Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Уран нугарах, дэлхийгээр аялах нь миний мөрөөдөл ч одоо айж байна”

– Нугараач охидыг гаднын жүжигчид дарамталж, хар тамхи хүчээр хэрэглүүлж байжээ –

 Монголын бахархал болж, циркийн урлагийн үндсийг таслалгүй дэлхийд гайхуулж яваа нугараач охид хүний наймааны золиос болоход ойрхон байгаа талаар “Өнөөдөр” сонин бичсэн. Хаа хол хүний нутаг руу охидоо илгээж буй эцэг, эхэд тэр нийтлэл нэгийг бодуулж, харийг зорих нугараачдад сэрэмжлүүлэг болсон биз ээ. Бид энэ удаа гадаадын хэд хэдэн оронд үзүүлбэр үзүүлж байгаад ирсэн нугараач охинтой уулзлаа. Тэрбээр харийн нутагт, бусдын дарамтад хар тамхи гэгч хор хэрэглэж байсан тухайгаа бидэнд ний нуугүй ярьсан юм. Дөнгөж 18 насны босго алхаж, цагаан цаас мэт сэтгэлдээ ирээдүйгээ зурж явсан охины зүрхэнд хар тамга үлдээсэн тэрхүү бусармаг үйлдэл дахин бүү тохиолдох болтугай гэх үүднээс түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

-Миний дүү ямар гэрээгээр, хаана тоглож байгаад ирсэн юм бэ?

-Би хувийн нэгэн циркийн жүжигчин, нугараач. Гадаад явж, нүд тайлна гэдэг миний мөрөөдөл байсан. Мөрөөдлөө дагаж нугараач болсон. Бидний гэрээг багш олж өгдөг учраас баталгаатай, ямар нэгэн асуудал бараг гардаггүй юм. Өмнөх жилүүдэд би Япон, Тайваньд тоглож байсан. Зургаан сарын өмнө багшийнхаа санал болгосны дагуу Европын зарим орноор аялан тоглож байгаад ирсэн. Европоор явах болсноо сонсоод маш их догдолж, тэсэн ядан хүлээсэн. Тэгээд өөрөөсөө хоёр эгч охинтой үзүүлбэр үзүүлж, нөхцөл сайтай, байр, хоол, замын зардлыг цаад тал даах, сарын 1500 долларын цалин авах гэрээний дагуу явсан.

-Гэрээндээ байр, хоолтой, амьдрах орчин сайн гэж заасан ч очиход эсрэгээрээ байдаг гэсэн. Та нар хийсэн гэрээгээ баталгаатай гэдэгт яаж итгэдэг вэ, сүүлийн үед хүний наймаанаас эхлээд янз бүрийн хэрэг их гарах болсон шүү дээ.

-Хоёр тал харилцан зөвшилцсөний дараа эцэг, эх, багш, харгалзан явах хүн болон хүлээн авах талууд гэрээ байгуулдаг. Дэлхийн өнцөг булан бүрт цирк үздэг, Монголын нугараачдыг сонирхох хүн цөөнгүй байдаг болохоор биднийг гэрээгээр ажиллуулахын төлөө олон байгууллага, хувь хүн үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Газар газраас авьяаслаг, чадварлаг жүжигчдийг эх орондоо урьж тоглуулдаг юм билээ. Тэдний үйл ажиллагаа ямрыг тэр бүр мэдэх боломжгүй. Тэглээ гээд бид явахгүй байх аргагүй. Анхнаасаа циркийн урлагаар хичээллэж, хүсэж мөрөөдсөн учраас олон охин гадаадад тоглодог. Манай нугараачдаас элдэв асуудалд орох нь байдаг ч олонх нь сайн явж, олсон мөнгөөрөө гэр бүлээ тэжээж байгаа. Ер нь 18 нас хүрсэн бол өөрийгөө авч явах чадвартай гэж үзээд харгалзах хүнгүйгээр хил давуулдаг. Харин үүнийг эцэг, эх нь зөвшөөрсөн байх ёстой. Харийн нутагт хэл мэдэхгүй, дөнгөж насанд хүрч байгаа охиноо явуулахын тулд аав, ээж минь шийдвэр гаргах хэцүү байсан байх. Гэсэн ч багшид итгэж, мөрөөдөлдөө хөтлөгдсөн намайг бодоод тэд зөвшөөрсөн л дөө.

-Чи хэд хэдэн оронд тоглож байсан юм байна. Энэ хугацаанд элдэв хүндрэл гарч байв уу, хүний нутагт хэн нэгэн чамайг дарамтлах тохиолдол байсан уу?

-Зургаан сарын өмнө очсон газар миний сэтгэлд том шарх үлдээсэн. Хүний газар, хэл мэдэхгүй, гэрээ санах зэргээс эхлээд асуудал гардаг. Гэсэн ч миний дуртай ажил, өөрөө хүссэн болохоор тэр болгоныг тэвчдэг. Хамгийн сүүлд очсон газарт олон орны жүжигчин, тэр дундаа Африкийн жүжигчид цөөнгүй ирсэн байсан. Тэд хар тамхи нууцаар хэрэглэж, охидыг уруу татаж, эсэргүүцэл дургүйцэл илэрхийлбэл дарамталдаг. Биднийг ч энэ асуудал тойроогүй. Бүх жүжигчин нэг байранд байрлаж, Европын орнуудаар аялан, хүмүүст тоглолтоо толилуулдаг. Ингэж явах үед хяналт муу учраас надтай явсан эгч бид хоёрыг тэд дарамталдаг байсан. Биднээс хар тамхи татахыг шаардаж, татахгүй гэхээр цохиод авах нь энүүхэнд. Хэдий эсэргүүцсэн ч эх хэлээрээ ярьж байгаа юм шиг ойлголцохгүй болохоор бид яаж ч чадаагүй. Тэд заримдаа өрөөнд орж ирж, бидэнд хар тамхи хүчээр хэрэглүүлдэг байсан. Түүгээр ч барахгүй өөрсөдтэйгээ бэлгийн харилцаанд ор гэдэг. Гэвч бид хоёр байрныхаа жиж үүрт хэлэх зэргээр яаж ийгээд мултарчихдаг байлаа. Энэ мэт харийн нутагт их, бага дарамтад өртөх нь бий. Тухайлбал, би өмнө нь өөрөөсөө олон эгч жүжигчидтэй явдаг байсан. Хэдий монгол ч гэсэн үл ойлголцох байдал үүсдэг төдийгүй намайг загнаж, дарамтална, заримдаа бүр гар хүрдэг. Ийм тохиолдол олон байдаг ч нуугаад өнгөрдөг.

-Та хоёрыг дарамталж, буруу зүйлд уруу татаж байгаа талаар гэрээ байгуулсан хүмүүстээ мэдэгдээгүй юм уу?

-Гэрээ хийсэн хүмүүстээ хэлсэн ч тэдэнд сануулга өгсөн болоод өнгөрсөн. Харууд биднийг дарамтлахаа болиогүй, сүүлдээ хэл мэдэхгүйг минь далимдуулж элдвээр сүрдүүлж эхэлсэн. Та хоёрын гэрээг цуцлуулж хөөнө, бүр ална гэж айлгасан. Бид айсандаа аргагүйн эрхэнд тэдний үгээр нэг хэсэг амьдарсан. Гэр рүүгээ мэдэгдье гэхээр интернэт байхгүй, холбоо барих боломж олдоогүй. Бид утастай, монгол дугаартай ч аялан тоглодог учраас утас сүлжээгүй, нэгжгүй болчихдог. Ийм байдалтай дөрвөн сар орчим болсон.

-Тэгээд Монголдоо яаж буцаж ирэв?

-Гэрээгээ зургаан сараар хийсэн болохоор цуцална гэхээр эзэн маань тоглолт тасалдуулж, хохироосон тохиолдолд шүүхэд өгнө, цалинг чинь өгөхгүй шүү гэдэг байсан. Багшид болохоор биднийг сайн байгаа гэж хэлдэг байсан гэсэн. Ингээд хүний дарамтад дөрвөн сар орчим болж, үе үе мансуурснаас би сүүлдээ хар тамхинд бараг орох шахсан. Миний сэтгэл санаанд өөрчлөлт орж, тэр муухай зүйлийг хэрэглэхгүй бол ганцаардаж, тэвчихийн аргаг үй болдог байсан. Анхандаа эсэргүүцдэг байснаа больж, харуудтай нууцаар уулзаж, ганц хоёр сордог болчихсон. Нэг өдөр элдвийг эргэцүүлж суухдаа гэр орноо маш их санаж байгаагаа мэдэрсэн. Ээж зүрх муутай болохоор гэртээ өвчтэй очихыг хүсээгүй. Тиймээс буцах хүсэлт тавьж сар хэртэй хүлээж байгаад ирсэн.

-Нутагтаа ирээд эцэг, эхдээ хэлсэн үү?

-Хэлж чадаагүй. Зүрхний өвчтэй ээжийгээ өрөвдөөд нуугаад өнгөрсөн. Тэгээд ч би энэ талаар хэн нэгэн мэдээсэй гэж хүсэхгүй байна. Залуу насны алдаа гэж бодоод, мартахыг хүсдэг.

-Дөрвөн сар тэр хорыг хэрэглэсэн учраас сэтгэл санаанд чинь өөрчлөлт орсон гэсэн. Ирээд хэвийн байдалдаа ороход хэцүү байв уу?

-Өмнө нь хар тамхи хэрэглэх хориотой гэдгийг сонсож байсан болохоос хэрэглэхэд ямар байдаг, хор уршиг нь юу болохыг мэддэггүй байлаа. Түүнчлэн өөрийгөө энэ хоронд орно гэж огт төсөөлж ч байгаагүй. Гэтэл нэг татаад эхэлсэн бол сүүлдээ аятайхан ч юм шиг болдог юм билээ. Хэрэглэсний дараа сэтгэл санаа тайван болчихдог. Хэдийгээр хүний дарамтад байсан ч сүүлдээ өөрөө хүсэж эхэлсэн. Монголд ирээд байнга бодож, тайван амарч чадахгүй нэг хэсэг тарчилсан. Одоо харин бага багаар мартаж байгаа.

-Чамд дахиж гадаад явах хүсэл байгаа юу?

-Энэ явдал миний амьдралд том сургамж болсон. Дахиж явах хүсэл байгаа ч итгэл төрөхгүй байна. Ер нь Монгол орон минь ямар сайхан, тайван болохыг ойлгосон. Ирснээсээ хойш бэлтгэлээ бараг хийхгүй байгаа. Залуу байна, эх орондоо зөв, сайхан амьдрах боломж бий гэдэгт итгэдэг. Тиймдээ ч цаашдын амьдралаа өөр замаар үргэлжлүүлэхээр шийдсэн.

-Тэгэхээр дахиж нугарахгүй гэсэн үг үү?

– Уран нугарах, дэлхийгээр аялах нь миний мөрөөдөл. Гэхдээ би одоо мөрөөдлөөсөө айж байна. Хэрэв Монголд цирк хөгжөөд, хүмүүс үздэг, гадаадад авдаг мөнгөтэй тэнцэхүйц цалинтай болчихвол мэдээж урлагаа орхихгүй.

-Цаашид гадаад явах хүсэлтэй, явах гэж байгаа нугараач охидод хандаж юу хэлэх вэ?

-Өөрийгөө хөгжүүлж, хэний ч өмнө биеэ авч явах чадвартай байгаарай. Байгуулж буй гэрээгээ сайн судалж, баталгаатай газартай холбогдох нь чухал юм билээ. Гэрээ бол зөвхөн цаас. Үүний цаана чамайг юу ч хүлээж байж болно. Түүнчлэн хэлний мэдлэгээ сайжруулж, англи хэлийг сайн эзэмших хэрэгтэй юм байна. Хэл мэдэхгүйгээс эрсдэлд өртөх тохиолдол гардаг. Дэлхийн хаана ч очсон, аливаа эрсдэлээс сэргийлж, ямар ч үед хэнтэй ч ойлголцож чаддаг болох нь чухал гэдгийг би биеэрээ амслаа. Насанд хүрсэн хүний батлан даалтад явах хэрэгтэй. Бүх хүн азгүй байх албагүй ч санаж явахад илүүдэхгүй биз. Миний алдааг давтахгүй байгаасай. Болж өгвөл Монголдоо байгаарай гэж хэлье.

Г.СОДОО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.