Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.Энхболд: Увсын асуудлыг хэлэлцэх эрх СЕХ-нд байхгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2013.11.18/ ээлжит хуралдаанаа хийлээ. Энэ долоо хоногт Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан юуны өмнө "Алт" хөтөлбөр ямар үүрэг гүйцэтгэж ирсэн, ямар ач холбогдолтой байсан талаар бүлгийн гишүүд ярилцав. МАН-ын бүлгийн хувьд алтны худалдааг олон нийтэд ил тод, нээлттэй, ойлгомжтой болгох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, ямар тохиолдолд хэн ямар хариуцлага хүлээх талаарх хуульд тусгагдсан асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ энэ хуулиар татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа гэж бүлгийн дарга Н.Энхболд мэдээллээ. Тэрээр "Энэ саналыг “Оюутолгой” ХХК өөрсдөө гаргасан эсэх нь эргэлзээтэй. Засгийн газар өөрөө санаачилж байгаа нь байж болохгүй асуудал. Үүний цаана төсөвт ихээхэн хэмжээний дутагдал бий болох эрсдэлтэй.

Хуулийн төслийн талаар намуудын бүлгээс ажлын хэсэг байгуулсан. Өнгөрсөн долоо хоногт алтны олборлолт, тушаалтын асуудлаар гааль, банк, яам, цагдаа, тагнуулын байгууллагын төлөөлөл оролцсон уулзалт болсон. Намын бүлгээс уулзалтад оролцсон эдгээр байгууллагад албан ёсны тоо баримт авах хүсэлтээ тавьсан. Хариу нь ирж байгаа.  Тиймээс холбогдох байгууллагуудын төлөөлөл энэ долоо хоногт дахин уулзахдаа албан ёсны тоо баримт дээр түшиглэн ярилцана. Тэр үед ажлын хэсгийн санал, дүгнэлтээс хамаарч манай бүлэг байр сууриа илүү тодорхой болгоно" гэлээ.  Мөн дарааллын хувьд суурь хуулиудаа гаргасны дараа бүтцийн буюу Мөрдөх албаны тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Ер нь тагнадаг, мөрдөн байцаадаг байгууллагыг олон болгох бус нэгдсэн мөрдөх алба байгуулах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа бүлгийн гишүүд илэрхийллээ. Түүнчлэн гэм буруутай нь нотлогдоогүй байхад нэр төрд нь халддаг, хүний эрхийг ноцтой зөрчдөг гэх мэт хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд гарч буй гажуудлын талаар ч ярилцсаныг бүлгийн дарга Н.Энхболд онцоллоо.  Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Увс аймгийн хоёр гишүүнтэй холбоотой асуудлаар АН-аас СЕХ-нд хүсэлт тавьсан. Бүлгийн хуралдаанаар энэ талаар ярилцав уу?

-Энэ талаар манай бүлгээс байр сууриа өмнө нь олон удаа илэрхийлсэн. СЕХ-ны гол ажил бол сонгуулийг зохион байгуулж, дүнг нь нэгтгээд энэ хүмүүс сонгогдлоо гэдгийг өргөн мэдүүлж УИХ-ын гишүүдийн бүрэн эрх баталгаажсанаар дуусдаг. Сонгуультай холбоотой маргаан олон газар гарч шүүхээр хэлэлцэгдэж байхад СЕХ "Бид хийдгээ хийсэн. Үүнээс цаашхи асуудлыг шүүх шийднэ. Шүүхээр яаж шийдэгдэхээс асуудал шалтгаална" гэсэн зарчим баримталж байсан. Хоёр гишүүний асуудал бүх шатны шүүхээр яваад буруугүй гэдэг нь тогтоогдсон. Гишүүдийн хувьд ямар ч асуудал байхгүй. СЕХ-нд ч гэсэн энэ асуудлыг авч хэлэлцэх эрх байхгүй. Хуулиар хүлээсэн тийм эрх байхгүй. 

-УИХ-ын гишүүнээсээ татгалзах Р.Амаржаргалын хүсэлтийг АН-ын бүлэг хүлээн авах боломжгүй гэсэн. Танай бүлэг энэ асуудлыг хэлэлцсэн үү?

-Түүний өргөдлийг энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй байсан. Асуудал албан ёсоор орж ирээгүй учраас бүлэг ярилцаагүй. Хэрвээ хэлэлцэх асуудлын жагсаалтад орвол бид хуралдаж хэлэлцэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.