Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Р.АМАРЖАРГАЛ: НАДАД БОДОХ ХУГАЦАА ОЛГОЖ БАЙГАА ЮМ УУ. БИ БОДЧИХСОН

 Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийн талаар “санамсаргүй” хэлэлцчихэв. Уг нь эл асуудал жагсаалтад байгаагүй юм. Байнгын хорооны дарга А.Бакей хэлэлцэх асуудлыг танилцуулах үеэр Р.Амаржаргал гишүүн өөрөө УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг нь яагаад хэлэлцэхгүй байгааг тодруулснаар танхимд дараах яриа өрнөсөн юм.

Р.Амаржаргал: -УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргаад нэлээд хугацаа өнгөрлөө. Асуудлыг яагаад хэлэлцэхгүй байна вэ. Ямар нэг далд учир шалтгаан байна уу. Миний хүсэлтийг хэлэлцүүлэхийн төлөө байнгын хорооны удирдлага ямар нэг алхам хийсэн үү?

А.Бакей: -Гишүүн өргөдлөө УИХ-ын даргын нэр дээр гаргасан. Долоо хоног бүр байнгын хороод болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталдаг. Таны өргөдлийг хэлэлцье гэсэн саналыг байнгын хорооны даргын хувьд Зөвлөлд гаргасан. “Хэлэлцэхийн хувьд хэлэлцэнэ, одоохондоо болоогүй” гээд хэлэлцэх асуудалд оруулаагүй.

Р.Амаржаргал: -“Одоохондоо болоогүй” гэдэг нь юу гэсэн үг юм бол?

А.Бакей: -Үүнийг холбогдох дарга нараас асуусан нь дээр байх. Миний ойлгож байгаагаар та бол АН-аас нэр дэвшиж, энэ намын нэрийн өмнөөс УИХ-д сонгогдсон гишүүн. Мөн танд сонгогч олон түмнээс итгэл хүлээлгэсэн мандат байгаа. Тийм учраас хувь гишүүнийхээ хувьд тунгаан бодох нь зүйтэй гэсэн агуулга байгаа болов уу.

Р.Амаржаргал: -Надад бодох хугацаа олгож байгаа юм уу. Би бодчихсон. Нэлээд эрт бодсон. УИХ-ын гишүүнийг төрийн түшээ гэж өргөмжилдөг. Тэр хүмүүс нь асуудал тавьж байхад УИХ-ын удирдлага санаачилга гаргах хэрэгтэй гэж үзэж байна уу?

А.Бакей: -Танд түрүүн тайлбараа хэлсэн. Би танд байцаагдмааргүй байна.

Р.Амаржаргал: -Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор тодруулж байна. Тодруулга өгөх сонирхолгүй байгаа бол хэлэлцэх асуудлын эхэнд миний хүсэлтийг хэлэлцэх, эсэх асуудлыг санал хураалтаар шийдвэрлэж өгөөч.

Р.Гончигдорж: -Өөрийнхөө асуудлыг өөрөө хэлэлцэж өгөөч гэж байна. Өөр гишүүн оруулсан бол би санал хураахад бэлэн байна. Сонирхлын зөрчилтэй асуудал оруулж байгаа учраас санал хураах боломжгүй.

Д.Эрдэнэбат: -Р.Амаржаргал гишүүн өөрийнхөө асуудлыг хурдан шийдүүлье гээд яарч байх шиг байна. Асуудлыг шийдэх хуулийн хугацаа байхгүй. Төрд орж, гарах нь өндөр хариуцлага. Ний нуугүй хэлэхэд, УИХ-ын гишүүн болчихоод дуртай үедээ ажлаа өгье гээд гараад явчихдаг байж болж байгаа юм уу. Энэ утгаараа Р.Амаржаргал гишүүнийг бушуухан гаргачихъя гэж яаран сандран хэлэлцэх шаардлага байна уу. Р.Амаржаргал гишүүн ч бодож үзнэ биз дээ. Хоёрдугаарт, энэ долоо хоногийн төлөвлөгөөнд эрхэм гишүүний асуудал ороогүй. Заавал тусгах заалт ч бас байхгүй. Ойрын хугацаанд хэлэлцэх нь зүйтэй гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ УИХын гишүүний бүрэн эрхийн асуудал яригдаж байгаа учраас асуудлыг Зөвлөлийн хурлаар шийдүүлээд оруулах нь зүйтэй.

Н.Батцэрэг: -УИХ-ын гишүүн тодорхой асуудал тавиад албан ёсоор хандсан байхад шуурхай хэлэлцэх хэрэгтэй. Хуульд хугацаа заасан зохицуулалт байхгүй ч шуурхай шийдсэн тохиолдол нэг биш бий. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн асуудлыг дэгээр зохицуулдаггүй ч бидний соёл болоод хэвшчихсэн. Р.Амаржаргал гишүүн улстөрчийн хувьд “насанд хүрсэн” гэж тодорхойлж болохуйц, төлөвшсөн хүн. Хүсэлт гаргахдаа өөрөө бодож, тооцсон байлгүй дээ. Чухам ийм үйлдлээрээ олон түмэнд тодорхой зүйл бодуулж, магадгүй та бидний олж харахгүй байгаа зарим зүйлд олон түмний анхаарлыг хандуулах гэсэн байж ч болох юм.

Су.Батболд: -УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ татгалзах тухай асуудал нь ямар нэг нам, улс төрийн хүчин түүнийг нь зөвшөөрөх, зөвшөөрөхгүй байх тухай яриа биш. Мөн энэ хүн ард түмнээс сонгогдчихоод, эцэст нь хариуцлага хүлээхгүй байгаа асуудал ч биш. Угаасаа улс төрийн намаас сонгуульд нэр дэвшдэг ч, нэр дэвших саналыг хувь хүн өөрөө гаргадаг. Монголын ардчилсан парламентын түүхэнд гишүүний бүрэн эрхээс татгалзаад, гараад явсан түүх зөндөө бий. Хуулийн зохицуулалт нь ч байна. Намын бүлэг нь асуудлыг хэлэлцээд болно, болохгүй гэж байгаа нь УИХ-д нам, улс төрийн үүргийг хэтэрхий өндөрт тавьж байгаа нэг хэлбэр.

М.Энхболд: -Энэ хүн 14 хоногийн өмнө өгсөн өргөдлөө шийдүүлэх талаар зүй ёсны шаардлага тавьж байна. АН-аас сонгогдсон хүн гэж асуудлыг яриад байна. Р.Амаржаргал гишүүн хувь хүнийхээ үүднээс өргөдлөө гаргасан гэж ойлгож байгаа. Ардын намын нэрийн өмнөөс санал авч, гишүүн болсон хүнийг АН саналтай, юутай хүйтэй нь аваад явж л байсан. Тэгээд ч өнгөрөгч 21-ний өдөр хуралдсан Зөвлөлийн хурлаар бидэнд өгсөн материалд энэ сарын 25-ны өглөө Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Р.Амаржаргалын асуудлыг хэлэлцэнэ гээд орчихсон байсан. Үүгээрээ ч батлагдсан. Өнөөдөр (өчигдөр) энэ асуудлыг хэлэлцэх юм байна гэж бодсон. Одоо санал хурааж шийдэх хэрэгтэй.

Р.Гончигдорж: -Р.Амаржаргал гишүүн яарч, цаг хугацаанд хавчигдаад, өөр ажил хүлээж авах гэж байгаа бол асуудлыг нь хэлэлцье. Нэг долоо хоног юу ч биш. Ингээд Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаах, эсэхийг шийдвэрлэхээр санал хураахад 10 гишүүнээс дөрөв нь л “хэлэлцье” хэмээн дэмжсэнээр, хэлэлцэхээргүй болсон юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.