Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.ГАНБОЛД: Манай хуулийг Олон улсын хэмжээнд шинэлэг зүйл оруулж ирсэн гэж үнэлсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэл болон тэр үеэр болсон өндөр хэмжээний хэд хэдэн чуулга уулзалт, тусгай арга хэмжээнд амжилттай оролцсон. Ерөнхий Ассамблейн чуулган хороодын хуралдаанаар өдгөө ид үргэлжилж байна. Энэ талаар Гадаад харилцааны яамны Олон улсын бодлогын газрын захирал Г.Ганболдтой ярилцлаа.

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулган үргэлжилж буй. Энэ хүрээнд өрнөж буй сүүлийн үеийн мэдээллээр ярилцлагаа эхэлье. Ер нь энэ удаагийн чуулганы онцлогийг та хэрхэн тодорхойлж байна вэ?

-Нийгмийн амьдралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жигд оролцуулах, Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, 2015 оноос цааших хөгжлийн зорилтуудыг тодорхойлох, тогтвортой хөгжилд бүх нийтийн анхаарлыг чиглүүлэхэд энэ удаагийн чуулганы онцлог оршиж байна гэж товчхон тодорхойлж болно. Манай төлөөлөгчид 1,2,3,4,6 дугаар хорооны хуралдаанд хэлэлцэж буй асуудлуудаар Засгийн газрынхаа байр суурийг илэрхийлж, үг хэлсэн. Тухайлбал, гуравдугаар хорооны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Бичиг үсгийн боловсролын тухай” болон “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүрэг” тогтоолын төслийг хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр буюу санал хураалтгүй батлаад байна.

-Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаарх үндэсний тав дахь илтгэлийг УИХ-аар хэлэлцсэн. Дулимаг хэрэгжиж байгаа заалт байна уу?

-2000 онд буюу шинэ мянган эхлэнгүүт ирэх мянганд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын найман зорилт дэвшүүлсэн нь дээрх баримт бичиг юм. Хоёр жил тутамд илтгэл гаргадаг. Манайх тав дахь удаагийн илтгэлээ танилцуулаад байгаа нь энэ. Манай улсын хувьд үндсэн найман зорилт дээр нэмж ардчилал, сайн засаглалын ес дэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Эдгээр зорилт биелж байгаа ч ядуурал, өлсгөлөнг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтууд нь хүчин чармайлт гаргавал биелж болох юм гэсэн байр суурьтай явж байна.

-Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр олон улсын зарим гэрээ, конвенцид нэгдэн орох тухай ярьж байсан. Үр дүн нь юу болсон бэ?

-Гадаад харилцааны сайд Л.Болд олон улсын гэрээнд нэгдэн орох арга хэмжээнд оролцсон. Энэ үеэр Зэвсгийн худалдааг зохицуулах тухай олон улсын гэрээ, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харилцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд Монгол Улсыг төлөөлж гарын үсэг зурсан. Мөн Хүүхдийн эрхийн конвенцийн Мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протоколд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гарын үсэг зурлаа. Тамхины хууль бус худалдааг устгах тухай протоколд манай улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч О.Оч гарын үсэг зураад байна.

-Манай хууль олон улсын шагнал хүртсэн гэж сонссон. Энэ тухай тодруулахгүй юу?

-Дэлхийн ирээдүйн төлөө зөвлөл гэдэг олон улсын төрийн бус байгууллага энэ оны “Ирээдүйг тодорхойлсон бодлого” шагналыг улс орон болон олон улсын хамтын ажиллагааны бодлогод хүртээснээ өнгөрөгч сарын 23- нд НҮБ-ын төв байранд зарласан юм. Тус байгууллагаас аюулгүй байдал болон зэвсэг хураах салбарт манлайлж үлгэр дуурайл үзүүлж байна гэж долоон улсын бодлого, олон улсын хамтын ажиллагааны хоёр бодлогыг шалгаруулсан. Тухайлбал, Латин Америк болон Карибийн тэнгист цөмийн зэвсэггүй бүс байгуулах тухай 1967 оны гэрээ тэргүүн байр эзэлж алтан медаль, Галт зэвсгийг сайн дураар хураалгах Аргентиний 2006 оны үндэсний хөтөлбөр болон Шинэ Зеландын Цөмийн зэвсгээс ангид байх, зэвсэглэлд хяналт тавих, зэвсэг хураах тухай 1987 оны хууль мөнгөн медаль хүртсэн. Харин Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын 2000 оны хуулийг хүндэтгэлтэйгээр нэр зааж цохон тэмдэглэсэн.

-Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль ингэж үнэлэгдэх болсон шалтгаан нь юу юм бол?

-Тус байгууллагаас “Монгол Улсын аюулгүй байдлыг хангахад чухал хүчин зүйл болох Монгол Улсын нутаг дэвсгэрийг цөмийн зэвсгээс ангид байлгах тухай хууль нь олон улсын хэмжээнд маш шинэлэг зүйлийг оруулж ирсэн” хэмээн онцлон тэмдэглэсэн байсан. Бүс нутгийн хэмжээнд бус улс орноо дангаар нь цөмийн зэвсгээс ангид гэдгийг бодлогын хэмжээнд зарласан нь анхаарал татаж байгаа юм.


Б.УРАН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.