Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

А.Бакей: Р.Амаржаргал гишүүний асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэж амжихгүй

 УИХ-ын гишүүн Р.Амаржаргал УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад уламжлаад буй. Түүний хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэхээр хуульд заажээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас цөөн зүйлийг тодрууллаа.

-Р.Амаржаргал гишүүний өргөдлийг хэзээ хэлэлцэх вэ?

-УИХ-ын гишүүн хуульд заасан үндэслэлээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах өргөдлөө гаргасан. Хуулийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар заавал хэлэлцэнэ. Гэхдээ өргөдөл өгсөнөөс хойш хэдий хугацаанд өргөдлийг хэлэлцэх тухай хуулийн тодорхой заалт, зохицуулалт байхгүй. Ямар ч гэсэн ирэх оны төсвийг баталсны дараа энэ асуудлыг хэлэлцэнэ. Энэ долоо хоногт хэлэлцэж амжихгүй.

-Өргөдөлд дурдсан гишүүний бүрэн эрхээс татгалзах хуулийн заалтын тухайд юу хэлэх вэ?

-Хүндэтгэн үзэх шалтгааны талаар тухайн заалтад дурдсан байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаан гэж чухам юуг хэлээд байгаа талаар өргөдлийг хэлэлцэж эхлэхээр эрхэм гишүүн тайлбар хэлж, тодорхой болох байх.

-Хэдийгээр Р.Амаржаргал гишүүн чөлөөлөгдөх үндэслэлээ тодорхой хэлээгүй ч Засгийн газар, шийдвэр гаргах түвшний хүмүүсээс хариуцлага нэхэж, бүрэн эрхээсээ татгалзлаа гэж харах хүн олон байна. Мянга мянган сонгогчийн итгэл тээж сонгогдсон хүний хувьд эл үйлдэл нь хүндэтгэн үзэх шалтгаан болох уу. Та юу гэж бодож байна вэ?

-Миний хувьд олон мянган сонгогчийн итгэл үнэмшлийг тээж тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд ийм сонголт хийсэн ч гэлээ сонгогчдын саналыг бодолцох ёстой. Нөгөө талаас намын хамт олны хүрээнд асуудлыг ярих ёстой гэж бодож байна.

-Р.Амаржаргал гишүүн тойргоос сонгогдсон учраас нөхөн сонгууль явуулах болов уу. Хуульд юу гэж заасан байдаг юм бэ?

-Өргөдлийг хэлэлцээд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, хүсэлтийг хүлээж авбал 14 хоногийн дотор нөхөн сонгууль зарлаж, 30 хоногийн дотор нөхөн сонгууль явуулах хуулийн заалт бий.

-Монголын парламентын түүхэнд урьд нь ийм тохиолдол гарч байсан уу?

-Ц.Шаравдорж гишүүн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт гаргаж, гишүүдийн олонх нь дэмжээгүй учраас УИХ-ын гишүүн хэвээр үлдсэн тохиолдол бий. Эцсийн шийдвэр чуулганы нэгдсэн хуралдаанаас гарна.


 Б.Номин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.