Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ дахь бүсгүйчүүдийн АРАНШИН

УИХ-д түүхэндээ анх удаа 11 эмэгтэй сонгогдож, шийдвэр гаргах түвшинд бүсгүйчүүдийн оролцоо нэмэгдэхэд баярласан хүмүүсийн нэг нь би. Аливаа шийдвэрийг арга, билгийн ухаанаар хослуулан боловсруулж байвал хөрсөн дээр бууж, хэрэгжих тухай, улс төрд жендерийн мэдрэмж бий болгох хэрэгтэй талаар ч цөөнгүй удаа хөндөн бичсэн. Гэвч УИХ-ын үйл ажиллагаа жигдрээд ирэхийн хэрээр бүсгүй түшээдэд хүлээлгэсэн итгэл маань эргэлзээгээр солигдож эхлэх нь тэр. Тэдний дунд төрийн ажлыг гэхээсээ илүү өөрийгөө сурталчлах гэсэн хэт амбийцтай бүсгүй олдоод байгаа нь ажиглагдах болов. 11 бүсгүйн хоёр нь МАН-ынх, хоёр нь “Шударга ёс” эвслийн данстай. Үлдсэн долоо нь АН-ын гишүүд байгаа юм.

УИХ дахь эмэгтэй гишүүдийн дотроос Д.Оюунхорол, Д.Арвин нар гурав дахиа, С.Оюун тав дахь удаагаа сонгогдсон, туршлагатай улстөрч. Бүсгүйчүүд хуруу дарам цөөн парламентад тэд эрчүүдтэй хүч тэнцүү ажиллаж явсан юм. Ярьж хэлж байгаа нь ч цэгцэрсэн, учраа мэдсэн учраас өөлөх хүн цөөн. Үлдсэн гишүүд нь УИХ-д анх удаа сонгогдсон. МАН-ын У.Хүрэлсүх хүсэлтээрээ УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөр түүний оронд орж ирсэн Д.Сарангэрэл гишүүн хараахан “хэлд орж” амжаагүй яваа. Асуудлаа судалж, мэдсэнийхээ дараа ярих сэтгүүлчийн зан түүнд бий бололтой. Зарим нэг бүсгүй шигээ бүх юманд хэт хүртээлтэй байж, тэр хэрээрээ өөрийгөө “унагаж” байснаас дуугүй байсан нь ч дээр биз. Сэтгүүлч мэргэжилтэй өөр нэг бүсгүй нь МҮАН-ын Г.Уянга. Гудамжинд жагсаж, эрх баригчдыг шүүмжилж явсан тэр одоо хууль тогтоогоод сууж байгаа. Гэхдээ асуудалд гудамжнаас тэмцэгч, сэтгүүлчийн байр сууринаас хандаад байдаг гэх шүүмжлэл бий. Зарим үед багахан шоудчих гээд байдаг ч Л.Эрдэнэчимэгийгээ мэдээж гүйцэхгүй.

Эмэгтэй гишүүд УИХ-д албан бус бүлэг байгуулж, ахлагч нь Л.Эрдэнэчимэг болсон юм. Улмаар Л.Эрдэнэчимэггүй ч юмгүй болж, “гол дүр”-ийн үүрэг гүйцэтгэх болов. Бүсгүйчүүд нийлээд Тамхины хяналтын тухай хууль санаачлан батлуулж чадсаныг нь магтууштай. Одоо уг Бүлэг Архины хяналтын хуультай болохоор ажиллаж буй. Нийгэм, эрүүл мэндийн чиглэлээр иймэрхүү ажил хийж байгаа нь харагддаг ч түүний хувьд шоудах нь арай л хэтрээд байх шиг. Есдүгээр сар дөхөж, эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгийн бараа харуулахаар дугаарлаж байхад эрхэм гишүүн тэдэнтэй хамт хонож ч үзсэн. Үүнийг зовлонг нь мэдрэх гэж байна гэхээсээ илүү “Шоудах гээд ядчих юм” гэж хүлээж авсан хүн олон. Эмэгтэй хүн заргач байж болно, гэхдээ УИХ-ын гишүүн болчихсоноо бас санаасай гэж түүнд хэлмээр санагддаг юм. Яриа нь цэгцгүй, санаачилснаа хамгаалж бататгахаас илүү хэрүүлийн шинжтэй байгааг уншигчид анзаардаг байх.

Гишүүн Ж.Батзандангийн санаачилсан Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийг тэрбээр ихэд эсэргүүцэж, тэд хоорондоо хонь, чоно болоод байгаа гэнэ. Энэ тухай ярилцлага өгөхдөө тэрбээр асуудалдаа Ж.Батзандангийн хүүхд үүдийг хүртэл хутгаад амжчихжээ. Бас болоогүй, гадаад эхнэр, нөхөртэй улстөрчид ҮАБЗ-д мэдэгдэх тухай заалтад эмзэглэж, Ц.Оюунгэрэлийгээ өмөөрөх гэж байгаад харин ч “хийж” орхисноо мэдээгүй байх. Соёл, спорт, аялал жуулчлалын гэдэг тодотголоо “Батаар сайд” хэмээн “солиод” буй түүний талаар “Америк нөхөртэй байсан учраас л Батаарыг эх орондоо авчирсан. Энэ чинь глобалчлалын хүч” хэмээн хэлжээ. Түүний хандлага намын эрэгтэй гишүүдэд нь ч таалагддаггүй гэх. Ц.Оюунгэрэл сайдын тухайд Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үед туслах нь байсан, мэдлэг боловсролтой, шударга бүсгүй гэсэн төсөөлөл олон нийтэд байдаг. Тийм ч учраас сайдаар томилоход нь дэмжсэн. Гэтэл эрхэм сайд салбарынхныхаа санаанд нийцэх ажил ховор хийжээ. Харин ч түүнийг “Батаар”-аас өөр юм ярьдаггүй, хийдэггүй гэж шүүмжилдэг. Гаргаж буй шийдвэр, хийж байгаа үйлдэл нь түүний талаарх эерэг төсөөллийг бүдгэрүүлж эхлээд байна. Тухайлбал, 1941 оноос хойш цирк байрласан барилгыг Дондогдулам хатны музей болгох шийдвэр. Хэдийгээр уг барилга анх сүм байсан ч Ардын зураач Намхайцэрэн зураг төслийг нь гаргаад цирк болгон өөрчилсөн түүхтэй юм билээ. Чухам тэр л байшинд Монголын циркийн урлаг хөгжсөн, эдүгээ циркийн сургууль байрладаг. Гэтэл сайд циркчдийг байргүй болгож, гудамжинд гаргахаар болчихжээ. Оронд нь майхан цирк хөгжүүлэх “мэргэн” санаа олсон аж. Урлагт хайртай хүн бүр л энэ шийдвэрт ундууцаж байна.

Баянгол дүүргээс сонгогдсон С.Одонтуяа гишүүний тухайд хувийн амбийц ихтэйг намын нөхөд нь хэлдэг. “Би”- гийн өвчин туссан эрхэм гишүүн хэвлэмэл сонинг биш, телевизийн камерийг илүүд үздэг нэгэн. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын Ажлын хэсгийг тэр ахалж байгаа юм. “Би л ахалсан болохоор ийм төсөл боловсруулж чадлаа” гэх маягаар хандаж буй түүнтэй туршлагатай улстөрч, эдийн засагч Р.Амаржаргал лав санал нийлэхгүй байна лээ. “Аливаа бодлогыг эрсдэлийг багасгахын тулд л боловсруулдаг юм” хэмээн тэр төслийг нь чамлаад, хурал хаяж гарч явсан билээ. МАХН-ын З.Баянсэлэнгийн тухайд жагсаалтаар сонгогдсон, азтай “алдаа”-нуудын нэг гэдэг. Нэг итгэсэн хүнийхээ төлөө хөлийн улаа эргэтэл явж чаддаг тууштай зантай хэмээн тэр өөрийгөө тодорхойлсон. Намын дарга Н.Энхбаярынхаа төлөө үнэнчээр зүтгэдэг нь ч энэ зантай нь холбоотой биз. Хаа очиж тэр мэдэхгүй байж юм юманд хүртээлтэй загнахгүй, даруухан байдаг юм. Р.Бурмаа гишүүний хувьд нас намба тогтсон учраас дэгдэгнэж гүйгээд байхгүй, асуудалд ордоггүй.

Шинээр сонгогдсон эмэгтэйчүүд дундаа М.Батчимэг харин үнэлгээ сайн явдаг аж. Намын нөхөд нь ч түүнээс зөвлөгөө авч, саналыг нь сонсох дуртай гэнэ. Намбатай, боловсролтой гишүүнээс хоосон зан олж харахгүй. Энэ бүхнээс УИХ-д эмэгтэй гишүүн олон байвал л сайн хууль төрнө гэсэн бодол өрөөсгөл гэдгийг харж болно. Хүн амын 50 илүү хувийг эзэлдэг эмэгтэйчүүд УИХ-д энэ хэмжээний төлөөлөлтэй болсон нь сайн ч тооноос илүү чанар чухал гэдгийг сонгогчид болгоох биз ээ.


 С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.