Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.БАТЗАНДАН: ТЕГ-ЫН ДАРГА АЛБАН ЁСООР ХАРИУ ӨГНӨ ГЭЖ МЭДЭГДСЭН

 УИХ-ын гишүүн Ж.Батзандан сүүлийн үед дуулианы гол баатар болоод буй. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд төрийн өндөр албан тушаалтай хүн оффшор бүсэд данстай байж болохгүй, гадаад эхнэр, нөхөртэй улстөрчид заавал ҮАБЗ-д мэдэгдэх ёстой гэсэн заалт боловсруулан оруулсан төсөл нь зарим хүний дургүйцлийг хүргээд байгаа. Мөн тагнуулынхан түүнийг хоёр өдөр мөрдсөн хэмээн тэрбээр мэдэгдээд буй. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх явц ямар шатандаа байна вэ?

-УИХ-аас хэлэлцэх эсэхийг нь шийдээд анхны хэлэлцүүлэгт байнгын хороо руу шилжүүлсэн байгаа. Удахгүй Байнгын хорооны хэлэлцүүлгээр орох байх. Хэлэлцүүлгээр орохын өмнө Байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж, нэлээд чамбайруулах шаардлагатай. Байнгын хорооны анхны хэлэлцүүлгээр орсны дараа УИХ руу очих ёстой.

-Та Тагнуулын ерөнхий газрын даргатай уулзсан гэсэн үү. Таныг үнэхээр тагнасан юм уу?

-Өчигдөр Тагнуулын ерөнхий газрын даргатай уулзсан. УБЦ-0828 дугаартай машинтай үл мэдэгдэх дөрвөн хүн өнгөрсөн баасан, бямба гаригт намайг дагасан тухай мэдээллийг би албан ёсоор өгсөн. ТЕГ-ын дарга албан ёсоор хариу өгнө гэж мэдэгдсэн. Тухайн машин ТЕГ-ын автобаазын машин болох нь тогтоогдсон. Надад өгсөн мэдээллээр ТЕГ-ын аж ахуйн албаны машин гэсэн. Аж ахуйн албаны машин гүйцэтгэх ажилд явдаггүй гэж ТЕГ-ын дарга хэлсэн. Үнэн болох болтугай гэж хүсье. Ер нь сүүлийн үед манай Гүйцэтгэх ажилтны тухай хуулийн цоорхойноос болоод иргэдийг мөрдөх, тагнах явдал газар авсан. Ийм учраас Аюулгүй байдлын байнгын хорооноос шийдвэр гарч, Гүйцэтгэх ажлын тухай хуулийг боловсронгуй болгож, иргэдийг мөрдөх, тагнах, чагнах асуудлыг хяналтад оруулах, хязгаарлах чиглэлийн өөрчлөлт оруулахаар Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Иргэнийг мөрдөх, тагнах, чагнах нь хуультай. Жирийн ямар ч иргэн Монгол Улсад амар амгалан амьдрах ёстой. Прокурорын хяналтгүйгээр эрүүгийн хэрэг үүсгээгүй тохиолдолд гүйцэтгэх ажил явуулах, иргэдийг тагнах, чагнах эрх хууль хяналтын байгууллагад байхгүй гэдгийг хэлье.

-Иргэд, албан тушаалтнуудын гар утсыг чагнасан гэсэн мэдээлэл сонсогддог?

-Утас чагнадаг тухай мэдээлл үүд бий. Энэ талаар нарийвчилсан шалгалтыг УИХ-аас Гүйцэтгэх ажлыг хэрэгж үүлдэг байгууллагууд руу оруулахаар яригдаж байна. Миний бие албан ёсоор УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дэд даргад хүсэлтээ гаргасан байгаа.

-Магадгүй таны өргөн бариад буй хуулийн төсөлтэй, тухайлбал, оффшор данстай холбоотойгоор тагнасан байж болзошгүй гэж хэвлэлүүдэд бичсэн байна лээ?

-Би тэгж бодохгүй байна. УИХ-ын гишүүнийг үндэсний аюулгүй байдлын үүднээс хамгаалахын тулд янз бүрийн гэмт халдлагаас хамгаалах зорилготойгоор дагасан ч байж болох юм. Сайн талаас нь харъя л даа. УИХ дээр янз бүрийн маргаан, мэтгэлцээн болж л байдаг. Энэ нь монгол хүн монгол хүнээ тагнах, чагнах түвшинд очсон гэж бодохгүй байна. Монголын төр иргэдээ хамгаалах үүрэгтэй. Төрийн байгууллагууд иргэддээ үйлчлэх үүрэгтэй. Түүнээс бус зорилгогүйгээр, эсвэл айлган сүрдүүлэх зорилгоор, санаатайгаар хэн нэгнийг тагнах, чагнах эрх Тагнуулын байгууллагад байхгүй.

-Төрийн өндөр албан тушаалтнууд нь оффшор бүсэд данс эзэмшихийг хориглодог ямар ямар улс байдаг бол. Та судалж үзсэн үү?

-Ер нь манай эрэн сурвалжлах сэтгүүлчид өөрийн вэб сайтдаа тодорхой болгочихсон зүйл шүү дээ. Монголоос гэхэд олон албан тушаалтан оффшор бүсэд данстай. Яг одоогоор хууль бус үйлдэл биш л дээ. Дэлхийн улс орнуудын практикаас харахад ОХУ, АНУ, Канад, Европын холбооны улсуудад төрийн өндөр албан тушаалтнууд оффшор данс нээх, мөнгө байршуулахыг хуулиараа хориглоод эхэлчихсэн. Яагаад гэхээр оффшор бүс бол татвараас хөнгөлдөг, чөлөөлдөг, нууц нэрээр данс нээдэг, мөн дансанд байгаа мөнгөний тоо хэмжээг нууцалдаг, санхүүгийн нууц үйл ажиллагаа үзүүлдэг. Төрийн өндөр албан тушаалтнууд оффшорт мөнгө хийдэг биш, эх орондоо мөнгөө байршуулж, эх орныхоо бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах нь зүйтэй гэдэг үүднээс энэ хуулийн төслийг санаачилсан. Үүнтэй холбоотойгоор уурлаж байгаа, ашиг сонирхол нь зөрчигдөж буй хүмүүс цөөнгүй байх шиг байна. Гэхдээ тэр хүмүүс надад муу юм хийтлээ уурлаагүй байх аа гэж найдаж байна.


 Г.ГЭРЭЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.