Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АМАРЖАРГАЛЫН ЦОХИСОН ХОНХ АЛТАНХУЯГИЙН ЗАСАГЛАЛЫГ ДОРГИОНО

Туршлагатай улс төрч, төрийн чадварлаг түшээ, АН-ын моохон улстөрчийн нэг Рэнчиннямын Амаржаргал УИХ-ын гишүүнээсээ татгалзах өргөдөл өргөн барив. Хэвлэлүүд оронд нь хэн болох бол гэсэн хаяа хатавч хавийн зөргөөр гүйлдэж эхлэв. Үнэндээ бол бүрэн эрхийнхээ дагуу, өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл болгож гаргасан энэ өргөдлийн араас юу үүсэж болох вэ гэдэгт л асуудлын гогцоо байгаа болов уу. Өмнө нь МАН-ын У.Хүрэлсүх гишүүнээс татгалзсан. “Гэргийгээ эмчлүүлэх” гэсэн түүний шалтгаан гэрийн эзэн хувь хүний, гэргийгээ энэрэн асрах эр нөхрийн, нэгэн айл гэрийн хувь заяаны томхон сорилттой холбоотой, алив бүхнийг хойш тавьж, амьдралын бэрхийг сөрөх зайлшгүй зүгийг зорьсон нүүдэл байсан тул татгалзах, хардан сэрдэх шалтаг хэнд ч төрөөгүй

Харин Р.Амаржаргалынх бол өөр. Тэр ямар шалтгаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээс, ямба намбаас, үүрэг хариуцлагаас татгалзав. Зүгээр л уйдаад, эсвэл өөр ажил төрөл сонирхлыг нь татаад ингэх болсон гэвэл хэн ч үнэмшихгүй. Тэр тусмаа Р.Амаржаргал шиг тод фигурийн хувьд иймэрхүү шалтаг тоочвол хүүхдийн яриа шиг сонсогдох нь ойлгомжтой. Хэдийгээр өргөдөлдөө тэр ямар нэг шалтгаан дурдаагүй боловч эгнээнд нь багтаж буй намынхаа үйл ажиллагаанд итгэл алдарсан, жолоо барьж буй удирд лагатайгаа зөр чилдсөнөөс болов гэд гийг тааж ядах юм алга. Мэдээж хэрэг Р.Амаржаргалын хүсэлтэд хариу өгөхгүй байх боломж УИХ-д, АН-д үгүй. Ямар хариу өгөх вэ гэдэг нь харин сонирхол татаж байна. Намын нэр хүнд, эрх баригч хүчний дархлаа, энэ тэрхнээ хамгаалж үлдэх ёстой гэсэн өчүүхэн зөрүүдлэл, бардамнал “хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн кнопыг даруулах байх л даа. Тэр кнопны ард АН-ын гишүүдийн хуруу л байж таарна.

Гэхдээ бүгдээрээ нийлээд ч Амаржаргалыгаа авч үлдэж чадахгүй нь ойлгомжтой. Яагаад гэвэл АН-ынхан УИХ-д 34-үүлээ. Ядаж 50 хувьд ч хүрэхгүй. Хамтарч засаг барьж байгаа эвслийнхнээ гуйлтай биш. МАН, МАХН зэрэг бусдынх нь хувьд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж, парламентын гишүүнээр нэг биш удаа ажиллаж үзсэн, нэртэй улстөрч хүний гаргасан шийдвэр, сонгосон сонголтыг хүндэтгэхээс өөр арга үгүй. Ер нь ч гаръя гээд байхад нь гаргахгүй хэмээж, Төрийн ордны нэг өрөөнд түгжин, УИХ-ын танхимд уях гэх нь инээдэмтэйгээсээ илүү эмгэнэлтэй харагдах биз ээ.

Ийнхүү Р.Амаржаргал намаасаа, гишүүнээсээ гарах гээд байгаа нь, гарч одох нь АН-д бага биш доргио, чичиргээ авчирч байна. Араас нь дагаад явчихад ч болох юмгүй гэж нэг хоёр хүн дуугарав. Дуугараагүй ч битүүхэндээ журмын нөхрөө дэмжиж суугаа хүн нэг хоёроор тогтохгүй гэсэн барим тавим баталгааг АНынхан өөрсдөө гаргаж байна. Энэ бүхний эцэст АН айхтар хагарч бутраад сүйд болчихгүй нь тодорхой л доо. Гэхдээ аль хавраас эхлэн ордны өрөөнүүдийн булан тохойгоор хэсүүчлээд эхэлсэн Засгийн газар огцрох тухай хий үзэгдэл амилах таатай хөрс болж мэдэх бүрэн магадлалтай. Тэгэхээр Р.Амаржаргалын АН-ын чихэн дээр цохисон хонх Алтан хуя гийн засаглалд харшлах шалтгаантай ажээ.


 Б.ТЭГШ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.