Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОДОО Л СОНИРХОЛТОЙ БОЛОХ НЬ

Шатрын хаан титмийн төлөө халз тулалдаж буй Ананд-Карлсен нар гурав дараалан тэнцээд байна. Анхны тоглолтод ердөө 16-хан нүүдлийн дараа хоёр тал тэнцээ зөвшөөрөлцсөн бол хоёр дахь тавилд Ананд цагаанаар нүүж, 25 нүүдлийн дараа байрлал гурав дахиа давтагдсанаар дахин эвийн гэрээ байгуулсан юм. Энэ тоглолтын дараа Карлсен “Би Каро-Канны байрлалыг өмнө нь нэлээн судалсан. Харин өрсөлдөгч маань энэ гарааг сонгосон нь гэнэтийн байлаа” хэмээн ярьсан байна. Ийнхүү эхний хоёр өрөгт өрсөлдөгчид төдий л хүч гаргалгүй тэнцсэн нь сонирхолтой тулаан хүлээж суусан шатрын ертөнцийнхнийг тэсвэр алдахад хүргэсэн юм. Цагтаа мэргэжлийн дэлхийн аварга цолын төлөө Каспаровтай халз тоглож байсан Английн их мастер Найцел Шорт “Ананд-Карлсен нэртэй ёслолын буудлага болно хэмээн бүгд баярлан хүлээж байтал хэн нэг нь шүдэнзээ мартсан бололтой” хэмээн хошигносон юм.

Харин гурав дахь тавил хавьгүй сонирхолтой болсон. Хараар тоглосон Ананд өрсөлдөгчдөө ямар ч боломж олгосонгүй, харин ч дунд үед бяцхан давуу байдалтай болсон юм. Гэвч Карлсен алдаа гаргасангүй, 51 дэх нүүдэл дээрээ хоёр тал харилцан ноён, тэмээтэй төгсгөлд орсноор ээлжит эвийн гэрээгээ байгуулах нь тэр. Тоглолтыг анхааралтай ажиглаж байсан мэргэжилтнүүд компьютераар задлан шинжилгээ хийсний эцэст Анандыг 33 дахь нүүдэл дээрээ зөв нүүсэн бол хожих боломжтой байлаа гэж дүгнэжээ. Гэвч бодит байдал дээр цаганд хавчигдсан Энэтхэгийн шатарч хожлын нүүдлээ олж хараагүй бололтой.

Энэ тоглолтыг өөрийн биеэр үзэж сонирхсон экс-дэлхийн аварга Каспаров “Магнус өөрийн үндсэн байрлалаа олж авахыг хичээж байгаа ч өрсөлдөгч нь үүнд саад болж чадлаа. Зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг 33 дахь нүүдэл дээрээ хожих байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Орчин үед хараар тоглоод тэнцээнд хүрэх сайн үзүүлэлт. Тэр утгаараа Виши эрсдэлтэй алхам хийхийг хүсээгүй, найдвартай тэнцэхийг бодсон байж ч мэднэ. Ямартай ч тэр хөгшин барын хөлийн хурд саарсан ч соёо нь хурц хэвээрээ гэдгийг харууллаа. Одоо бие халаалт дууссан. Маргааш Ананд цагаанаар наадах болохоор Карлсенд амаргүй л байх болов уу” гэж хэвлэлийнхэнд ярьжээ.

Каспаров гэснээс ирэх жил FIDE-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлачихаад байгаа түүнийг Энэтхэгт ирэхэд онгоцны буудал дээр хэн ч тосоогүй аж. Гари Кимович өөрийн шавь Карлсеныгаа дэмжинэ хэмээн зарласан нь элэг нэгтнээ балиашиглаж буй энэтхэгчүүдэд таалагдаагүй бололтой. Түүгээр ч барахгүй түүнийг хэвлэлийн бага хурлын танхимд оруулаагүй бөгөөд Энэтхэгийн шатрын холбооны дэд ерөнхийлөгч Сундар “Бид заавал түүнийг тосч, хөл алдах ёстой гэж үү” хэмээн эгдүүцсэн байна. Харин Каспаров зохион байгуулагчдын энэ хандлагыг шүүмжилж, “FIDE сэтгүүлчид надад гол анхаарлаа хандуулна гэж эмээсэндээ намайг хэвлэлийн хуралд ч оруулахгүй байгаа нь бүдүүлэг алхам. Миний бодлоор Энэтхэгийн шатрын холбоо Илюмжинов болон түүний багийн заавраар хөдөлж буй нь тэдний нэр хүндэд л хортой” гэж өгүүлжээ. Ингээд халз тоглолтын сүүлийн гурав дахь тоглолтыг бүрэн эхээр нь толилуулъя.


**                            ***                            ***

Шатрын дэлхийн аварга цолын төлөө халз өрсөлдөж буй Вишиванатан Ананд-Магнус Карлсен нарын дөрөв дэх өрөг мөн л тэнцээгээр өндөрлөлөө. Цолоо хамгаалан тоглож буй Энэтхэгийн их мастер цагаанаар тоглож гараан дээр ялимгүй давуу байдлыг олж авсан. Гэвч өрсөлдөгч нь маш сайн хамгаалж, улмаар хүү илүү төгсг өлд орсон ч 64 дэх нүүдэл дээрээ хоёр тал харилцан тэнцээ зөвшөөрчээ.

 

 

Р.МАНЛАЙ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.