Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Малайзад амиа алдсан Монголын иргэнтэй холбоотой асуудлыг шалгана

Малайзад өнгөрсөн сард Монгол Улсын иргэн Э бүсгүй амиа алдсан талаар “Өнөөдөр” сонин нийтэлсэн. Одоогоор талийгаачийг бусдын гарт амиа алдсан уу, амиа хорлосон уу гэдгийг тодруулахаар Гадаад харилцааны яамныхан холбогдох байгууллагад хандаад байна. Тайландад суугаа Монголын Элчин сайдын яам Малайзын асуудлыг хавсран эрхэлдэг учраас ГХЯ-наас тус яаманд чиглэл өгсөн гэнэ. Мөн Хууль зүйн яам болон холбогдох газарт албан бичиг хүргүүлжээ. “Шаардлагатай бол Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам хамтран Ажлын хэсэг гаргаж, хэргийг тодруулах болно” гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Ш.Сүхбаатар мэдэгджээ.

Тэрбээр “Энэ талаар манайд мэдээлэл ирээгүй байсан. Өмнө нь мэдсэн бол бид бололцоотой бүх арга хэмжээг авах байлаа. Малайзын Элчин сайдын яамнаас Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яаманд арваннэгдүгээр сарын 23-ны өдөр иргэн Э-г нас барсан талаарх мэдээллийг албан ёсоор өгсөн. Уг мэдээлэлд “Талийгаач Э нь өөрийгөө боомилж нас барсан” гэж дурдсан байсан. Үүнийг бид ар гэрийнхэнд нь дуулгахад тэд хэргийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд өгсөн. Тэд талийгаачийг бусдын гарт үрэгдэж болзошгүйг цагдаагийн байгууллагад эртнээс мэдэгдсэн юм билээ. Түүнээс Гадаад харилцааны яам болон Консулын газарт огт хандаагүй” гэж ярьжээ.

Талийгаачийн ар гэрийнхэн ХЭҮК-т хандаад байгаа. Тус комиссын гишүүн Л.Оюунчимэг “Малайзад нас барсан Э-гийн ар гэрийнхэн манайд долоо хоногийн өмнө хандсан. Цогцсыг нь авч ирэхэд ГХЯ-наас зургаан сая төгрөг гаргасан боловч тэдэнд хэлний бэрхшээл тулгарч байгаа тул ХЭҮК-оос Малайзын Хүний эрхийн комисст талийгаачийн ар гэрийнхний аюулгүй байдал болон зарим асуудалд анхаарал хандуулж ажиллах хүсэлт тавьсан. Одоогоор хариу өгөөгүй байна. Өнөөдөр (өчигдөр) бид 14.00 цагаас талийгаачийн ар гэрийнхнийг байлцуулж, Малайзын Хүний эрхийн комисстой холбоо барихаар төлөвлөж байна” хэмээжээ.


О.БАТ-УНДРАХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.