Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үхрийн гол махан стейк

Үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа “Peace” зоогийн газрын тогооч Б.Чулуунбатын бэлтгэсэн үхрийн гол махан стейкийг эзэгтэй Та хийгээд үзээрэй. Гэрт хийхэд тун хялбар юм билээ. Хамгийн чухал нь гол махыг элдэв хурц амтлагчаар амтлаагүйн дээр хачир болох төмсний бялуунаас цөцгийн тос, сүүний зөөлөн амт мэдрэгдээд тун догь юм.

ОРЦ:

•Гол мах-300 гр

•Төмс-2 ш

•Сүү-300 гр

•Чидуны тос-50 гр

•Цөгийн тос-50 гр

•Гич, хүнсний хүчил, зөгийн бал, давс, перец зэрэг амтлагчийг та өөрийн амтлах мэдрэмжид тохируулаарай

ХИЙХ АРГА:

Гол махыг хальс, холбоос эдээс нь салгаж, цэвэрлээд 5 см зузаантай хэрчиж, бага зэрэг давтана. Чидуны тосонд (хоолны халбагаар 2) бага зэрэг розмарин, давс, хар перец хийж сайтар хутгаад махны гадаргууд түрхэж амтална. Хайруулын тавгийг сайтар халаасны дараа амталсан махыг хоёр талаас нь 5-7 минут шарж, хайрсан гадарга тогтооно. Хэрэв хайруулыг сайн халаалгүй шарвал махны шүүс гарч, аргуу болохыг анхаарна уу. Үүний дараа махыг 170-180 хэмд халаасан шарах шүүгээнд ойролцоогоор 25-30 минут шарж болгоно. Энэ үед маханд амтлагч болон шүүс нь шингэж, гайхалтай амттай, зөөлөн болно.

Одоо хачруудаа бэлтгэе. Төмсийг хальслаад, сүүнд хийж, дутуу болгож аваад, нимгэн хавтгай хэрчээрэй. Үүнийгээ 5-6 давхар үелэн тавина. Үе бүрийн завсарт хайлуулсан бага зэрэг цөцгийн тос дусаавал зөөлөн амттай болно. Үзэмжтэй, бас амттай энэ хачир бүх төрлийн шарсан маханд гайхалтай зохицох юм билээ. Б.Чулуунбат энэхүү хоолны туслах хачирт цагаан, ногоон цэцэгт байцаа, шинэ ногооны салат сонгожээ. Цэцэгт байцааг 3-4 минут чанаад, шүүж авсны дараа мөн л цөцгийн тосоор амтлав. Улаан сонгино, амтлаг ногоон чинжүүг уртааш нь хэрчинэ. Улаан лооль, өргөст хэмхийг нимгэн хавтгай, салат навчийг жижиглэн хэрчээрэй. Эдгээрийг тус зоогийн газрын нэрийн амтлагч болох гич, зөгийн бал, чидуны тос, хүнсний хүчлийн нийлмэл сүмсээр амталлаа. Зөгийн балны чихэрлэг, гичний хэл дарвигануулсан, хүнсний хүчлийн сэнгэнэсэн, чидуны исгэлэн амт нийлээд өвөрмөц час хийсэн амттай сүмс болдог юм билээ.

Шинэ ногооны салатанд тохирсон, тун догь амт, үнэр оруулсан шинэлэг сүмс байсныг онцлох хэрэгтэй. Шарсан, жигэнэсн гэхчлэн төрөл бүрийн аргаар бэлдсэн маханд сүмс хамгийн чухал элемент байдаг шүү дээ. Тэгэхээр энэ стейкний сүмс бас л онцгой амттай байлаа. Тус зоогийн газрын нууц жор гэсэн ч шалсаар байгаад ам алдуулж дөнгөлөө. Гэхдээ нарийн жор, орцыг мэдэж чадсангүй. Ямартай ч 100 гр улаан дарс, эсвэл улаан усан үзэмний хүчилд тал сонгино, таррагон хэмээх ургамлын навчнаас бага зэргийг хийгээд 50 гр болтол нь чанаад, шүүж авна. Үүн дээрээ 10 гр орчим цөцгийн тос, 1 ширхэг өндөгний шар уураг нэмж сайтар хутгахад “тасархай” амттай сүмс бэлэн болж байгаа юм. Энэ үдшийн хоол гэрийнхэнд тань гарцаагүй таалагдана гэдэгт итгэлтэй байна.

1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.