авахаар очиход нь буцаагаад өгчихөж. Түүний оронд анх өргөдөл өгөхөөр очиход нь “Ийм өргөдлийг Эрүүгийн цагдаагийн газарт өгөх ёстой” гээд заагаад явуулсан бол…гэж бодохоос дотор харлана. Гэтэл тэгж хэлээгүй учраас Б.Шархүү яг нэг жилийн дараа буюу 2013 оны тавдугаар сард дахиад л хэсгийн цагдаадаа өргөдөл, Б.Энхтуяа охиныхоо иргэний үнэмлэхний хуулбарыг найман ширхэг гэрэл зурагтай нь хамт өгсөн байв. Хүний амь нас хутганы ирэн дээр байгаа тийм цаг үед хэсгийн цагдаа руу өргөдөл бариад алхах цаг хугацаа хайран.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс харин ЭЦГ-ынхнаас дээр. 2013 оны наймдугаар сард өргөдөл өгөхөд нь Б.Энхтуяаг Улаанбаатараас БНСУ руу нэвтэрснийг тогтоож, ар гэрийнхэнд нь хэлсэн байв. Хоёр сарын дараа дахин өргөдөл өгөхөд нь “Дахин өргөдөл ирлээ. Яаралтай арга хэмжээ ав” гээд ахмад Б-д хариуцуулжээ. Аравдугаар сарын 13-нд өөрийгөө Т гэж танилцуулсан нэг залуу утсаар ярьж "Би Энхтуяагийн найз залуу байна. Иргэний үнэмлэхийг нь авч, и-мэйлээр өгч явуулмаар байна" гэхэд нь ар гэрийнхэн нь түүнтэй маргааш нь 14.00 цагт Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын ойролцоо уулзахаар тохироод цагдаад мэдэгджээ. Маргааш нь түүнтэй тохирсон цагтаа болзсон газраа уулзахад тус дүүргийн цагдаагийн ажилтан ирж, Т-г саатуулан шалгасан байна. Энэ бол Баянзүрх дүүргийн цагдаа үүргээ гүйцэтгэснийг харуулж буй үйл явдал. Тухайн өдрийн 16.00 цагийн үед Б.Энхтуяаг Малайзаас ярихад ах нь Т-гийн талаар хэлжээ. Гэтэл дүү нь “Т ямар ч хамаагүй. Би таныг и-мэйлээр иргэний үнэмлэх явуулж чадахгүй байх гэж бодоод түүнийг гуйсан юм. И-мэйлээр иргэний үнэмлэх ирвэл энд байгаа хүмүүс гадаад паспорт гаргаж өгье гэсэн. Тэгээд би Монгол руу удахгүй очно” гэж ярьжээ. Ингээд Т-г явуулсан байна. Алдсан хүн арван тамтай, авсан хүн нэг тамтай гэдэг л энэ биз. Дүүг нь зарчихсан хүний наймаачдыг олохын тулд ар гэрийнхэн нь бүх л чадлаараа мэрийж, сэжиглэж болох хүн бүрийг сэжиглэсэн нь тэр.

“Эрүүгийн цагдаагийн газарт өргөдөл өг” гэж зөвлөсний дагуу 2013 оны аравдугаар сарын 4-нд ЭЦГ-т өргөдөл, Б.Энхтуяагийн явуулсан мессеж, бусад мэдээлэл, иргэний үнэмлэхний хуулбар, 16 ширхэг гэрэл зураг, бусад шаардлагатай гэсэн баримт материалыг өгчээ. Б.Энхтуяа арваннэгдүгээр сарын 6-ны үед эгчийнхээ охин А-тай фэйсбүүкээр харилцаж, өөрийг нь худалдсан ихэр монгол бүсгүйчүүдийн зургийг өгсөн байдаг. Тухайн оройдоо Б.Шархүүгийн зээ нь ЭЦГ-ын ахлах дэслэгч Т-тэй утсаар ярьж, болсон явдлыг хэлээд яаралтай туслахыг хувийн шугамаар гуйжээ. Гэтэл энэ ярианаас хойш цагийн дараа ахмад Н 9924…….дугаарын утаснаас талийгаачийн ар гэрийнхэн рүү залгаж, “Чи битгий үлгэр зохиож яриад бай” хэмээн уурлан загнасан байна. Тэр ч байтугай Б.Энхтуяагийн Малайзын дугаар луу залгаж, “Ээж, эгч нарыгаа юу гэж цагдаагаар явуулж, маяглаад байгаа юм бэ, насанд хүрчихээд. Чи өөрөө дураараа явж байгаа биз дээ” гэж загнасан гэдэг.

Үүний маргааш нь Б.Батзориг төрсөн дүүтэйгээ хамт ахмад Н-тэй уулзаж, өнөө хүний наймаачин байж болох хүүхнүүдийн зургийг өгөхөд “Хүний наймаа гэдгийг нь та нар яаж мэдэж байгаа юм. Зарж байгааг нь та нар харсан юм уу. Хүн гүтгэх хуультай байдаг юм шүү” гэж загнахаар нь Б.Батзориг “Энэ талаар өөр хандах газар байгаа юу. Бид асуудлаа цагдаад хэлж шийдүүлэх гэж байхад” гэж хэлжээ. Гэтэл Н “Та нар яваад үз. Буцаад над дээр л ирнэ биз” гэж хэлсэн гэнэ. Үүний дараа ээжээр нь “Хүүхдийг минь авчраад гадаад паспортад нь хар тамга дарчихвал гомдолгүй” гэсэн өргөдөл бичүүлж аваад интерполд мэдэгдэнэ гээд явуулжээ.

Арваннэгдүгээр сарын 14-ний өглөө 07.00 цагийн үед Малайзаас 60166386836 дугаарын утсаар малайз хүн залгаж, ойлгогдохгүй зүйл ярьж байгаад тасалжээ. Үүнийг 10.00 цагийн үед ахмад Н-д очиж мэдэгдэхэд “Монгол хүн малайз хэлээр аялгуутай ярьж байгаа биз. Гадаад хүн тань руу юу гэж залгах вэ дээ. Санаа зоволтгүй. Та тайван бай. Интерполоос одоохон хариу ирнэ, хүлээж бай. Би өөрөө маргааш Тайланд руу сургалтад явна. Намайг орлож, ахлах дэслэгч Т үлдэнэ. Та энэ хүнтэй холбогдож байгаарай" гэж хэлээд буцаажээ.

Эрдэнэт хүмүний алтан амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад ЭЦГ-ын ажилтан яаж хандсаныг уншигч та үүнээс өөрөө дүгнэх биз ээ. Б.Энхтуяа одоо хүн төрөлхтний дунд байхгүй. Малайзчууд түүнийг Ш.Алтантуяагийн араас явуулчихсан.


 Б.БУЛГАН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.