Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЭЛЧИН САЙД Б.БАТХИШИГ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

  Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг 11 дүгээр сарын 27-нд тус улсын Гадаад хэргийн сайд Абдулазиз Камиловт Итгэмжлэх жуух бичгээ барив.  Дараа нь ноён А.Камилов Элчин сайд Б.Батхишигтэй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.

Түүхийн хэлхээ холбоо, нийтлэг өв уламжлалтай, найрсаг харилцаа бүхий Узбекистан улстай улс төр, эдийн засаг, боловсрол, соёлын салбарууд дахь хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлж өргөтгөхийг Монгол Улс сонирхож байгааг Элчин сайд мэдэгдээд үүний тулд хэд хэдэн хэлэлцээр, баримт бичиг байгуулах шаардлагатайг дурьдав. 

БНУУ-ын Ерөнхийлөгч И.А.Каримов Монгол Улсад албан ёсоор айлчлах урилгатайг Элчин сайд нотлоод уг айлчлал хоёр улсын харилцаанд шинэ эрч, том түлхэц өгнө гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Уг айлчлалд бэлтгэх, мөн хоёр улсын харилцааны асуудлуудыг ярилцаж шийдвэрлэх зорилгоор Гадаад хэргийн яамдын зөвлөлдөх уулзалтыг 2014 оны эхний хагаст хийх санал тавив. Мөн хоёр улс олон улсын тавцанд хамтран ажиллах, тухайлбал Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд бие биенээ дэмжих, Улаанбаатарт байгуулж буй Далайд гарцгүй орнуудын судалгааны төвийг дэмжиж, түүнийг байгуулах тухай хэлэлцээрт нэгдэн орохыг элчин сайд санал болголоо. 

Узбекистаны Гадаад хэргийн сайд А.Камилов Монгол, Узбекистаны эдийн засгийн бүтэц ойролцоо, ижил төстэй учир уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт харилцан үр ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх нөхцөл боломж их байгааг тэмдэглээд элчин сайдын тавьсан асуудлуудыг анхаарч үзэхээ илэрхийлэв.  БНУУ-ын Ерөнхийлөгч И.А.Каримовын Монгол Улсад хийх айлчлалыг үр дүнтэй болгохын тулд Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг юуны өмнө хийх, Гадаад хэргийн сайд нарын харилцан айлчлалыг зохион байгуулж болохыг сайд А.Камилов тэмдэглэлээ.  Элчин сайд Б.Батхишиг мөн БНУУ-ын ГХЯ-ны зарим газрын захирлуудтай ажил хэргийн уулзалт хийв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.