Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ХААН” СОНГОЛТ ХААЧИВ

Хөгийн, хөх инээд хүрмээр зүйлүүд болоод л байх юм аа. Хөвсгөл, Дорнод аймаг жил тойрон эзгүй ханхайж, төрийн ажил орон нутагт эзэнгүй цалгардав. Засаг даргаа томилж чадахгүй хоёр дахь жилийнхээ нүүрийг үзнэ гэдэг бол үнэндээ инээдэм гэхээс эмгэнэл гэлтэй. Орон нутгийн сонгууль болж өнгөрснөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд эл хоёр аймагт шинэ Засаг даргатай болох гэсэн ямархан хүсэл эрмэлзэл, хүчин чармайлт, үйл явц өрнөснийг багцалж, сануулахыг хичээе.

ЕРӨНХИЙ САЙД ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХИЙГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ

Хөвсгөл аймгийн хувьд өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 28-нд шинээр байгуулагдсан ИТХ нь анхны хуралдаанаа хийж, аймгийн МАН-ын хорооны дарга Л.Ганболдыг Засаг даргад нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжилсан. Ерөнхий сайд хариу илгээсэн албан бичигтээ ямар нэг шалтгаан, үндэслэл заалгүй томилохоос татгалзсан. ИТХ нь дахин хуралдаж, Л.Ганболдын нэрийг Засгийн газрын тэргүүнд илгээснийг хоёр дахиа Н.Алтанхуяг мөн л хүлээн авахаас татгалзав. Ингэхдээ Засаг даргад нэр дэвшигчийг тодруулсан ИТХ хуулийн хугацаанд хуралдаагүй, хуралдааны дэг зөрчсөн учир хурал хууль бус гэсэн үндэслэл дурджээ. Гэвч ИТХ нэг асуудлаар гурав дахиа хуралдаж, Л.Ганболдыг гурвантаа уламжлах нь тэр. Ерөнхий сайд ч мөчөөгөө өгөхгүй “хурал нь хууль бус” гэсэн үндэслэлээ тавьсаар. Энэ хооронд буюу 2013 оны нэгдүгээр сарын 7-нд өмнөх ИТХ-аас томилогдож, дөрвөн жил Засаг даргаар ажиллаад байсан Л.Цэрэнжавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр аймгийн АН-ын хорооны дарга Д.Амарбаясгаланг томилсон. Хуульд байхгүй албан тушаал гарган ирж, хүн томиллоо гэж МАН-ынхан Үндсэн хуулийн цэцэд хандаж, Цэц шийдвэр гаргахаас өмнө Ерөнхий сайд томилгоогоо буцааж, Л.Цэрэнжавыг үүрэгт ажилд нь эгүүлэн тавив. Үүнтэй хамт аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга М.Ганболд Засаг даргад Л.Ганболдыг нэр дэвшүүлсэн хурал нь ч, тогтоол нь ч хууль бус гэдэг үндэслэлээр захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Мөн Л.Ганболд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль зөрчиж, ИТХ-аас Засаг даргаар томилуулахаар хоёр дахиа өргөн мэдүүлсэн миний нэрийг тав хоногийн дотор батламжлаагүй гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд бас хэрэг үүсгэв. Гэвч Л.Ганболдыг томилсон хурал нь хууль бус гэсэн асуудлаар бас хэрэг үүсээд байсан тул Ерөнхий сайдад нэхэмжлэлтэй Л.Ганболдын гомдлыг хэлэлцэхээс түр түдгэлзүүлсэн байна. Харин өнгөрөгч есдүгээр сарын 30-нд Хөвсгөл аймгийн ИТХын Засаг даргад Л.Ганболдыг нэр дэвшүүлсэн хурал хууль бус байсан эсэхийг Улсын дээд шүүх эцэслэн тогтоохдоо, “ИТХ хуулийн дагуу хуралдаж, хүчин төгөлдөр шийдвэр гаргасан” хэмээн үзсэн байна. Түр түдгэлзээд байсан Л.Ганболдын гомдлыг нийслэлийн Захиргааны хэргийн шүүх өнгөрөгч сарын 22- ны өдөр сэргээж, анхан шатанд хэлэлцэж эхлээд байгаа юм байна. Н.Алтанхуяг сайд хууль зөрчсөн эсэхийг шийдвэрлэх анхан шатны шүүх хурал өнөөдөр болно.

М.БАДАМСҮРЭН ЦЭЦЭД ХАНДЖЭЭ

Дорнод аймагт МАН олонх болж, аймгийн намын хорооны дарга М.Бадамсүрэнг Засаг даргаар томилохоор Ерөнхий сайдад хоёронтаа уламжилсан ч Н.Алтанхуяг батламжлаагүй. Ингэхдээ Н.Алтанхуяг сайд мөн л ямар нэг үндэслэл заагаагүй, зүгээр л “Томилохоос татгалзаж байна” гэсэн албан бичиг илгээсэн. Ингээд тав хоногийн дотор батламжлаагүй гэдэг үндэслэлээр М.Бадамсүрэн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Ерөнхий сайд Н.Алтанхуягт нэхэмжлэлтэйгээр хандсан юм. Хөвсгөлд томилсонтой адил Засаг даргыг түр орлон гүйцэтгэгч гэх албан тушаал тус аймагт ч бий болоод алга болсон юм. Өмнөх сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ-аас томилогдсон Засаг дарга Ц.Жанлавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, аймгийн АН-ын хорооны дарга Д.Цэрэнчимэгийг үүрэг гүйцэтгэгчээр томилов. Д.Цэрэнчимэгийг сар гаруйн дараа үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ц.Жанлавыг Засаг даргаар эгүүлэн томилсон ч тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаас болж Дорнодыг эзэнгүйд үүлсэн. Шүүхээр асуудлыг шийдвэрлэх явцад Ерөнхий сайдын зүгээс М.Бадамсүрэнг төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэл, нотолгоо тавив.

Анхан шатны шүүх асуудлыг М.Бадамсүрэнгийн талд шийдвэрлэсэн ч өнгөрөгч сард гарсан Дээд шүүхийн эцсийн шийдвэр Ерөнхий сайдыг зөвтгөв. Гэвч төрийн албанд гурваас доошгүй жил ажиллаагүй хэмээн Ерөнхий сайдад “ад үзэгдсэн” М.Бадамсүрэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хуулийг нэг мөр дагаж мөрдөөгүй, хөрөнгө чинээ, үзэл бодлоор нь ард иргэдээ ялгаварлан гадуурхсан, хуульд нийцсэн шийдвэр гаргаагүй гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандаад байна. Түүнийг томилохоос татгалзсан Н.Алтанхуяг сайдын шийдвэр хуульд нийцэж байгаа юм бол өнг өр өгч арваннэгдүгээр сард гаргасан 80 дугаар захирамжаар Баянхонгор аймгийн Засаг даргаар Д.Жаргалсайханыг, 92 дугаар захирамжаар Төв аймгийн Засаг даргаар Д.Баярбатыг томилсон шийдвэр нь хууль бус гэдэг үндэслэлээр Цэцэд хандсан нь энэ аж. Өнгөрөгч сард гаргасан түүний гомдлыг Цэц 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой ч хэлэлцэх тов гараагүй л байна. Мөн тус аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтохыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлж, хэсэг хугацаанд Засаг даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаад амжсан Д.Цэрэнчимэгийг Засаг даргын орлогчоор томилсон байна. Л.Хишигтогтохыг нь нэр бүхий хүмүүсийн өргөдлийн дагуу АТГ-аас Хэрлэн суманд баригдаж буй Ардчиллын гудамж, усан бассейны барилгын ажлын гүйцэтгэлийн явц, мөн уг ажлын сонгон шалгаруулалттай холбоотойгоор буруутган шалгаж байгаа аж. Асуудал нь аль хэдийнэ жил дамнаад байгаа ч ахиц дэвшил гэхээр зүйлгүй, харин ч ужгирч удамших шинжтэйгээр үйл явц өрнөж байна.

Төрийн ажил хийсэн туршлагын хувьд өөртэй нь эгээ ижил хүмүүсийг Төв, Баянхонгор аймагт Засаг даргаар томилчихсон хэрнээ “Ардын намын гишүүнийх нь хувьд намайг ялгаварлан гадуурхлаа” хэмээн гоморхож яваа Дорнодын М.Бадамсүрэн хөл хүрэх газраа хүртэл заргалдана гэдгээ мэдэгдээд буй. Түүний зарга хаана хүрч, хэзээ дуусахыг хэлэх хүн одоогоор алга. Одоо дөнгөж анхан шатандаа яваа Хөвсгөлийн Л.Ганболдын асуудал ч шүүхийн бүх шат, дамжлагыг давж байж шийдэгдэнэ гэвэл 2014 оныг нэлээд гаргаж байж эцэслэхээр байна. Засгийн газраас чиглэл өгч, ИТХ-аа хуралдуулж, Засаг даргын асуудлыг ярихаар байна уу гэвэл бас л үгүй. Хуулийн дагуу арванхоёрдугаар сарын 5-ны дотор орон нутаг төсвөө батлах ёстой тул зөвхөн төсөв хэлэлцэх гэж эдгээр аймгийн ИТХ ээлжит хуралдаанаа зарлаад байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны индрээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын ард түмний сонголтод хэн ч эрүүгийн хэрэг үүсгэх эрхгүй. Сонгогдсон байхдаа төдийгүй, сонгогдоогүй нэр дэвшчихсэн явахдаа ч халдашгүй дархан эрхтэй байдаг. Тэр хүмүүс ард түмний сонголтоор сонгогдсон” гэж хэлээд ард түмний сонголтыг “хаан” хэмээн тунхагласан. Төрийн тэргүүний энэ үгийг хэлэх, хэрэглэх хүн даанч олон. Харамсалтай нь Монголын хамгийн том хоёр аймгийн иргэдийн сонголт хаан байтугай “харц”-ын дайтай ч үнэлэгдэхгүй байна. Тэнд хүн зон нь зутарч гүйцлээ. Хоёр тийш харж гэдийхээр хэн нэг нь буулт хийвэл яасан юм бэ. Ялангуяа улс гэрийн өдөр тутмын ажил амьдралыг залгуулах үүрэгтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг та арай санаачилгатай хандах хэрэгтэй юм биш үү.


 Б.НОМИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.