Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Амьгүй” албатууд

 Бусдад баян болж харагдахын тулд газрын эздээс үхсэн албатуудыг нь худалдаж авдаг эрхмийн тухай Н.В.Гоголийн “Амьгүй албатууд” зохиолд гардаг. Түүнд албат нь амьд байх эсэх нь биш, тоо нь л чухал. Эл зохиолтой зарим талаараа утга дүйх үйл явдал манай улс төрд болоод байгаа юм. Цаасан дээр нэр нь байдаг, төсвөөс цалин авдаг ч хийж буй ажил нь тодорхойгүй ийм “амьгүй” албатуудаас зөвлөхүүдийг онцолж байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд төрийн бодлогыг тодорхойлдог өндөр албан тушаалтнуудад алдах эрх үгүй. Тэд бусдын л адил хүн учраас бүх зүйлийг мэдэж, төгс байж чадахгүй. Тиймээс төрийн бодлогыг тодорхойлохын тулд тэдэнд чадварлаг, тухайн салбараараа мэргэшсэн зөвлөх хэрэгтэй болдог.

Төрийн өндөрлөгүүд тэдний үгээр ажилладаг гээд хэлчихэд ч гэмгүй. Нэг ёсондоо маш чухал албан тушаал. Гэвч туршлага, мэдлэг, чадварыг харгалзахаас илүү “бялуу” хуваах байдлаар зөвлөх томилдог жишиг манайд тогтож, зөвлөхөөсөө илүү ховлодог, бантан хутгагчид олширч, тэр хэрээр төрийн ажлыг самарч байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан болсон “Том төрөөс ухаалаг төр лүү” чуулга уулзалтын үеэр онцлоод авсан. Дээрх гурван албан тушаалтнаас гадна сайд нар, УИХ-ын гишүүд ч зөвлөхтэй. 16 сайдын дэргэд 24 зөвлөх ажилладаг гэнэ. 21 аймгийн Засаг даргаас 15 нь зөвлөхтэй. УИХ-ын гишүүн тус бүртээ нэг зөвлөхтэй гээд тооцвол нэлээд тоо гарна. Сайд, дарга, гишүүд зөвлөхөөрөө найзаа, компанийнхаа захирлыг, гэр бүлийнхнээ авдаг. Зарим зөвлөх яамны аранга, төрийн аранга болдог гэж Төрийн тэргүүн онцолсон. Амьгүй албат шиг, аранга мэт зөвлөхүүдийн асуудлыг хөндөхийн тулд дээрээс нь эхэлье.

ЕРӨНХИЙЛӨГЧ

Түүнд найман зөвлөх бий. Л.Дашдорж эдийн засгийн, Л.Эрхэмбаяр хот, хөдөөгийн хөгжлийн, Ч.Сосормаа хүний эрх, иргэний оролцооны, Ч.Өнөрбаяр хуулийн, Л.Пүрэвсүрэн үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын, Э.Зоригт байгаль орчин, амьдрах орчны, А.Ганбаатар олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын, Р.Болд эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр тус тус ажилладаг. Түүний зөвлөхүүд харьцангуй туршлагатай хүмүүс харагдаж байгаа юм. Олонх нь 2009 оноос хойш Төрийн тэргүүнд зөвлөсөн. Эрхбиш Төрийн тэргүүн учраас зөвлөх сонгохдоо учиртай ханддаг биз. Бас “тэгш хуваарилалтын” зарчим ч баримтална. Түүний зөвлөхүүд дотор хүйсийн, намуудын, фракцуудын төлөөлөл бий. Зөвлөхүүд дундаа отгон нь Ч.Өнөрбаяр. Тэр 2012 онд зөвлөх болсон. Зөвлөдөггүй зөвлөх олдож, төрийг самарч байгааг шүүмжилсэн хурал дээрээ эрхэм Ерөнхийлөгч шүүхээс тухайн хүний үйлдсэн хэрэг бүрээр зүйл ангиа тодорхойлж, ял төлөвлөх ёстой, гэвч манай практикт “дундажлах” зарчим баримталж, хөнгөнийг хүндэд нь багтаан шийдэж байна хэмээн шүүмжилсэн. Тэгвэл яг ингэж ярихдаа тэр алджээ.

Шүүгчид, хуульчид түүний уг шүүмжлэлийг няцааж, “Манайд үйлдсэн зүйл анги бүрээр ял төлөвлөдөг. Гэхдээ 2-3 зүйлээр яллах байлаа гэхэд дээд хэмжээнээс нь давуулсан ял өгч болдоггүй зарчмаа баримталдаг” гэж байна. Хэрэв хуулийн зөвлөх нь сайн байсан бол Төрийн тэргүүн олон хүний өмнө буруу ярьж, алдахгүй байв. Н.Багабанди гуай Төрийн тэргүүн байх үед шүүх, цагдаагийн байгууллагад ажиллахдаа яг л хуульч, прокурор шиг ярьдаг, бүх асуудлыг нь мэддэг, ойлгодог байжээ. Учир нь түүнд хууль зүйн ухааны доктор, генерал С.Пүрэв зөвлөдөг байсан юм билээ. Ажлаа мэддэг, салбартаа насаараа ажилласан хүн зөвлөж байгаа учраас Ерөнхийлөгч ч тэр хэрээр “чамбай” байсан гэсэн үг. Тэгвэл Ч.Өнөрбаяр зөвлөх 2002 онд “Шихихутаг” дээд сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэсэн. Тэрбээр төгссөн сургуульдаа болон МУИС-д багшлаад 2010 оноос ҮАБЗ-д иржээ. Тэнд ахлах референтээс эхлээд дэд даргын алба хашиж байгаад 2012 оноос Ерөнхийлөгчийн зөвлөх хийж буй нэгэн. Англид мастерын зэрэг хамгаалсан залуу аж. Төрийн болон хууль шүүхийн салбарт ажилласан туршлага нь бага, багшлах, эрдмийн чиглэлийн ажлаа л түлхүү хийсэн гэсэн үг. Зөвхөн сургууль төгсөж диплом авсан биш, энэ салбартаа ажиллаж, дунд нь хутгалдсан хүн л илүү зөвлөх нь мэдээж учраас залуу зөвлөхөд туршлага, мэдлэг дутаж гологдох үе гардаг аж.

УИХ-ЫН ДАРГА

УИХ-ын дарга З.Энхболдод орон тооны дөрвөн зөвлөх бий. УИХ-ын гишүүн асан, намын андууд нь голдуу түүнд зөвлөдөг юм. Гишүүн асан Д.Одхүү түүний улс төрийн бодлогын, С.Ламбаа хэвлэл мэдээлэл, олон нийтийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажилладаг. УИХ-д 2-3 удаа сонгогдон ажиллаж, хууль тогтоож явсан эрхмүүдийг туршлага, мэдлэгээр өөлөх шаардлагагүй байх. Гэхдээ “яаж зүгээр суулгах вэ” гэсэн чихээний өнгө яалт ч үгүй харагддаг. Нийгэм, эдийн засгийн бодлогын асуудал эрхэлсэн зөвлөхөөр З.Нарантуяа гэдэг эмэгтэй ажилладаг юм байна. Түүний талаар мэдээлэл харин хомс байна. Хуулийн бодлогын зөвлөхийн орон тоо одоогоор эзгүй байгаа тул нэг нь хавсарч буй гэнэ.

ЕРӨНХИЙ САЙД

Өмнөх Ерөнхий сайд нар 4-5 орон тооны зөвлөхтэй байсан бол Н.Алтанхуяг энэ тоог долоо болгож нэмэгдүүлжээ. Түүний ахлах зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Л.Гансүх, зөвлөхөөр Д.Батмөнх, Б.Ган-Очир, Э.Дөлгөөн, М.Хүдэрбаатар, О.Цогтгэрэл, Кёкүшюүзан Д.Батбаяр нар ажилладаг. Долоон зөвлөхийн нэг болох гишүүн асан Д.Батбаяр сүмогийн спортоос зодог тайлмагцаа АН-д элсэж, ногоон гэрлээр УИХ-д сонгогдож явсан. Энэ эрхмийг Ерөнхий сайдад эрүүл мэнд, нийгмийн бодлогын чиглэлээр дорвитой зөвлөгөө өгч чадна гэдэгт итгэхээсээ эргэлзэх хүн олон биз. Тойргоо сольж, Ховдод өрсөлдөөд ялагдсан, намын санхүүд багагүй нэмэр болдог нөхрөө Ерөнхий сайд зөвлөхийн орон тоонд багтааж авсан нь энэ. Ер нь Ерөнхий сайдын олонх зөвлөх шавилхан залуус байгаа юм. Гадаад бодлогын зөвлөх Э.Дөлгөөнийг гадаадад сургууль төгссөн, хэлний мэдлэг сайтай гэх. Гэвч зөвхөн хэлний мэдлэгээр чадвар, туршлагыг орлуулах боломжгүй, хангалтгүй. Тэрбээр Н.Алтанхуягийг Тэргүүн Шадар сайд байхад туслахаар нь ажиллаж байсан юм. Нэг ёсондоо Ерөнхий сайд туслахаасаа зөвлөгөө авдаг болсон байна.

Засгийн газрын тэргүүнээ дагаж Бурхан Халдун ууланд авирч яваад төөрснийхөө дараа зөвлөх Б.Ган-Очирын хэвлэлд өгсөн ярилцлагыг хүмүүс онигооны оронд уншсан гээд хэлчихэд хатуудахгүй. Тийм зүйл ярьж байгаа хүн Ерөнхий сайдад юу зөвлөх вэ гэсэн сэтгэгдэл ч олон байсан. Энэ залуу сэтгүүлч мэргэжилтэй, “Боловсрол” телевизэд хэсэг хугацаанд ажилласан гэнэ. Зөвлөх болохоосоо өмнө тэрбээр АН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар жил гаруй ажилласан юм билээ. Нэг иймэрхүү туршлага нимгэн залуусыг хариуцлагатай албанд томилсныг нь “Сонгуулиар сайн ажилласны, эсвэл сайн тусалсны шагнал” гэж ойлгох юм уу, мэдэхгүй. 2004 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байх үед таван зөвлөхтэй байжээ. Тухайн үед түүнд Баабар төрийн байгуулалт, гадаад бодлогын, Да.Ганболд эдийн засгийн, П.Цагаан санхүү, мөнгөний бодлогын, Б.Дэлгэрмаа нийгмийн бодлогын, Д.Дорлигжав хууль зүйн зөвлөгөө өгч байв.

Одоогийн Ерөнхий сайдын зөвлөх банди нарыг эдэнтэй харьцуулаад үзэхэд л чансаа нь харагдана. Уг нь “Ерөнхий сайдад бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах үндсэн үүрэг хүлээж, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь чиглэсэн бүх талын бодлогын зөвлөгөө өгч, шуурхай үйлчилгээ, дэмжлэгээр хангах чиг үүрэгтэй” хэмээн зөвлөхийн үүргийг хууль, журамд тодорхойлсон. Гэвч дээрхийн адил зөвлөхүүдтэй, дээрээс нь тэд ажиллахгүй байгаа учраас байсгээд л хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ ороогдоод байдгийг нь уншигчид одоо ойлгож байгаа биз ээ. Сөрөг хүчний зүгээс Ерөнхий сайдыг огцруулах асуудал хөндөж, УИХ-аар хэлэлцэж байх үед цөөнгүй гишүүн “Зөвлөхүүд нь ажиллахгүй байна. Тэд хийх үйлдэл, хэлэх үгийг нь зөв чиглүүлээд өгсөн бол ийм байдалд орохгүй байсан” гэсэн сануулга өгч байсан юм. Гэвч Н.Алтанхуяг сайдын хувьд “залуусаа дэмжих” нь л чухал болохоос чанар, бодлого хамаагүй бололтой. Зөвлөгөө өгөхөөсөө илүү орон тоо бөглөсөн “амьгүй” албатуудаасаа төрийн өндөрлөгүүд маань салах цаг болсон. Хэтэрхий олдсон зөвлөхөө цөөлж, хуулийн, эдийн засгийн, гадаад бодлогын гэсэн гол салбарт чамбай зөвлөх ажиллахад л болмоор. Тэр хэрээр төсвийн зарлагыг ч хэмнэнэ.


С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.