Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАЛАЙЗЧУУД ДАХИАД МОНГОЛ БҮСГҮЙН АМИАР НААДЛАА

Манай улсын иргэн Ш.Алтантуяаг 2006 онд захиалан хөнөөлгөсөн Абдул Разак Багиндагийн хэргийг Малайзын Дээд шүүх 2008 онд цагаатгаж, харгис аллагыг гардан гүйцэтгэсэн Азила Хадри, Сируп Умар гэх хоёр цагдааг дөрвөн сарын өмнө (2013 оны наймдугаар сар) сулласныг монголчууд мартаагүй. Шударга үнэн гэж байдаггүй, шүүх засаглал нь шийдвэрээ Аллах тэнгэртэйгээ яриад гаргачихдаг, бүх шатандаа авлигад идэгдсэн, хар тамхи, хүний наймаагаар дэлхийд толгой цохидог энэ улсад Монголын бас нэгэн хацар гоо охин амиа алджээ. Эх нутгаасаа олоогүй ахиухан цалинтай ажил, сайхан амьдралаа алсаас хайж харийг зорьсон олон монголчуудын нэг нь Энхээ бүсгүй. 2011 оны наймдугаар сард гэрээсээ гарсан Энхээ сарын дараа гэрийнхэнтэйгээ утсаар ярьж, нэгэн найзтайгаа хамт Малайзад дэлгүүрт ажиллангаа англи хэлний сургалтад сууж байгаагаа хэлжээ. Удалгүй өнөө найз нь Монгол руу буцсанаас хойш Энхээ гэрийнхэнтэйгээ дахиж холбоо бариагүй аж.

Охиндоо санаа зовсон ээж нь 2012 оны тавдугаар сард нийслэлийн Баянзүрх дүүргийн XI хорооныхоо хэсгийн цагдаад хандан, болсон явдлын талаар хэлж, охиныхоо сургийг гаргуулахаар өргөдөл өгчээ. Гурван сар хүлээгээд хэсгийн цагдаа ямар ч хариу өгөхгүй болохоор нь дахин очиж уулзаад арга ядаж, дүүргийнхээ Цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газарт өргөдөл гаргаж, охиныхоо гэрэл зураг, байгаа гэж хэлсэн газрынх нь хаягийг өгчээ. Охин нь, дүү нь гадаадад очоод сураггүй болчихоод байхад ар гэрийнхэн нь яаж тайван суух билээ. Нааш цааш олонтаа явуулж, баахан өргөдөл бичүүлсний эцэст цагдаагийнхан арайхийж “Охин чинь Монголын хилийг даваад шууд БНСУ-д очсон байна” гэсэн хариу хэлсэн байна.

БНСУ-аар дамжиж Малайзад очсон хэрэг. Хамгийн түрүүнд тусална гэж бодсон цагдаагийн байгууллага нь дорвитой хариу өгөөгүй тул дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж. Ингээд яахаа мэдэхгүй байж байтал 2013 оны аравдугаар сарын эхээр Энхээ ахтайгаа утсаар ярьж, “Агаа намайг ирж аваач. Хүмүүс намайг зодсон. Би зугтааж байна. Миний бичиг баримтыг өгөхгүй байна” гэж учир нь үл ойлгогдох зүйл хэлээд утас нь тасарчээ. Дүү нь утсаар ярьж байх үедээ гүйж яваа бололтой, амьсгаадаж, бас цаана нь хэсэг хүн хашгиран, пижигнэлдэн гүйлдэх хөлийн чимээ гарч байсан аж. Энэ тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст мэдэгдсэн байна. Үүнээс хойш хэдхэн хоногийн дараа “Ээж ээ, би бичиг баримтаа хураалгасан. Энэ эзэн намайг зодоод байна. Би энэ эзнээс зугтаагаад эмнэлэгт хэвтсэн. Тэгээд эмнэлгээс оргож, өөр газарт очсон байна. Ээж ээ, би Монголд очмоор байна” гэжээ.

Дахин хэд хоноод “Иргэний үнэмлэхийг минь ар, өвөргүй канондож, и-мэйлээр өгч явуулаач. Гадаад паспорт гаргуулахад тусална гэсэн хүн байгаа. Энд хоёр ихэр монгол охин, эгч гуравтай таараад хамт амьдарч байна” гэсэн байна. Тэрбээр Малайзад очоод эхэндээ боломжийн ажил хийж байсан бололтой. Түүнээс хойш юу болсон нь тодорхойгүй. Нэг л мэдэхэд малайз хүмүүст зодуулж, хөөгдөж, гадаад паспортаа алдаад гурван монгол эмэгтэйтэй тааралдсан байна. Тэд нь Энхээд гадаад паспорт гаргаж өгнө гэж ээж, ах, хамаатан садных нь талаарх мэдээлэл, гар утасных нь дугаарыг хэлүүлж авчээ. Мөн Монголоос иргэний үнэмлэхний хуулбарыг нь авахуулаад ямар ч байсан бичиг баримт гаргаж өгсөн бололтой. Гэхдээ хаанахын гадаад паспорт гаргаж өгсөн нь бас л бүрхэг. Нутаг нэгтэн хэмээн итгэж найдсан өнөө монголчууд нь Монгол, Малайз, Сингапурын хооронд хүн наймаалдаг малайзчуудтай хамтардаг болохыг бүсгүй тэр үед л мэджээ. Гадаад паспорт гаргаж өгмөгцөө дээрх гурван монгол нь Энхээг танихаа байж. Тэр үед Энхээ фэйсбүүктээ нөгөө охидын зургийг оруулж, тэдний ааш хувирч, өөрийг нь танихгүй царайлах болсон тухай, тэднийг хүний наймаачин гэж сэжиглэж буйгаа бичиж үлдээжээ. Уг зураг, бичсэн зүйлийг ар гэрийнхэн нь цагдаад аваачиж өгөхөд “Хүн гүтгэх хуультай шүү. Та нар хүн зарж байхыг нь харсан юм уу” хэмээн загнасан гэнэ. Энэ хооронд өнөө монголчууд Энхээгээс гадаад паспорт гаргаж өгсний хөлс нэхэн, “Хоёр жил ажил хийж, мөнгөө төл” хэмээн Сингапур нисэх онгоцонд хүчээр суулгахаар чирсэн байна. Тэрбээр ихрүүдтэй зодолдож байгаад уг онгоцонд суулгүй үлдэж дөнгөжээ. Зодолдож, хөөцөлдөж байх хооронд онгоц нь нисчихсэн бололтой. Тэднээс зугтан, харанхуй хонгилд хонож байхдаа Энхээ ээжтэйгээ утсаар ярьж, “Би хүнд худалдагджээ. Хоёр монгол охин намайг худалдчихлаа. Одоо яах ч учраа олохгүй байна” гэжээ. Гэсэн ч Энхээ тэдний гараас мултарч чадалгүй баригдаж, хорионд орсон аж. Түүнийг “Зугтах гэж оролдох, дахин эсэргүүцэх юм бол Алтантуяа шиг алчихна шүү. Биеэрээ эсвэл эд эрхтэнээрээ төлбөрөө төл” хэмээн дарамтлан, цохиж зоддог байжээ. Энхээг хорионд байлгаж байхдаа малайзчууд гар утсыг нь хурааж аваад, үе үе ар гэрийнхэнтэй нь яриулдаг байсан гэнэ. Эндээс ахыг нь залгахаар малайз хүн утсыг нь авч хэдэн үг хэлснээ Энхээд өгөн яриулж байгаад булаагаад авчихдаг байж. Ямар зорилгоор Энхээг ар гэрийнхэнтэй нь утсаар яриулдаг байсан нь ойлгомжгүй. Ах нь яаж ийгээд мөнгө цуглуулж, малайзчуудаас дүүгээ суллаж авахыг хүссэн ч дүү нь “Хэрэггүй, эд мөнгө авчихаад аваагүй л гэнэ” гээд болиулжээ.

Энхээ хамгийн сүүлд мессеж бичихдээ “Намайг үхсэн гэж телевизээр зарласан гэнэ. Үхсэн гэж зарлаад зарах юм шиг байна. Би одоохондоо амьд. Хурдан ирж аваач дээ” гэж гуйжээ. Энхээг утсаар ярьсан, мессеж бичсэн даруйд ар гэрийнхэн нь тэр тухай Эрүүгийн цагдаагийн газарт мэдэгдсээр байсан аж. Охиноо, дүүгээ Малайзаас түргэн авчрахад хэрэг болно л гэж тэр. Гэтэл өнөө цагдаа нь иргэндээ туслахын оронд харин ч “Хүүхдийг чинь аваад ирж болно. Дахиж хэзээ ч гадаад явахгүй болгоод хар тамга дарчихна ш дээ. Зүгээр үү. Харамсахгүй биз” хэмээн даажигнаж, тэр ч байтугай Энхээ рүү гар утасных нь дугаараар залгаж, “Ар гэрийнхнийгээ юу гэж цагдаагийн газраар явуулж маяглаад байгаа юм бэ. Чи насанд хүрсэн хүн. Сайн дураараа Малайзад очсон юм байгаа биз дээ” гэж загнасан байжээ. Сайн дураараа гадаадад очоод, гэмт хэргийн золиос болж хохирсон монголчуудад Монголын цагдаа тусалдаггүй хэрэг үү. Хэн ч сайн сайхныг төсөөлж, мөрөөдөж, хүсэж гадаад явдаг болохоос хохирох гэж харийг зорьдоггүй. Хохирно гэдгээ урьдчилж мэддэг хүн нэгээхэн ч үгүй. Ванга, Нострдамус л мэддэг байсан байх. Мэддэг бол юу гэж явах билээ дээ. Хөөрхий бүсгүй хорионд байхдаа цонхоор харагдаж буй байшин барилга, зочид буудлын хаягийг ахдаа хэлж, амьд гарахын төлөө хамаг хүчээрээ тэмцжээ. Хэзээ намайг гаргаж авах бол, авах бол уу, хурдан л ирж аваасай хэмээн минут, секунд бүрийг түмэн айдас, эргэлзээн дунд шаналантайгаар өнгөрөөж байсан нь лав. Түүний оронд хэн ч байсан тэгэх л байх.

Энхээг тэнд амьдралын төлөө тэмцэж байхад энд ээж, ах, эгч нар нь охиноо, дүүгээ амьд, зөвхөн амьд л үлдээх гэж цагдаагийн байгууллагуудаар гүйж, болсон бүгдийг нэг бүрчлэн тоочиж, таамаглаж буй зүйлээ ч хэлж явжээ. Гэсэн ч “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” уриатай Монголын цагдаа бүхэл бүтэн жилийн хугацаанд лав л Энхээг хамгаалсангүй. Ш.Алтантуяагийн араас ахиад нэг монгол охин малайзчуудын гарт амиа алдаж, бурхны оронд одов. 2013 оны арваннэгдүгээр сарын 23-нд Малайзын цагдаагийн байгууллагаас “Танай охин нас нөгчсөн. Ирж ав” гэж утасджээ. Малайзчууд Ш.Алтантуяагийн биед цэргийн зориулалттай тэсрэх бодис зүүж дэлбэлсэн бол Энхээг боомилж, амиа хорлосон болгожээ. Малайзчууд биднээр даажигнаад байна бус уу. Монголын төр иргэнээ хамгаалж, өмгөөлж чаддаггүйг Ш.Алтантуяаг амь үрэгдэхэд малайзчууд мэдэж авсан. Тиймээс одоо монголчуудыг яасан ч болно гэж боддог болж.

Энхээг ар гэрийнхэнтэй нь утсаар яриулсаар байгаад аминд нь хүрснийг юу гэж ойлгох вэ. Энхээ бүх мэдээллээ хэлээд ч төр нь иргэнээ тоохгүй, цагдаа нь хамгаалахгүй, ар гэрийнхэн нь бол бүр яаж ч чадахгүй гэдгийг мэдээд зориуд утсаар яриулж, бах таваа хангасан юм биш үү. Охид, эмэгтэйчүүдийг маань малайзчууд тамлан тарчлааж, санаанд оромгүй жигшүүрт аргаар хөнөөсөөр, бид доромжлуулсаар суух хэрэг үү.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.