Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ ААВ НЬ ЭНХИЙГ САХИУЛАГЧ ХҮҮГЭЭ УГТЛАА

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явуулж буй НҮБ-ын UNMISS ажиллагаанд Монгол Улсаас оролцож буй цэргийн багийн хоёрдугаар ээлжинд үүрэг гүйцэтгэсэн Мотобуудлагын батальоны 211 энхийг сахиулагч өнгөрөгч бямба гаригт эх орондоо ирлээ. Тэднийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат2Эрдэнэ, ЕТГ-ын дарга П.Цагаан, Батлан хамгаалах яамны удирдах бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, энхийг сахиулагчдын ар гэрийнхэн “Чингис хаан” олон улсын буудалд угтлаа. Энэ удаагийн энхийг сахиулагчдын дунд Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн лабораторийн эмч Э.Эрдэнэ буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дунд хүү үүрэг гүйцэтгээд ирсэн юм. Тэрбээр 1989 оны есдүгээр сарын 2-нд төрсөн бөгөөд АНУ-ын “Drexel University”-д биологийн чиглэлээр суралцаж, докторын зэрэг хамгаалсан байна.

Энхийг сахиулагчдыг угтан авах ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгч “Та бүхэн Өмнөд Судан улсад, Африкийн тэр хүнд нөхцөлд үүргээ нэр төртэй, маш сайн биелүүлж ирлээ. Үүнд ард түмэн, Зэвсэгт хүчний нийт байгууллагууд, бид бүхэн туйлын их баяртай байгаа. Өнөөдрийн ирж байгаа ээлж бол сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг шиг хамгийн их ачааллыг үүрч, удаан хүлээж эх орондоо газардаж байгаа хүмүүс юм. Сая зөрж очсон батальоны шинэ хүмүүсийг хүлээн авч, орон байр, эд хогшил, зэвсэг техник, үүрэг гүйцэтгэх бүх чиглэлийг зааварлаж өгөөд өнөөдөр эх орондоо газардаж байгаа юм. Энхийг сахиулагч нийт албан хаагчдадаа зориулж өнөөдөр Монгол Улсын төрийн зүгээс хүндэтгэл үзүүлж байна. Энэ удаагийн энхийг сахиулагчид ямар нэгэн зөрчил, осол гаргалгүйгээр, 850-иулаа үүргээ гайхамшигтай сайн гүйцэтгэсэнд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд, аав хүний хувьд маш их бахархаж байна. Миний хүү есөн сар та бүхэнтэй цуг алба хаагаад ирж байгаа. Тиймээс энд зогсож байгаа бүх аав, ээжүүд, ар гэрийнхний нэгэн адилаар хүүгээ, та бүхнийг маш их хүлээлээ. Аав хүний хувьд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд бүх хүүхдүүддээ албаа сайн хаагаад эх орондоо нэр төртэй эргээд ирсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв. Үүний дараагаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энхийг сахиулагч дайчдад Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Энхийн төлөө медаль гардуулж, бүгдтэй нь гар барин мэндчилсэн юм.

Есөн сарын хугацаанд уг үйл ажиллагаанд оролцсон Хил хамгаалах ерөнхий газрын 0151 дугаар ангийн алба хаагч Б.Энхтайван “Өмнөд Суданы ард түмний сайн сайхны төлөө олон аавын хүүтэй хамт үүргээ амжилттай гүйцэтгээд ирлээ. Миний хувьд энхийг сахиулах ажиллагаанд анх удаа оролцож, хуягт тээвэрлэгч хороотод эргүүл цувааны үүрэг гүйцэтгэлээ” хэмээсэн юм. Өмнөд Суданд нийт 850 албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцож, есөн сарын хугацаанд НҮБ-ын байгууламж, бие бүрэлдэхүүны аюулгүй байдлыг ханган, дүрвэгсэд болон орон нутгийн иргэдэд хүм үүнлэгийн тусламж үзүүлжээ. Жишээлбэл, Юнити мужийн Парианг суурин дахь бага сургуулийн барилгыг засаж, иж бүрэн тохижуулан, орон нутгийн удирдлагад хүлээлгэж өгсөн байна.


 Т.САЙНБУЯН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.