Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“АЛТАН БӨМБӨГ” ХҮРТЭЖ ҮЗЭЭГҮЙ ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГЧИД

 2013 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн санал асуулгад “Реал”-ын Криштиану Роналду, “Барса”-гийн Лионель Месси, “Бавари”-гийн Франк Рибери нар тунан үлдсэн болохыг FIFA-гаас мэдэгдлээ. Энэ гурвын аль нэг нь өнөө жилийн шилдгээр тодорно гэсэн үг. Хэрвээ Рибери “Алтан бөмбөг” гардвал шинэ аварга мэндлэх болно. Шилдэг гурван хөлбөмбөгч тунан үлдсэнтэй холбогдуулан тухайн цаг үедээ хурц од байсан ч Европын шилдэг хөлбөмбөгчний “Ballon d’Or” шагналыг авч чадаагүй хөлбөмбөгчдийг танилцуулья.

ФЕРЕНЦ ПУШКАШ

Унгарын домогт хөлбөмбөгч 50-иад оны сүүл, 60-аад оны эхээр мандан бадарч явсан ч Европын шилдэг хөлбөмбөгчний “Ballon d’Or” шагналыг авах хувь байсангүй. “Реал”-ын довтлогч маань 1960 онд овоо боломжтой байсан ч “Барса”-гийн Луис Суарест шагналыг алджээ.

САНДРО МАЦЦОЛО

Италийн плеймейкер Маццоло бүх л карьерийнхаа турш “Интер”- т үнэнчээр хүчин зүтгэсэн. 1968 онд Италийн шигшээгийн хамтаар Европын аварга болоход түүнд боломж гарч ирсэн. Гэвч “МЮ”-ын хоёр тоглогч Ж.Бест, Б.Чарльтон нар санал асуулгыг өнгөлсөн юм.

ЖАЧИНТО ФАККЕТТИ

Жигүүрийн хамгаалагч довтолгоонд идэвхтэй оролцох үндэс суурийг тавьсан хүн бол Факкетти. Тэрбээр мөн л “Интер” гэсэн ганц багт тоглосоор зодог тайлсан юм. 1965 онд Европын шилдэг хөлбөмбөгчний санал асуулгад “Хар ирвэс” Эйсебиогийн ард бичигджээ. БОББИ МУР Английн шигшээ болон “Вест Хэм”-ийн домогт ахлагч тэрбээр Британийн хөлбөмбөгийн түүхэн дэх шилдэг хамгаалагчид тооцогддог. 1970 он түүний хувьд “Алтан бөмбөг” гардах хамгийн боломжтой үе байсан ч Г.Мюллерээс долоохон оноо хоцрон дэд байрт бичигдсэн удаатай.

ЙОХАН НЕЕСКЕНС

Түгээмэл хөлбөмбөгийн эхийг тавьсан Голландын шигшээ болон “Аякс” багийн тодхон төлөөлөл нь тэр байлаа. Гэхдээ тэр хувийн шагнал бараг авч байгаагүй нь харамсалтай.

ФРАНКО БАРЕЗИ

XX зууны Италийн шилдэг хөлбөмбөгч тэрбээр санал асуулгын эхний гуравт ч багтаж байсангүй. Тухайн үед хамгаалагчдыг өндрөөр үнэлдэггүй байсан болохоор үүнд гайхах явдалгүй биз ээ.

ГАЭТАНО ШИРЕА

Италийн бас нэг шилдэг хамгаалагч. Тэрбээр хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн ухаалаг хамгаалагчдын нэг хэмээн үнэлэгддэг. Ширеа Италийн шигшээгийн хамтаар 1982 оны ДАШТ-д түрүүлж, “Ювентус”-ын хамтаар Италийн аварга цолыг долоон удаа хүртсэн юм.

МИКАЭЛЬ ЛАУДРУП

Данийн шилдэг хагас хамгаалагч Лаудруп 1985-95 оны хооронд оргил үеэ үдсэн. Гэвч тэр үед ван Бастен, Гуллит, Маттеус, Папен зэрэг хүчтэй өрсөлдөгч байсан тул дундуур нь шургалж чадаагүй юм.

ЮРГЕН КЛИНСМАН

1995 оноос “Алтан бөмбөг” шагналыг Европт тоглодог л бол өөр тивийнх ч байсан хамаагүй олгодог болсон. Ингэснээр Либерийн Жорж Веа анхны азтан болсон юм. Хэрвээ энэ дүрэм гараагүй бол Клинсман гарцаагүй шилдгээр тодрох байлаа.

ПАОЛО МАЛЬДИНИ

Италийн шигшээ болон “Милан”-ы домогт хамгаалагч тэрбээр шигшээ багийнхаа хамтаар том тэмцээнд түрүүлж чадаагүй тул шилдгээр шалгарах боломж хомс байв.

ТЬЕРРИ АНРИ

Тэрбээр дэлхий болон Европын аварга, Аваргуудын лиг, Франц, Англи, Испанийн лигийн аварга, шилдэг довтлогчийн “Алтан шаахай”- н эзэн гээд баялаг намтартай. Гэвч Европ, дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр шалгарч чадалг үй байсаар оргил үеэ үдлээ. Тэрбээр санал асуулгад нэг удаа хоёрт, нэг удаа гуравт бичигдэж байв.

РАУЛЬ

Тэрбээр “Реал”-д гялалздаг байсан ч Испанийн шигшээд гавьяа байгуулж чадаагүй. Энэ нь “Алтан бөмбөг” авч чадаагүйн гол шалтгаан биз ээ. 2001 он түүний хувьд хамгийн том боломж байсан ч Майкл Оуэноос 36 оноо хоцрон хоёрт орсон юм.

ДЕННИС БЕРГКАМП

Голландын ухаалаг довтлогч Бергкамп 1993 оны санал асуулгад дэд байр эзэлсэн нь хамгийн том амжилт байлаа.

РОБЕРТО КАРЛОС

Бразилийн түүхэнд тодоор бичигдэн үлдэх тэрбээр 2002 онд Европын шилдгийн төлөө Роналдотай ширүүн өрсөлдөөд хоёрт орж байжээ. Мөн 1997 онд FIFA-гаас зарладаг дэлхийн шилдэг хөлбөмбөгчний сунгаанд дэд байр эзэлсэн түүхтэй.

ДЭВИД БЕКХЭМ

Дэвид “МЮ”-ын хамтаар олон олон цом хүртсэн ч Английн шигшээд том тус хүргэж чадалгүй байсаар зодог тайлсан нь харамсалтай. “Юнайтед”-ын хамтаар трипл хийсэн 1999 онд түүнийг шилдгээр тодрох байх гэж олон хүн найдсан ч шагнал Ривалдод очсон юм.

ИКЕР КАСИЛЬЯС

Тэрбээр Испанийн шигшээ болон “Реал”-ын хамтаар байж болох бүх л тэмцээнд түрүүлсэн. Гэвч хаалгачдын гавьяа довтлогч, хагас хамгаалагчдын сүүдэрт үргэлж дарагддаг учир санал асуулгад олон оноо цуглуулж үзээгүй.

АЛЕССАНДРО ДЕЛЬ ПЬЕРО

“Юве”-гийн домогт ахлагч маань Европын шилдгийн санал асуулгын эхний гуравт орж үзээгүй нь гайхалтай.

ЖАНЛУИЖИ БУФФОН

Түүний шагнал аваагүй шалтгаан нь Касильясынхтай төстэй. Гэхдээ Касильясыг бодвол 2006 онд шилдгийн төлөө нэг багийн Каннаваротай өрсөлдөж, хоёрт орж байв.

ФРЭНК ЛАМПАРД

Талбайд гарах бүртээ багт эерэгээр нөлөөлдөг Лампард 2005 онд шилдгийн төлөө хүчтэй өрсөлдс өн. Гэвч тухайн үед Роналдиньо “Барса”-д гайхамшгийг бүтээж байсан тул хоёрдугаар байр эзэлсэн юм.

ХАВИ БОЛОН ИНЬЕСТА

Энэ хоёр залуу Испанийн шигшээ болон “Барса”-гийн довтолгоог найруулдаг гол хөдөлг өгч хүч нь. Гэвч Л.Месси хэмээх агуу хөлбөмбөгчинтэй нэгэн үед тоглож байгаа учир тэдэнд ямар ч боломж гараагүй юм.

 

Б.ЭНХЖИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.