Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Р.АМАРЖАРГАЛ: ХАМГИЙН ГОЛ НЬ НАДАД СОВЕСТЬ БАЙГАА УЧРААС ХҮСЭЛТ ГАРГАСАН ЮМ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Р.Амаржаргалын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ. Хуралдааны дэгийн дагуу Р.Амаржаргал гишүүний талаарх асуудлыг УИХ-ын дэд дарга Л.Цог танилцуулсан. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэлж эхлэхэд УИХ-ын гишүүн М.Энхболд “Өнөөдөр (өчигдөр) Олон улсын хүний эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр УИХ-ын гишүүний тавьсан хүсэлтэд хүндэтгэлтэй хандаж, шийдвэрлэнэ гэж найдаж байна” гээд Р.Амаржаргал гишүүнээс бүрэн эрхээсээ татгалзах болсон шалтгааныг нь тодруулсан юм. Эрхэм гишүүн үүнийг зөвхөн улс төрийн хариуцлага үүрч буй хэрэг гэж тодорхойлоод “Би АН-ыг үүсгэн байгуулагчдын нэг учраас, зөв шударга яваарай гэж сонгогчдоосоо захиа даалгавар авсан учраас, хамгийн гол нь надад совесть байгаа учраас УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан” гэсэн юм. Ингэхдээ тэрбээр урьдаас бэлтгэсэн бололтой нэлээд олон хуудас эргүүлэн байж, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргах үндэслэлээ дөрвөн зүйлээр тайлбарласан юм. Үүнд, “Нэгдүгээрт, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг субъектив талаас нь үзвэл ичих булчирхайтай хэн ч гэсэн өнөөгийн төр засгийн байдал, шийдвэр, түүний үр дагавраас ичээд өргөдлөө бичих л болов уу. Объектив талаас нь үзвэл, Монгол дахь парламентын ардчиллын өрнөл, логик намайг ийм алхам хийхэд хүргэлээ. Хүнд сорилт, бэрхшээлтэй тулгарч явсаар өдий хүрсэн Монголын парламентын засаглал өнөөдөр салаа замын уулзварт ирээд байна. Улс орны хөгжлийн бодит шаардлагыг ярих уу, эсвэл урьдын адил хоосон, олон нийтэд таалагдах уриа ярьж популизмаа үргэлжлүүлэх үү. Мэргэжлийн, мэргэшлийн ур чадвартай парламент байх уу, эсвэл сайн дурын уран сайханчдын хамтлаг, циркийн манеж хэвээр цааш явах уу. Энэ мэт улс төр, нийгэм, эдийн засаг, ёс суртахуун, хууль эрх зүйн маш олон асуудлыг хойшлуулшг үй шийдэх чадвартай парламент Монголд хэрэгтэй байна. Гэтэл тийм чадвартай парламент бүрдүүлэх ажлыг бид хийж чадсангүй. Үүний төлөө улс төрийн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Энд нэгэн зүйлийг зориуд онцлоход, манай парламентын ардчиллын өнөөгийн шатанд ёс суртахуун, ёс зүй хамгаас илүүтэй үгүйлэгдэж байна. Хүчирхэгжсэн хоёр том гүрний дунд буй Монголын улс төрд зөвшилцлийг үгүйсгэн, олонхоороо хүч түрэх нь Монголын ардчиллыг гутаан сулруулан сөнөөж, монгол төрийн эсрэг гэмт хэрэг болж байна гэж хатуухан хэлье” гээд засаглалын харьцаа, тэнцвэр алдагдсаныг онцолсон. Түүнчлэн эдийн засагт хэдийнэ ноцтой асуудал үүссэнийг тоо баримтаар цохон тэмдэглэсэн бол эцэст нь “Төр засгийг бэхжүүлнэ гэдэг нь шударга ёс, түүнийг хангах асуудал юм. Энэ нь боловсон хүчний чанар, шилж сонгох дэвшүүлэх тогтолцоогоор тодорхойлогдож байдаг” хэмээж байлаа. Асуулт тавьж, саналаа хэлэх гишүүдийн дараалал ч хөвөрсөн. Тэд ийн ярилцсан юм.

Н.Батцэрэг: -Нийгэм, эдийн засаг, улс төрийн хувьд гүнзгий анализ хийсэн үндэслэл сонсогдож байна. Сүүлийн жилүүдэд Монголын нийгэм оюун санааны хувьд манан будантай байгаа. Оюун санаа ийм байхад улс төр цэгцрэхгүй. Тийм учраас Р.Амаржаргал гишүүний үндэслэлд хүндэтгэлтэй хандаж байна. 1990-ээд онд ардчиллыг анх ярьж эхлэхэд бид үзэл, онолоороо өрсөлддөг байсан. Монголын төрд үндэсний үзэл суртал гэж байх ёстой юу. Та юу гэж бодож байна вэ.

Р.Амаржаргал: -Үндэсний үзэл байх ёстой. Энэ нь монголчуудыг нэгтгэж байх ёстой. Үүнийг томьёолж, олон түмэнд хүргэх үүрэг улс төрийн намуудад бий. Энэ ажлаа олигтой хийж чадахгүй байна.

М.Батчимэг: -Одоогоос 23 жилийн өмнө Монголд ардчилал, хүний эрхийг баталгаажуулах үйл явц өрнөсөн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ үйл хэрэгт хувь нэмрээ оруулж ирсэн том улстөрчийн хүсэлтийг хэлэлцэж байгаа нь ардчилал байж болох ч, миний хувьд дүрсэлж хэлэхэд төвөгтэй санагдаж байна. Зарим гишүүн сая хэлснийг тань сонсоод яагаад ийм шийдвэр гаргасныг нь ойлголоо гэж байна. Харин би бол эргэлзэж байна, ойлгохгүй байна. Нэгдүгээрт, улстөрчид тэр тусмаа олонх болсон АН, цаашлаад шүүх засаглал ажиллахгүй байгаа учраас хүмүүсийн өмнөөс хариуцлага хүлээлээ гэж та хэллээ. Энэ нь хариуцлагагүй хүмүүсийг хаацайлж байгаа үйлдэл биш гэж үү. Эсвэл та өөрийгөө үнэхээр өнөөдөр бий болсон нөхцөл байдлын гол буруутан, заавал хариуцлага хүлээх ёстой хүн гэж бодоод байна уу. Та УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн, шүүх засаглалын тэргүүний аль нь ч биш. Засаглалын салаа мөчрүүдийн өмнөөс хариуцлага үүрнэ гэж хэлж байгаа чинь ойлгомжтой биш байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулиар ард түмний сайн сайхны төлөө хууль батлах эрхийг УИХ-д олгосон. УИХ бол хүнд хэцүү ажлын талбар гэж би хардаг. Улс оронд хэцүү зүйл байгаа бол хамгийн хүчтэй шийдвэр гаргах боломж энд л байдаг. Таныг үүний төлөө тэмцэнэ гэж энд орж ирээд 24 жил ажилласан гэж ойлгодог. Энэ тэмцлийн талбарыг орхиж байгаа нь та өөрөө хариуцлагаас зугтаж байгаа хэлбэр биш үү. Гуравдугаарт, байдал ийм байхад ичих булчирхайтай л хүн бол өргөдлөө өгөх хэрэгтэй гэлээ. Ингэж хэлснээрээ та үлдэж байгаа 75 хүнийг ичих булчирхайгүй гэж хэлж байна уу. Жишээ нь, та залуу гишүүний хувьд надад ингэж тэмцлийн талбарыг орхи гэж зөвлөх үү. Нөгөө талаас та ёс суртахууны талаар нэлээд ярьсан. Ёс зүйтэй хүн гэж таныг хүндэлдэг. Гэхдээ бид нэгэнт улс орон, ард иргэдийн өмнө хариуцлага хүлээж байгаа учраас явсан ч миний ард ямар нөхцөл байдал үлдэх вэ гэдгийг тооцох ёстой. Дан ганц өөрийгөө бодох ёсгүй. Тэгэхээр таны үлдээх гээд байгаа орон зайг илүү ёс зүйтэй хүн эзэлнэ, УИХ улам ёс зүйтэй болно гэж бодсон юм уу.

Р.Амаржаргал: -Саяхан Эстонид зах дээр байшингийн дээвэр нурснаас болж Ерөнхий сайд нь огцорсон. Энэ бол хариуцлагаас зугтаж байгаа хэлбэр биш байх. Мөн бусдыг хаацайлсан хэлбэр ч биш байх. Нөгөө талаас ёс зүйгүй аашилж байгаа хэлбэр бүр биш биз. Энэ бол бидний хүсэн хүлээдэг ардчилал өндөр хөгжсөн улс оронд байдаг улс төрийн соёлын тухай ойлголт. Миний яриад байгааг ганцхан үгээр л томьёолж болно. Ердөө л улс төрийн хариуцлага гэж байх ёстой. Монголын нийгэмд энэ зүйл сураггүй болчихлоо. Харин сая Р.Амаржаргал энэ тухай яриад эхлэнгүүт энэ үг энд тэнд сонсогдож эхэлж байна. Нөгөө талаас асуудлыг өргөдлийн хэмжээнд л хараад байх шиг байна. Асуудал нь өргөдөлдөө биш. Өргөдөл гаргасныхаа үр дүнд ямар ямар асуудлыг гаргаж ирэв гэдэг нь чухал байгаа юм. Хамгийн энгийнээр хэлэхэд, УИХ-ын гишүүн өргөдөл гаргалаа гэхэд өргөдлийг нь хэрхэн, яаж хэлэлцэх нь тодорхойгүй байгаа нь харагдлаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ыг тойрсон түмэн асуудал гарч ирж байна.

Л.Цог: -Энэ бол УИХ-ын гишүүний эрхийн асуудал. Өмнө нь ингэж өргөдөл өгсөн хүн олон бий. Гэхдээ нийгмийн асуудлыг багцаар нь хөндөж, хүний өмнөөс хариуцлага хүлээсэн хүн байхгүй. Өргөдлөө өгөөд явах амархан. Өөрөөс чинь долоон дор хүн хүрээд ирэх вий гэхээс айж байна.

С.Баярцогт: -Р.Амаржаргал гишүүний санал, үндэслэлд хүндэтгэлтэй хандаж байна. Нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, улстөрчдөд сануулга өгөх үүднээс өргөдлөө өгч байна гэж ойлгож байна. Монголд байнгын ажиллагаатай парламент бий болсноос хойш хүмүүс өргөдлөө өгөөд тухай бүрт нь шийдвэрлэж байсан. Зарим нэгийг нь чөлөөлөхгүй байх шийдвэр ч гарч л байсан. Р.Амаржаргал гишүүн ёс суртахууны хувьд олон сайхан жишиг үзүүлж байсан. 1998 онд Ерөнхий сайдаар томилогдох гэж байхад өөрийнхөө төлөө санал өгөхгүй гээд татгалзсан. Тэгэхэд тухайн санал хураалт нь 50:50 хувь болж тэнцсэн. Ингээд өөрөө өөрийнхөө төлөө санал өгөөгүй учраас анх удаа Ерөнхий сайд болох гэж орж ирэхдээ УИХ-аас дэмжлэг аваагүй. Үүнийг нь ёс суртахууны маш сайн үлгэр дуурайл боллоо гэж тухайн үедээ бодож байсан ч дараа нь нэг зүйлд харамссан. Тухайн үед Р.Амаржаргал гишүүн өөрөө өөрийнхөө төлөө саналаа өгсөн бол 1996-2000 онд олон Засгийн газар огцрохгүй байсан. Магадгүй С.Зориг амиа алдахгүй байсан биз. Тэгэхээр хувь хүний хувьд ёс зүйн шийдвэрийг харахаас илүүтэй улс орны хөгжлийн чиг хандлагын үүднээс бодож үзэх ёстой. Энэ удаа хувь хүнийх нь хувьд асуудалд хүндэтгэлтай хандаж байна. Гэхдээ улстөрч болсон хүн өөрөө өөртөө харьяалагддаггүй. Ард түмэн, тодорхой намд харьяалагдаж, улстөрд орж ирдэг учраас зарим нэг шийдвэрийн хувьд зөвхөн хувь хүнийхээ үүднээс шийдвэр гаргаж болохгүй. УИХ-д шүүмжилж чаддаг хүн байх ёстой. Тиймээс чөлөөлөх хүсэлтийн эсрэг санал өгнө.

Г.Батхүү: -Р.Амаржаргал бол Монголын улс төрд чухал үйл хэргийг эхлүүлж, идэвхтэй явж байгаа хүн. Монгол Улсад болж бүтэхгүй зүйл олон байна. Үүнийг засаж, залруулья гэж байгаа бол Р.Амаржаргал гишүүнийг энд байлгаж, хамтарч, дэмжиж ажиллах ёстой. Ер нь бол болохгүй зүйл олон байна. Улс төрийн нам, аль нэг фракцын эрх ашгаас илүү дээгүүр үзэх ёстой олон зүйл бий. Монголын төрд ажил хийх боломжгүй, хэн нэгэн хүний эрх ашигт нийцэхгүй бол олон аргаар зогсоох, ухраах үйл ажиллагааг хийдэг байдал бий болсныг хэлье. Энэ асуудал Р.Амаржаргал гишүүний өргөдлөө өгсөн шалтгааны нэг гэж бодож байна. Тэгэхээр бид өнөөдөр үүнээс ухарвал өөр хийх хүн олдохгүй. Ард түмний сонголтоос ухрах эрх танд байхгүй гэв.

Ингээд санал хураалт явуулахад 12 гишүүний долоо нь Р.Амаржаргалын гишүүнээс чөлөөлөгдөхийг дэмжээгүй юм. Маргааш эл асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэнэ.


Б.НОМИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.