Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ADIDAS”-ЫН ХУВЬ ЗАЯА БҮРХЭГ БОЛЛОО

 Өнгөрсөн долоо хоногт NBA-гийн эргэн тойронд олон сонирхолтой үйл явдал өрнөсөн. “Чикаго Буллз” багийн холбогч Деррик Рөүз бэртэл авчээ. Харин түүний гэмтэлтэй холбоотой “Adidas” брэндийн Америк дахь байр суурь ганхаж байна. Хоёрхон жилийн өмнө улирлын MVP болж байсан Рөүз 2012 оны хоёрдугаар сард “Adidas”-тай 13 жилийн 185 сая ам.долларын гэрээ байгуулсан нь тус компанийн түүхэнд сагсан бөмбөгчтэй хийсэн хамгийн өндөр үнэ гэж хэлж болно. Гэвч уг гэрээ хийсний дараа Деррик зүүн өвдгөндөө хүнд бэртэл авч, хасагдах шатанд багтаа туслах боломжгүй болсноор барахгүй өнгөрсөн улирлыг бүтэн өнжсөн билээ. Хачирхалтай нь энэ улиралд эргэн ирсэн 25 настай эр хэдхэн хоногийн өмнө баруун өвдгөө дахин гэмтээн, хагалгаанд орсноор нэг улирлыг алдах нь тодорхой болов. Талбайд гарах, эсэх нь ч тодорхойгүй байна. Рөүзийн бэртэл зөвхөн “Бухнууд”- д хохирол авчрахгүй нь тодорхой. Түүнд итгэл найдвараа хүлээлгэсэн “Adidas”-ын эрх чөлөөний орны зах зээлд тогтох гэсэн сүүлийн арга тасрах шиг.

Герман брэндийг сурталчилдаг өөр нэг од гэвэл Дуэйт Ховард. “Супермэн” сүүлийн хоёр жилд олон янзын ааш гаргаж, үзэгчдийн хамгийн үзэн яддаг тоглогчоор тодроод амжсан. Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сард өөрийн нэрийн шинэ пүүзээ гаргасан ч энэ нь ердөө таван сая орчим долларын л ашиг олжээ. Энэ нь гол өрсөлдөгч “Nike”-тай харьцуулахад хамаагүй бага мөнгө. Америкийн спорт брэндийн худалдаанд хэдийнэ байр сууриа эзэлчихсэн “Nike” зөвхөн 2012 онд гэхэд 3.7 тэрбум “ногоон”- ы ашиг олсон. Үүний 92 хувь нь алдарт Майкл Жорданы “Jordan” брэндээс орж ирдэг ажээ. “Adidas” пүүзний зах зээлд “Reebok”- ийн ачаар 5.5 хувийг эзэлж байна. Гэтэл энэ тоо 2004 онд гэхэд (тухайн үед “Reebok” тусдаа байв) 15 хувь байсан юм. Өдгөө пүүзийг нь өмсдөг NBA-гийн оддын арми гэвэл испани холбогч Рикки Рубио, Жон Уолл нараар дуусна.

Өнгөрсөн нэгдүгээр сард “Reebok” пүүзний зах зээлээс бүрэн гарч байгаагаа мэдэгдсэн тул Ж.Уолл өдгөө “Adidas”-ын харьяаны тоглогч болжээ. Харин эсрэг талд Леброн, Коби, Дюрант, Кармело, Пол, Уэстбрук зэрэг тоглогч “Nike” болон “Jordan”-ыг суртчилж байна. Аргаа барсан “Adidas”- ын удирдлагууд ирэх жилийн драфтын тэргүүн тоглогч гэж албан бусаар нэрлэгдээд буй шинэ од Андре Уиггинстэй 180 сая долларын гэрээ байгуулахад бэлэн гэдгээ мэдэгдэв. Энэ нь Леброныг 2003 оны драфтын №1-ээр сонгогдоход“Nike”-ийн амласан мөнгөнөөс хоёр дахин их хэмжээ. Сонирхолтой нь сагсан бөмбөг сонирхогчдын дунд герман брэндийн пүүзийг хараалтай гэж ярих нь олон. Үүнийг нотлох мэт сүүлийн үед тэдэнтэй гэрээ байгуулсан залуу тоглогчид хүнд бэртэл авах болсон.

“Денвер Наггетс”-ын итали довтлогч Данило Галлинари, “Никс”-ийн залуу хамгаалагч Юман Шампарт, улирал бүр л гэмтэж байдаг Эрик Гордон, NCAA-гийн залуу хамгаалагч Кевин Вайр гээд хүнд бэртэл авсан тоглогчдын жагсаалт үргэлжилнэ. Түүнчлэн Кевин Гарнетт, Трэйси Мак Грэйди, Гилберт Аренас зэрэг одын байнгын гэмтэл, карьер энэ компанийн бүтээгдэхүүнтэй холбоотой ч байж мэднэ. Цагтаа “Adidas”-ын хамгийн том төлөөлөл байсан К.Гарнетт ид үедээ байнга л хөл, шагайны бэртэл авдаг байв. Азаар улирал өнжих хэмжээний хүнд бэртэл цөөхөн авсан. Хоёр улирал дараалан онооны лидер болж байсан Т.МакГрэйди өвдөгний хагалгаанд орсныхоо дараа хуучин тоглолтоо үзүүлж чадаагүй бол Г.Аренас мөн л өвдөгний асуудлаар NBA дахь карьераа өндөрлөсөн.

Домогт Майкл Жордан анх NBA-д элсээд “Adidas”-тай гэрээ байгуулах хүсэлт тавьж байв. Гэхдээ тухайн үеийн удирдлагууд ирээдүйн сагсан бөмбөгийн бурхныг тоогоогүй гэдэг. Хэрвээ тэр үед алдарт тоглогчтой гэрээ үзэглэсэн Жорданы хувь заяа хэрхэх байсан бол?

 

Э.ТЭМҮҮЛЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.