Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Р.АМАРЖАРГАЛЫГ АЖИЛД НЬ “АРГАМЖИХ” ШИЙДВЭР ГАРГАВ

 “Булингартсан” төрийн өмнөөс хариуцлага хүлээж, улстөрчийн соёл байдгийг харуулахын тулд УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх гэсэн Р.Амаржаргалын хүсэлтийг парламент хүлээж авсангүй. Сөрөг хүчнийхэн болон Ж.Батзандан гишүүн түүний шийдвэрийг дэмжиж байсан бол бусад нь яагаад УИХ-д үлдэх ёстойг нь ухуулж байлаа. Сандал, суудал тойрсон асуудал хэлэлцэхээр гишүүдийн идэвх эрс сэргэдэг уламжлал ёсоор энэ өдөр 65 хүн ажилдаа иржээ. Төрийн байгуулалтын байнгын хороогоор энэ талаар хэлэлцэх үед гишүүн Р.Амаржаргал дөрвөн ч үндэслэл дэвшүүлж, шийдвэрээ хамгаалсан билээ. Энэ талаараа тэр дахин сануулав. “Хариуцлагын тогтолцоо байхгүй бол улс орон, ялангуяа Засгийн газрын ажил урагшлахгүй. Өнөөдөр Засгийн газар нь хариуцлага алдсан сайдынхаа асуудлыг оруулж, УИХ нь түүнийг хэлэлцэх боломж байгаа юу. Лообийны бүлэгт хуваагдчихсан УИХ-аар үүнийг ярих хэцүү. Манайд хариуцлага тооцох механизм алга. Мөн ёс суртахууны элемент гэж байхгүй, бүхнийг мөнгөөр, эрх ашгийн үүднээс шийдэж байна. Ардчиллын амин сүнс бол зөвшилцөл. Гэтэл зөвшилцөж чадахгүй юм. Боловсон хүчний системээ цэгцлэх ёстой. Ийм дөрвөн гол асуудлыг би хөндсөн юм. Энэ бүхний өмнөөс хариуцлага хүлээе гэсэн” гэлээ.

О.Баасанхүү: -Таны шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. “Ашиг сонирхлын зөрчилтэй олигархиуд, эх орон гэж хашгирагчдад хөтлүүлэх ёсгүй” гэж Та Байнгын хороон дээр хэлсэн. Гэхдээ гарч явснаараа болохгүй бүхнийг шийдчихгүй. Тиймээс тусдаа нам байгуулж буруу бүхэнтэй зөв аргаар тэмцэх бодол байна уу?

Р.Амаржаргал: -За даа, юу л бол доо. Би хангалттай олон нам байгуулахад оролцсон. Эхлээд Монголын үндэсний дэвшлийн намыг байгууллаа. Дараа нь МҮАН бий болоход хувь нэмрээ оруулсан. 2000 онд таван нам нэгдэж, одоогийн АН-ыг байгуулахад ч гардан оролцсон. Нэг хүний хувьд одоо нам байгуулахад хангалттай байх.

Д.Хаянхярваа: -Р.Амаржаргалын шийдвэр буруу, зөв гэхээс илүү дэвшүүлсэн асуудлыг нь судлах талаар Байнгын хороон дээр ярьсан уу?

А.Бакей: -Манай төрийн тогтолцоонд болохгүй юм бий. Гишүүний дэвшүүлсэн үндэслэлийн талаар бүгд байр сууриа илэрхийлсэн. Р.Амаржаргалыг чөлөөлсөнч, үгүй ч хөндсөн асуудлыг нь төрийн ажилд тусгахад анхаарна. Байнгын хорооноос ирэх долоо хоногт энэ асуудлаар тогтоолын төсөл гаргахаар ажиллаж байна.

Ё.Отгонбаяр: -Сэтгэл зовмоор үндэслэл хөнджээ. Зөвшилцөл гэж одоо байна уу. Та намынхантайгаа зөвшилцөж чадахгүй байхад нам хооронд үүнийг хийж чадах уу. Буруутай хүмүүсийн өмнөөс та хариуцлага хүлээх зөв юм уу. Гишүүн байсан ч, больсон ч энэ асуудлаар санаачилга гаргаад хамтран ажиллаж чадах уу?

Р.Амаржаргал: -Зөвшилцөж чадах ёстой. Би энэ үйлдлээрээ улс төрд хариуцлага хүлээх соёл байх ёстойг харуулах гэсэн юм.

Р.Гончигдорж: -Та миний, бас бусдын өмнөөс, Засгийн газар, АН-ын өмнөөс ч хариуцлага хүлээх хэрэггүй. Бид 16 нас хүрээгүй, хариуцлага хүлээх чадваргүй хүн биш. УИХ-д олон удаа сонгогдсон, алдаа гаргасан бол хариуцлага хүлээж чаддаг, чадах хүмүүс. Тантай хамт олон жил ажилласны хувьд үүнийг хатуу хэлье. Таныг төрд хэрэгтэй гэж хүндэлдэг ч хэрэгтэй үед алдсан хүн шүү. Нэг удаа таныг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд “Шударга байх ёстой, би өөрөө санал хураалтад оролцохгүй” гэснээс болоод 50:50 хувиар тэнцсэн. Үүнээс болоод олон ч Засгийн газар солигдсон. Үүнийг шударга байх гэдэггүй юм. Болохгүй байна гээд явах биш, тоосонд нь булуулаад хамт зүтгэж байж шийддэг. Та АН-д, улс оронд хэрэгтэй улстөрч. УИХ-ын гишүүний нэг суудал намд үнэхээр үнэ цэнэтэй. Тэгээд ч таныг гаргах гэж нам олон жил ажилласан, иргэд сонгосон. Тиймээс нэр дэвшүүлсэн нам суудлаа хадгалах, хүсэлтийг чинь хүлээж авахгүй байх эрхтэй. Та өөрийн гавьяагаар биш, олон хүний хүч хөдөлмөрөөр УИХ-ын гишүүн болсноо ухаарах ёстой. Бүр болохгүй бол, “Хамтаръя” гээд уриалаад байгаа МАН-д ороод яв л даа.

Ж.Батзандан: -Түүнээс бид сургамж авах ёстой. Таны үндэслэлээс шударга ёстой, эх оронч сэтгэлтэй хүмүүс төрд гадуурхагдаж, эрүүл ухаанаар биш, бөө мөргөл шүтэж асуудалд ханддаг хүмүүс гарсныг ойлголоо. Нам нэртэй бүлэг этгээдийг эсэргүүцсэн, шударга ёсны төлөөх үйлдлийг чинь дэмжинэ. Авлигын эсрэг тэмцлээ бүү зогсоогоорой, танд амжилт хүсье.

Ц.Нямдорж: -АН урвасан хүмүүстэй нийлж олонх болчихоод одоо шударга ёсны төлөө тэмцсэн хүнийг баалж буй чинь таалагдахгүй байна. Танай нам ер нь ийм шүү дээ. Ардчилал, шударга ёс тогтооё гэсэн, үйл ажиллагааг чинь шүүмжилсэн гишүүдээ хэвлэлээр төлбөртэй мэдээлэл тарааж баалдаг. Р.Амаржаргалын ярьж байгаа асуудал буруу юу. Ингэж баалж байж авч үлдчихээд дараа нь яаж ажиллуулах юм. У.Хүрэлсүх хүсэлт тавихаар долоо хоногт шийдчихдэг. Р.Амаржаргалын хүсэлтийг болохоор сар уядаг. Хүсэлтийг нь ёсоор болго, сэтгэлгүй хүнийг энд суулгаж яадаг юм. Та нарыг лааз өшиглөөд явж байхад Р.Амаржаргал чинь бие даан сонгогдож байсан хүн. АН-тай, АН-гүй сонгогдсон, юм үнэнээрээ сайхан.

Г.Уянга: -Популист төр байгаа нь үнэн. Гэвч таны хийж буй энэ үйлдэл ч бас нэг төрлийн популизм шүү. УИХ-д цөөнхийн доторх цөөнх гэж байдаг. Улс төрийн зөв соёл бий болгох ёстой, зөв бодолтой цөөнхөөс нэг нь хорогдож буйд харамсаж байна.

Д.Батцогт: -Таны хэлсэн олон зүйлтэй санал нэг байна. УИХ олхиогүй ажиллаж байгаа. Гэвч үүнийг л зас гэж сонгогчид биднийг ийш илгээсэн. Мань мэтийн шинэ гишүүдийг манлайлаад өөрчл өлтийн төлөө ажиллах ёстой хүмүүсийн нэг нь Та. Явснаар бүхнийг шийдэхгүй. Үүний цаана сонгогчдын итгэл, сэтгэл байгаа.

Д.Лүндээжанцан: -Төрөөс хариуцлага нэхэж, цочроо өгөхийн тулд Р.Амаржаргал УИХ-ын гиш үүний бүрэн эрхээрээ барьцаа тавьж байна гэж “уншаад” байгаа. Магадгүй гишүүнээсээ татгалзах нь түүний эцсийн арга байх. Овоо босгосон учраас л шаазгай суусан, тэр ийм шийдвэр гаргасан. Овоо нь энэ УИХ дотор ч бий. Олонх үүнийг анхаарч, ухаан гаргамаар байна.

С.Дэмбэрэл: -Асуудлыг зугтаж биш, зулгааж шийддэг. Эрэлт байгаа ч нийлүүлэлт удаан байгааг хамтдаа, төрийн зөв бодлогоор шийдэх ёстой. Таны сонголт мэргэн байг.

Р.Амаржаргал: -Жагсаалтын ард нуугдаж орж ирсэн хүмүүс миний үйлдлийг ойлгохгүй байх нь аргагүй. Асуудал Р.Амаржаргал явахдаа биш. Одоо л зөв явахгүй бол, одоо л засахгүй бол байдал цаашид эвгүйднэ. Р.Гончигдорж гишүүнтэй би санал нэг байна. МАХН-ын бүлгийн ахлагч явсан хүний өмнөөс би яаж хариуцлага хүлээх вэ.

Эцэст нь “хэргийн эзэн” нэг ийм хэгжүүн үг хэлээд хэлэлцүүлэг дуусав. Санал хураах болоход тэр танхимыг орхисон юм. Ж.Батзандан “ардын баатар”-аа дэмжээд санал хураалтад оролцохгүй хэмээн картаа сугалаад “ажиглагч” хийсэн. Чуулганы хуралдаан нээлттэй ч санал хураалт нууц болох дэгтэй аж. Энэ ёсоор дэлгэц дээр гишүүдийн нэрийг биш, зөвхөн зөвшөөрсөн, эсэргүүцсэн хүний тоог л харууллаа. Санал хураалтад оролцсон 65 гишүүнээс 34:31-ийн харьцаагаар буюу гурван хүний зөрүүгээр Р.Амаржаргалыг ажилд нь “аргамжих” шийдвэр гаргав. Эрхэм гишүүн өөрийг нь сонгосон иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах уу, чуулган, Байнгын хороондоо суух уу, үгүй юү гэдэг нь тодорхойгүй үлдэж байна.


 С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.