Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГАНЗАГА ДҮҮРЭН АЙЛЧЛАЛ

Шинэ он дөтлөхөөс урьтаж, өнгөрсөн сарын 18-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зүүн өмнөд Азийн зарим оронд хийх төрийн айлчлалаа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсаас эхэллээ. Үнэт чулуу, байгалийн хий, газрын тосны арвин баялаг нөөц бүхий тус улс хоёр жилийн өмнөөс л өрнөдийн орнуудад үүцээ задлан, эдийн засгий н нээлттэй бодлого баримталж эхэлсэн агаад манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 57 жилийг үджээ.

…Мьянмар улсын агаарын орон зайд нэвтрэн орж ирснийг экипажийн ахлагч сонордуулав. Шинэ нийслэл Нэйбидо хот ялимгүй манантай, борооны дараах солонго татаж, +34 хэмийн дулаан байгаа тухай тэрбээр дуулгалаа. Хотын бараа алсаас сүүмэлзэж, тун удалгүй алдарт Уппататанти суваргын бараа буданг зүсэн гялтганан шаргалтаж, нов ногоон ой хөвч, энгүй өргөн зам хараа булаах аж.

Монгол, Мьянмарын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх уулзалт удахгүй энд эхэлнэ. Монгол Улсын төрийн тэргүүн 730 жилийн дараа Мьянмарын нутаг дэвсгэрт анх удаа хөл тавина. Айлчлалын хөтөлбөрийн дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч Тейн Сейн, Парламентын дээд танхимын дарга Кин Аунг Мьинтэй уулзан албан ёсны гэрээ хэлэлцээр байгуулсан. Тэдгээрээс хамгийн онцлууштай нь дипломат болон албан паспорт эзэмшигчид хоёр улсын хооронд зорчихдоо визийн шаардлагаас харилцан чөлөөлөгдөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байв.

Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан бизнесийн төлөөлөгчид ч нутгийн бизнесмэнүүдтэй холбоо харилцаа тогтоож амжлаа. Эмийн ургамлын салбарт хамтрах, улаан мод импортолж эхлэх тухай яриа нь гэрээ хэлэлцээрийн шатанд шилжив. Монголын хувийн хэвшлийнхний өргөжин дэвжсэн арга замыг Мьянмарын бизнес эрхлэгчид ихээхэн сонирхож буй байдал ажиглагдсан. Харин улс төрийн түвшинд Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлтийг мьянмарчууд голчлон сонирхож байсан бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монголчууд ардчилсан өөрчлөлтийг тайван замаар хийсэн тухай лекцийг Янгүний их сургуулийн багш, профессор, оюутнуудад уншив. Мьянмарын үнэт баялагт шунахайрсандаа бус, тэдэнд ямар нэгэн зүйлийг зааж сургах гэсэндээ бус, ардчилсан өөрчлөлтийг авчрахдаа алдаж, эндсэн зүйлээ чин сэтгэлээсээ хуваалцахаар ирснээ Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр тодотгож байлаа. Түүнчлэн ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах явцад олон улсын томоохон компани, үндэстэн дамнасан корпорац төдийгүй томоохон гүрнүүдээс үндэсний сонирхлоо хэрхэн хамгаалах вэ, том гүрнүүдтэй харилцаагаа хэрхэн тэнцвэртэй хадгалах вэ гэдэгт ихээхэн бэрхшээл учирдгийг ч нуулгүй тэмдэглэв. Янгүний их сургуульд зочилсноор албан ёсны хөтөлбөрүүдийг эцэслэж, Зүүн өмнөд Азид хийж буй айлчлалынх нь дараагийн зогсоол болох Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсыг зорилоо.

Ханой хотын “Ной бай” олон улсын нисэх онгоцны буудалд газардсанаас хойш Ерөнхийлөгчийн цувааг даган мотоцикль дээр мордож, өмнө хойно орон хурдлах замын цагдаа нар Вьетнамын эхний танилууд маань. Шавар шиг шар дүрэмт хувцас өмсөж, кобра маягийн дэгжин шил хамар дээрээ тохон, эрээн мод эргүүлсэн тэр эрхмүүд харин хөдөлгөөнд оролцогч автомашинуудад халтай бололтой. Ерөнхийлөгчийн цувааг өнгөрөөлгүй хөдлөхөөр завдсан автомашины толин дундуур эрээн мод гялсхийж, тар няр хийх чимээ сонстов. Цөөхөн миль туулах зуур дараагийн “дүрсгүй” жолооч автомашиныхаа толиноос хагацав. БНСВУ-ын Ерөнхийлөгч Чыонг Тан Санг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг албан ёсоор угтан, Гадаад харилцааны яам хооронд, батлан хамгаалах салбарт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Хууль зүйн яамдын хооронд, мөн газрын тосны салбарт хамтран ажиллах хэлэлцээрүүдийг салбарын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар үзэглэлээ. Удаах өглөө нь Ерөнхийлөгч болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчид Үндэсний баатруудын хөшөө болон Хо Ши Миний бунханд цэцэг өргөлөө.

Энэхүү ёслолыг сурвалжлахаар ирсэн сэтгүүлчид бунханд орох гэж хэд дахин нэгжүүлэв. Цүнх, зургийн аппарат, камер сэлтийг авч орохыг хориглосон тул үлдээж, давхар давхар шалгалтыг амжилттай давсныхаа дараа Хо Ши Миний бунханд цэцэг өргөх ёслолыг сурвалжлахаар гүйцгээлээ. Ард түмэндээ “Хо ах” хэмээн хүндлэгдсэн Хо Ши Миний бунхан нь 21.000 ам метр талбайг эзлэх агаад 21.6 метр өндөр, долоон баллын газар хөдлөлтийг тэсвэрлэхүйц баригдсан аж. Вьетнамын өнцөг булан бүрээс авчирсан хаш болон гантиг, боржин чулуугаар барьж, доод давхарт нь гэрэлтүүлгүүд, хоёрдугаар давхарт нь Хо Ши Миний занданшуулсан шарилыг байршуулж, гуравдугаар давхарт нь дээврийн хэсэг байхаар зохион байгуулсан байна. Вьетнам улсад төрийн болон албан ёсны айлчлал хийж буй гадаадын зочид төлөөлөгчид Хо Ши Миний бунханд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай аж. Эл бунханд долоо хоногт 15 мянган хүн хүндэтгэл үзүүлдэг байна. Вьетнамд айлчилсан өдрийн үдээс өмнөх ёсорхуу арга хэмжээнүүд өндөрлөж, Ерөнхийлөгч Хо Чи Мин хотод Монгол, Вьетнамын бизнес форумд оролцлоо. Хо Чи Мин хот борооны улирлын хэмнэлдээ хөтлөгдөж, +33 хэмийн халуунд, цэцэгсийн үнэрт нозоорч байв.

Харин улирлын энэхүү сайхныг мэдрэх сөхөөгүй, ажил ярьж яваа хүмүүс энд бас байна аа. Вьетнамаас малын эм импортлох гэрээг монгол бизнесмен үзэглэж, энэ улстай оёдлын салбарт ч өөр нэгэн компани хамтрахаар боллоо. Харин Вьетнамын талаас Монголоос газрын тос, коксжих нүүрс авах сонирхолтой байгаагаа дуулгасан. Яриа хэлэлцээнээс гэрээний шатанд шилжсэн нэгэн чухал хэлэлцээр боловсруулсан махны асуудлаар өрнөлөө. Вьетнамын компани монгол үхэр, хонины махыг боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр тогтсон юм. “Эдгээр гэрээ хэлэлцээрийг чулуу болгох уу, алт болгох уу гэдэг нь одоо бизнес эрхлэгчдээс өөрсдөөс нь шалтгаална. Ажлаа цааш амжилттай үргэлжлүүлбэл айлчлалын бүрэлдэхүүнд багтаж буй бизнес эрхлэгчид ямар ч байсан хоосонгүй, ганзага дүүрэн буцах нь” хэмээн Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар тоймлов. Хоёр орны худалдааны хэмжээ 2012 оны байдлаар 17.87 сая ам.доллараар хэмжигджээ. Айлчлалын үр дүнд худалдаа эрчимжинэ гэдэгт талууд эргэлзэхгүй байна. Хо Чи Мин хотын замын хоёр талаар хоолны газар болон наймаачдын элдэв өнгийн лангуу урсаад эндхийн амьдрал сонирхолтой ч юм шиг. Ханой хотод зургаан сая хүн бий гэж тэндхийн Элчин сайдын яамны ажилтан тайлбарлаж байна. Харин Хо Чи Мин хотод есөн сая хүн аж төрдөг аж.

Зүүн өмнөд Азийг зорьсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж одоо Сингапур улсад буудаллах учиртай. Арванхоёрдугаар сар гараагүй хэдий ч хот-улс зул сарын гоёл зүүсгэлээ өмсөж, үдшийн Сингапур үлгэрийн мэт өнгөөр гялалзах аж. Үнэ ихтэй брэндийн бараа таваар зардаг дэлгүүрүүдийн шилэн хорго гэрэлтэнэ. Өдөржин олны хөлд талхилуулсан урт гудамж ч үдэш нь амрах янз алга. Албан ёсны уулзалт, хэлэлцээрүүд хөтөлбөрийн дагуу тэнд өрнөсөн. Айлчлалын үр дүнд Улаанбаатар хотод мөдхөн “Сингапур хороолол” сүндэрлэх нь. Сингапурын 50 жилийн түүхтэй Орон сууцны хөгжлийн төв нийслэлд орон сууцны иж бүрэн хороолол барьж өгөхөөр шийдвэрлэж, гагцхүү биднээс газрыг нь шийдвэрлэж өгөхийг хүслээ. Хариуд нь Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар газрын асуудлыг шийдвэрлээд нэн даруй хариу өгөхөөр тогтов. Одоо тэдний ажил ундарч байгаа вий.

Нийт хүн амынх нь 85 хувь орон сууцанд амьдардаг Сингапур улсад орон сууцны зээлийг жилийн хоёр хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай олгодог механизмын талаар Төрийн орон сууцны корпорацийн захирал А.Гантулга, Монголын ипотекийн корпорацийн захирал Д.Гантөгс нар нэлээд мэдээлэл авсан. Улаанбаатар-Бээжин-Сингапурын чиглэлд ирэх оны нэгдүгээр улирлаас МИАТ нислэг үйлдэх болсон нь Сингапурт хийсэн төрийн айлчлалын өөр нэгэн олз. Дэлхийн хамгийн их ачаалалтай буудлуудаас зургадугаарт бичигддэг “Чанги” нисэх буудал нь Азидаа томд тооцогдох агаарын тээврийн том зангилаа аж. Тус нисэх буудлаас олон улсын 100 гаруй авиа компанийн онгоц 60 орны 250 гаруй хот руу нислэг үйлддэг гэнэ. Товчхондоо 100 секунд тутамд нэг онгоц тус нисэх буудлаас хөөрдөг аж. Хоёр улсыг холбосон нислэг үйлдэж эхэлснээр МИАТ Сингапураар дамжин Австрали, Зүүн өмнөд Азийн хурдацтай хөгжиж буй зах зээлд нислэг үйлдэх бүрэн боломжтой болох аж. Түүнчлэн энэхүү гэрээ хэлэлцээрийн хүрээнд Сингапурын алдарт “City Hall” метроны буудалд Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг үнэгүй сурталчилж, МИАТ компанийг Нью Дели, Австралийн чиглэлд нислэг үйлдэхэд дэмжихээ Сингапурын агаарын тээврийн “Чанги” групп амлажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөх дөхөж байна. Одоо тэрбээр Хонконгод саатах хөтөлбөртэй.

Хонконгийн бизнес эрхлэгчидтэй уулзаж, “The Economist” сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг “Дэлхий 2014 онд” арга хэмжээний үндсэн илтгэгчээр тэрбээр оролцох юм. Дэлхийн санхүүгийн бусад төвтэй харьцуулахад саахалтын зайд оршиж буй эдийн засгийн энэхүү төвд харьяалагдах 130 гаруй аж ахуйн нэгж Монгол Улсад 200 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн албан бус тоо баримт бий. Ерөнхийлөгчийн айлчлалын албан ёсны хөтөлбөрт орсон, анхаарал татмаар өөр нэг уулзалт арваннэгдүгээр сарын 28-ны өглөөний цайтай давхцав. ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн зэрэг хүмүүс оролцсон энэ уулзалтыг “ширүүн болсон” гэхээс өөр үгийг Засгийн газрын албан тушаалтнууд дуулгах янз алга. Манай Засгийн газрын гаргасан бонд, манайд үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын үнэт цаасыг худалдан авсан эрхмүүдтэй тэнд уулзсан аж. Зүүн өмнөд Азид хийсэн Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө. Товчхон хэлбэл, ганзага дүүрэн айлчлал ийнхүү шувтарлаа. Айлчлалын явцад хийгдсэн гэрээ хэлэлцээрүүд одоо ажил хэргийн шатанд шилжихийг харах л үлдлээ.


 Б.ЦЭЦЭГСҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.