Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТӨГС СИСТЕМИЙН ЭРЭЛД ДАХИН МОРДЛОО

Улсын төсвөө хэлэлцэх гэж хэсэг бужигнаад амсхийж байсан улс төр уржигдраас дахин сэргэв. Улс төрийн хүрээнийхэнд сонирхолтой сэдэв болох Сонгуулийн хууль, түүний тогтолцоог мажоритар, пропорциональ системийн харьцаа яг тэнцүү буюу 38:38 болгож өөрчлөх саналыг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгээс дуулгажээ. 2008-2012 онд үйл ажиллагаа явуулсан УИХ баахан маргаж, эцэст нь 76 гишүүний 48-ыг олон мандаттай тойргийн, 28 хүнийг намын жагсаалтаар сонгох холимог системийг сонгосон. Уг системийн үр дүн нь одоогийн 76 гишүүн юм. Гэвч системээ өөрчлөөд ч маргаан тасарсангүй.

Сүүлийн гишүүн сонгууль болсноос жил гаруйн дараа л бүрэн эрхээ баталгаажуулсан бол Увс аймгаас сонгогдсон гишүүдтэй холбоотой маргаан шувтраагүй л байна. Нэг ёсондоо сонгуулийн систем төгс биш байж. Тиймээс Сонгуулийн нэгдсэн хууль боловсруулах үүрэгтэй Ажлын хэсгийнхэн төгс системийн эрэлд хатжээ. УИХ-д суудалтай бүх нам, СЕХ болон иргэний нийгмийн байгууллын төлөөлөл багтсан Ажлын хэсэг жил гаруйн хугацаанд хэдэнтээ хуралдсан ч тодорхой төсөл санал болгож, цаасан дээр буулгаж завдсангүй. УИХ бүр Сонгуулийн хуулийг өөрчилдөг, тэр бүрт нь “Эрх баригчид өөрсдөдөө хуулийг нийцүүллээ” гэх хардлага гардаг учир ийнхүү болгоомжилсон байна.

ТАВАН ХУВИЛБАР ДЭЭР ЗӨВШИЛЦӨНӨ

Ажлын хэсэгт багтсан ИЗНН, “Шударга ёс” эвсэл болон АН-ын гишүүд холимог систем бүхий 38:38 хувилбарыг дэмжсэн аж. Мөн холимог дотроо одоогийн 48:28 харьцааг хадгалах, эсвэл 28:48 байх гэсэн хоёр өөр сонголт бий. Харин МАН-ынхан 100 хувь мажоритар, эсвэл 100 хувь пропорциональ системтэй байх санал дэвшүүлжээ. Хэдийгээр хоёр системийг 50:50 хувиар “холих” санал Ажлын хэсэг дээр олонхийн дэмжлэг авсан ч дээрх таван хувилбар тус бүрээр санал боловсруулж Бүлгүүдээр ярилцахаар шийдсэн байна. Бүлгүүд саналаа нэгтгэж, дүгнэлтээ гаргасны дараа Ажлын хэсэг түүнийг нь нэгтгэж, “тоймлох” нь зөв гэж үзсэн юм билээ. Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд тусгах олон асуудлын нэг нь л тогтолцоо хэдий ч чухамхүү энэ асуудал олны анхаарлыг хамгийн их татаж буй. Тиймээс эхлээд Бүлгүүд үндсэн зарчим, үзэл санаагаа зөвшилцөж, нэгтгэсний дараа л төсөл цаасан дээр буух гэнэ.

ПРОПОРЦИОНАЛЬ СИСТЕМИЙН “АЛДАА”- НУУДЫГ НЭМЭХ ХЭРЭГ БАЙНА УУ

Өмнөх УИХ-ын үед 100 хувь пропорциональ систем сонгох нь зүйд нийцнэ, олон намын төлөөлөл сонгогдоно гэх мэтээр давуу талыг нь тодорхойлж байв. Гэвч намууд нь өөрийн үзэмжээр 28 хүнээ эрэмбэлээд, нийт сонгогчоос авсан саналаараа хуваарилж УИХ-д оруулаад ирсний дараа уг тогтолцооны сул талыг олон нийт харсан. “Шударга ёс” эвсэл нийт сонгогчийн 10 гаруй хувийн санал авснаар З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нарын “алдаа”-нууд УИХ-д орж ирэв. Гудамжинд жагсаж, Н.Энхбаяр даргаа өмөөрч явсан, олон нийтэд төдийлэн хүлээн зөвшөөрөгдөхөөргүй эрхмүүд ийнхүү УИХ-ын өндөр босгыг зовлон багатай давчихсан нь шүүмжлэлийн шалтгаан байлаа. УИХ дотор ч тойргоор болон жагсаалтаар сонгогдогчдын дунд ялгаа гарч, “Би бол ард түмнээсээ санал авч, эрийн сайндаа гарч ирсэн. Чи лааз өшиглөж яваад л азаар сонгогдоо биз дээ” гэх маягийн дорд үзсэн хандлага гарч эхэлсэн юм. Намдаа ахиухан хандив өргөсөн л бол жагсаалтын урдуур “мөнгөөр зодож” орох боломж одоогийн тогтолцоонд бий. Мэдлэг, чадвар, эх орноо гэх сэтгэл гэхээс илүү мөнгөний нүдээр хууль баталдаг түшээ олшрох, пропорциональ системийн “алдаа”- нууд нэмэгдэх вий гэсэн болгоомжлол ч байна. Гэвч намын нэрээр эрэмбэлэх пропорциональ тогтолцоонд итгэл алдраагүй улстөрч цөөнгүй байгаа нь Ажлын хэсэг дээр гаргасан саналаас харагдана. Гэхдээ дээрх шүүмжлэлийг тэд бас бодолцжээ. Нам нь жагсаалтаар дэвшүүлэх хүмүүсээ санал болгоно, харин эрэмбэлэх эрхийг сонгогчид эдлэх нэг хувилбар бас байгаа аж. Ингэвэл илүү шударга болж ч мэдэх. Цаасан дээр буугаагүй ч 2016 оноос өнгөө өөрчлөн хэрэгжих Сонгуулийн хууль холимог системээ үргэлжлүүлж, ингэхдээ пропорциональ системийн хувийг нэмэх магадлал өндөр байна. Ирэх өдрүүдэд өрнөх халуухан сэдвийн нэг нь сонгуулийн тогтолцоо байх нь. Гэхдээ төгс сонголтдоо дөхсөн хувилбар олно гэж найдъя.


С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.