Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ВИЗГҮЙ ХЯТАДУУД ОЛНООР ОРУУЛЖ ИРДЭГ КОМПАНИУДЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

Монголчуудад ажил олдохгүй байхад Хятад, Хойд солонгосын хар ажилчид олноороо ирж ажиллаж байгаад иргэд ихэд ундууцдаг билээ. Өмнөд хөрш болон Хойд Солонгосоос ирсэн ажилчид гэрээтэй гэх боловч ихэнх нь визийн зөрчилтэй, хугацаа нь хэтэрсэн, жуулчны ангиллын нэвтрэх бичигтэй байдгийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас илрүүлэн албадан гаргадаг ч хар ажилчдын тоо улам өссөөр байгаа билээ.

Хятад, хойд солонгосчуудын тоо квотоос яагаад хэтрээд байгаа асуудлыг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд шалгаж эхэлжээ. Гадаадаас ажиллах хүч авдаг компаниуд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчин, хуурамч бичиг баримт үйлдэж байсан гэнэ.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд “Эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын нийт ажиллагчдын тоо, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан нийт ажиллагчдын тоонд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг жил бүр тогтоож, Засгийн газраар батлуулна”, мөн “Эрх бүхий байгууллага нь холбогдох баримт бичгийг хүлээн авч, хянан шалгасны үндсэн дээр Засгийн газраас тогтоосон хувь, хэмжээнд багтаан Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгоно” гэсэн заалт байдаг. Түүнчлэн Гадаадаас тухайн онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай Засгийн газрын тогтоолд “Тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн дүрмийн сан, дотоод ажилчдын тоог харгалзан дотоодын ажилчдын 5-25 хувьтай тэнцэх хэмжээний гадаад ажилтан ажиллуулж болно” гэсэн заалтуудыг зөрчиж, хуурамч бичиг баримт үйлдэж байсан нь шалгалтаар илэрсэн гэнэ.

Гадаадаас ажиллах хүч авдаг компаниуд монгол ажилчдынхаа тоог зохиомлоор нэмж зөвшөөрөл авдаг байжээ. Компаниуд ингэж хууль зөрчихөд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн ажилтнууд ч буруутай байх нөхцөл байдал тогтоогдож буй талаар эх сурвалж өгүүлэв. Аж ахуйн нэгжүүдэд гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрлийг олгохдоо тухайн албаны ажилтнууд уг байгууллагын нийт ажилчдын тоонд эзлэх хувийн дагуу олгох ёстой атал хянаж, шалгаж, хуулиа биелүүлдэггүй нь тогтоогдсон гэнэ. Тухайлбал, “Хишигхангай” компани 2011 онд 22, 2012 онд 39, 2013 онд 85, “Сайнконстракшн” компани 2013 онд 47, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Жөн-Юан” ХХК 2011 онд 72, 2012 онд 58, 2013 онд 47 тооны БНХАУ-ын иргэдийг оруулж ирэхдээ монгол ажилчдын тоог хуурамч байдлаар өсгөсөн байжээ.

Мөн БНАСАУ-ын хөрөнгө оруулалттай “Кумрунг” компанийнхан 2012 онд 38, 2013 онд 63 тооны хойд солонгосыг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхээр оруулж ирэхдээ хууль бусаар монгол ажилчдын тоог нэмэгдүүлж, цалин олгосон, хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх хуурамч бичиг баримт бүрдүүлэн ашигласан байна. Эдгээр гэмт үйлдлүүдийг өдгөө УМБГ-т шилжүүлэн шалгуулж эхэлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.