Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АЛТ ТОЙРСОН ЗӨРЧИЛ

УИХ-д алтнаас үүдэлтэй зөрчил үүсээд удав. Ээлжит бус чуулганаас улбаатай Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл дээр Бүлгүүдийн санал зөрөлдсөн нь энэ асуудал “тоосонд дарагдах” болсны шалтгаан. Төслийн санаачлагч нь Засгийн газар. Эдийн засгийн нөхцөл хүндэрсэн үед төсвөө өөд нь татах зорилгоор оруулж ирсэн төслүүдийн нэг нь энэ. Гэвч шинэчлэлийн Засгийн газрын эдийн засгаа өөд татах гаргалгааг сөрөг хүчин эсэргүүцэж байгаа. Олборлогчид алтаа зөвхөн Монголбанкинд тушаавал ашигт малтмалын өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр (роялти)-ийн татварыг 2.5 хувиар тооцохоор уг төсөлд тусгасан. Хуулийг таван жилийн хугацаанд мөрдөнө. Үүнтэй уялдуулаад Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь Засгийн газраас өргөн барьсан билээ. Хэрэв алтаа Төвбанкинд тушаахгүй гэвэл таван хувийн татвар төлнө. Ийм л зарчимтай төсөл аж. Ингэвэл алттай холбоотой бүх хөдөлгөөнийг Монголбанк нэгтгэн хянах боломж бүрдэнэ.

Цэцэглээд байгаа алтны хууль бус наймаа зогсож, улсын нөөц нэмэгдэнэ. Төвбанк алтыг төгрөгөөр худалдаж авах учраас валютын нөөц нэмэгдэж, өсөөд буй ханш ч буурна хэмээн Засгийн газар тооцжээ. Өөрөөр хэлбэл, татварын хувийг бууруулахын хэрээр эдийн засгаа өөд татах боломжтой гэж үзсэн байна. Мэдээж өндөр татвараас хуримтлуулах төсвийн орлого жилд 40-50 сая ам.доллараар буурах гэнэ. Гэхдээ нөгөө талдаа алтны болон валютын нөөц жилд 1.7-2 тэрбум ам.доллараар нэмэгдэх учир зарлагаа нөхчихнө гэсэн үг. Таван жилийн хугацаанд ийм хэмжээний татвар авч, алтаа эх орондоо үлдээж чадвал 8.5-10 тэрбум долларын гадаад валютын нөөцтэй болох тооцоог төсөл санаачлагчид хийсэн байна лээ.

МАН-ЫН “БАРЬЦАА” БА АН-ЫН ЭРГЭЛЗЭЭ

Алт олборлогч болон худалдан авагч хуулийн этгээдүүд алтыг хууль бусаар хил давуулах, олборлосноо нуух, хадгалах, татвараас зайлсхийх тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгасан зохицуулалтыг төсөлд тусгасан юм. Хариуцлагыг чангатгах, эх орондоо алтаа төвлөрүүлж, нөөц бүрдүүлэх зэргээр төслийг зарчмын хувьд сөрөг хүчин дэмжиж буйгаа илэрхийлсэн. Гэхдээ тэд улс төр хийхээ мартсангүй. Манайд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс Оюутолгой л таван хувийн роялти татвар төлдөг. Дээрх хуулийг баталснаар Оюутолгойнхны төлөх роялти ч тавин хувиар буурах юм. Үүгээр дөрөөлөн МАН улс төр хийхээр шийджээ. “Оюутолгойн хөрөнгө оруулагчдад хангалттай сайхан нөхцөл олгосон гэрээг бид хийсэн. Одоо нэмж тэдний толгойг илэх хэрэггүй. Ер нь заавал тэндээс гэлтгүй өөр компаниудаас алт авч болно шүү дээ” хэмээн тэд мэдэгдсэн. Тус орд зөвхөн зэсийн бус алтны нөөцтэй.

Зэсийн баяжмалтай хамт гарах 1800 тонн алтны талаар энд ярьж буй учраас Засгийн газар тэдний хэлсэн шиг нүдээ аниад алгасах боломжгүй байгаа аж. МАН-ынхан “Оюутолгойнхон өөрсдөө татвар хөнгөлүүлэх тухай яриагүй байхад Засгийн газар түрүүлж дуугарч буй нь нэг л биш” хэмээн хардав. Гол нь Байнгын хороодын бүрэлдэхүүнд МАНынхныг ижил тэнцүү оролцуулах асуудлаар тэд энэ төслийг барьцаалж буй гэх мэдээлэл бий. Улс орны эдийн засгийн хөгжлөөс намынхаа эрх ашгийг дээгүүр тавьж байна хэмээн тэднийг олонх шүүмжилж буй юм. “Шударга ёс” эвслийн болон АН-ын бүлэг Засгийн газраас өргөн барьсан төслийг дэмжиж байгаа. Гэвч хэдэн сарын турш тохиролцож чадахгүй, төслийн хэлэлцүүлэг гацаанд орсон учир АН-ын бүлгээс роялтиг таван хувь дээр тогтоох талаар хэлэлцэж, буулт хийхээр ярьж эхэлжээ. Гэхдээ Засгийн газрын төслийг хэвээр нь батлах ёстой гэсэн байр суурьтай хүн ч АН-д цөөнгүй байна.

ӨНДӨР ТАТВАР АЛТЫГ “ҮРГЭЭДЭГ”

Алтны татварыг 2.5 хувь болгох нь цоо шинэ санаа биш. Манай улс ийм хэмжээний татвар тогтоохын ашиг тусыг хэдийнэ үзсэн. 2005 онд ашигт малтмалын нөөц ашигласны татвар алтан дээр 2.5 хувь байв. УИХ-аас 2006 онд Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг батлахаас өмнөх дөрвөн жилд нийт 77 тонн алт олборлосон гэсэн статистик бий. Үүний 24 тонныг нь зөвхөн 2005 онд олборлож, түүхэндээ рекорд тогтоосон юм билээ. Гэхдээ ийм сайхан цаг удаан үргэлжилсэнгүй. Гэнэтийн ашгийн 68 хувийн хэмээн товчлон нэрлэдэг хуулийг баталснаар дараагийн дөрвөн жилд олборлосон алтны хэмжээ 48 тонн болж буурчээ. 2012 онд бүр жилд зургаан тонн орчим алт л Монголбанкинд төвлөрүүлсэн аж. Өндөр татвар төлөхөөс зайлсхийж, алтаа хууль бусаар хил давуулах наймаа энэ жилүүдэд цэцэглэв. Алтны нөөц буурч, валютын ханш яг өнөөдрийнх шиг тэнгэрт хадсан өдрүүд 2008-2009 онд тохиож байсныг уншигчид ч мартаагүй биз. Гол нь татвараа өндөр болгохын хэрээр алтаа эх орондоо төвл өрүүлж, орлогоо нэмнэ гэдэг санаа үлгэр байсныг энэ туршлагаас харж болно. Дээрээс нь роялтийн хэмжээг 10 хувиар тогтоосон 2011 оны хууль ч байдал уруудахад хувь нэмрээ оруулжээ.

УИХ-аас баталж гаргасан, нуухыг нь авах гээд нүдээ сохолсон хуулийн эдгээр алдааг засахаар Засгийн газар зорьсон байна. Олон улсад алт, мөнгө, үнэт металл хадгалах, худалдах харилцааг Ашигт малтмалынхаас тусдаа хуулиар зохицуулдаг аж. Энэ жишгийг дагаж алтны тусдаа хууль оруулж ирсэн нь ч бас зөрчил үүсэх нэг шалтгаан болж буй юм. Мөн роялтиг 2.5 хувиар тогтоох гээд ганцхан Монгол Улс л зөрүүдлээд байгаа хэрэг биш аж. Манай урд хөрш БНХАУ-д болон Бразилд энэ татварын хэмжээ хоёр, ОХУ, Индонезид тус бүр дөрвөн хувь байдаг. Гэхдээ эдгээр улсын алтны нөөц манайхтай харьцуулахад хамаагүй илүү, тэгсэн атлаа татвараа ийм хэмжээгээр тогтоосон байгааг анхаарах хэрэгтэй биз ээ. Алт тойрсон зөрчлөө улстөрчид эх орныхоо том эрх ашгийг харгалзан шийднэ хэмээн найдъя.


 С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.