Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ЧИНГИС” БОНДООС МОНГОЛЧУУД ЮУ ХҮЛЭЭЖ БОЛОХ ВЭ

“Чингис” бонд үр ашигтай юу, эсвэл үргүй хоосон зүйлд мөнгө зараад байна уу гэдэгт Ерөнхий сайдын хийсэн саяхны мэдээлэл бодит хариулт болсон гэж хэлж болно. “Чингис” бондын хөрөнгөөс авто зам, дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, техник төхөөрөмжийн шинэчлэлт, барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхай, агаарын тээвэр, орон сууцны барилга зэрэг 204 төсөлд 2.0 их наяд төгрөгийн санхүүжилт батлагдсан бөгөөд үүнээс 2013 оны аравдугаар сарын 22-ны байдлаар 837.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байгаа юм.

“Чингис” бондын төслүүд хэрэгжиж эхлээд ганцхан жил өнгөрч байгаа ч үр өгөөж нь өнөөдөр хүн бүрт харагдаж, мэдрэгдэж, төсөөлөгдөж эхлээд байна. Цаг үеэ олсон хөрөнгө оруулалт болсон гэдгийг ч хэн хүнгүй хэлдэг. 2012-2013 онд дэлхийн хөгжиж буй орнуудад орох хөрөнгийн урсгал 12.6 хувиар буураад буй. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь буурсан улсуудад эдийн засгийн өсөлт нь саарсан. Гэтэл Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалт буурсан хэдий ч энэхүү орон зайг “Чингис” бонд нөхөж чадсан билээ. “Чингис” бондын хөрөнгө эдийн засгийн бүхий л бодит салбарыг дэмжиж байна. Тухайлбал,

Авто зам: 12 аймгийн төвийг нийслэлтэй холбох 1800 км авто замд “Чингис” бондын хөрөнгөөс 570 тэрбум төгрөг зарцуулахаас одоогоор 855 км авто зам, 260 км далангийн ажилд 300 орчим тэрбум төгрөг зарцуулаад байгаа. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Олон улс орны хөгжлийн эхлэл нь зам л байдаг. Зам харилцаа муу учраас Монголын ард иргэд мал аж ахуйн баялгаа өөрсдөдөө “нааж” чаддаггүй байсан. Хөдөө орон нутаг, аймаг сумын төвүүдийн хөгжил сул, хотоос хол тасраад буй. Өмнө нь манай улс нэг жилийн хугацаанд хамгийн дээд тал нь 280 км авто зам шинээр барьж байсан түүхтэй. Гэтэл одоо 1800 км авто зам барих гэж байна. Энэ бол авто замын салбарын цогц шинэчлэл төдийгүй улс орны эдийн засгийн хөгжлөөс гадна ард иргэдэд хамгийн түрүүнд хүрч чадах бодит хөрөнгө оруулалт болж байна. Өмнө нь хөдөө орон нутгаас гурав хонож ирдэг байсан ачаа одоо өдөртөө л саадгүй орж ирдэг болно. 1800 км авто зам барьснаар эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төдийгүй Улаанбаатар хотын хүнсний аюулгүй байдал, хөдөө орон нутгийн хөгжилд хамгийн том дэмжлэг болох нь тодорхой. Өөрөөр хэлбэл, авто замд оруулсан 570 тэрбум төгрөгөөсөө хол давсан үр өгөөжийг энэхүү 1800 км авто зам бидэнд авчрах нь дамжиггүй. Энэ зам эдийн засгийн өсөлтийг дэмжиж татварын орлогыг үлэмж их хэмжээгээр нэмэгдүүлэх болно.

“Гудамж” төсөл: Улаанбаатарын иргэдийг хамгийн их стресст үүлж, цаг хугацаа бардаг зүйл нь авто замын түгжрэл. Засгийн газар энэ тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр “Чингис” бондын хөрөнгөөс нийслэлийн авто замын 33 уулзварыг шинэчлэх, зарим зам, хурдны зам барихад нийт 200 орчим сая ам.доллар зарцуулахаар төс өвлөснөөс 18 уулзварыг ашиглалтад оруулж, үүнд 34 тэрбум төгрөг зарцуулаад буй. “Гудамж” төслийн хүрээнд хийж буй ажлууд дууссанаар түгжрэл мэдэгдэхүйц багасч, хотын иргэдийн тав тухтай байдал сайжирч, бухимдал арилж, хотын үзэмж нэмэгдэх зэрэг олон ач холбогдолтой гэж үзэж байна.

Шинэ төмөр зам: ТавантолгойСайншанд- Чойбалсан, ТавантолгойГашуунсухайтын чиглэлд нийт 1800 км төмөр зам барихаар Засгийн газар төлөвлөөд байгаа. Одоогийн байдлаар нийт ажлын 20 хувийг нь хийгээд байгаа бөгөөд 2015 онд ашиглалтад оруулах юм. Монгол Улсын өнөөдрийн хөгжлийн загвар нь нүүрс, зэс, төмрийн хүдэр гэсэн гол эрдэс бүтээгдэхүүнээ урд хөрш рүү зарж, түүнээс төсвийн орлогоо бүрдүүлж, эдийн засгийн өсөлтөд үр өгөөжөө өгөх юм. Үндсэндээ уул уурхайн нөлөөгөөр дотоодын эдийн засаг өсөж буй. Тэгэхээр уул уурхайн экспортыг тогтвортой орлогын эх үүсвэр болгох шаардлагатай. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт экспортын 25.3 хувийг нүүрс, 21.9 хувийг зэсийн баяжмал, 15.4 хувийг төмрийн хүдэр эзэлж байна. 2011 онд Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт түүхэн дээд буюу 17.5 хувь болж дээшлэхэд хамгийн гол нөлөөлсөн зүйл нь нүүрсний экспортын хэмжээ 21.2 сая тоннд хүрсэн нь байв. Өмнө нь манай улс “Зэсийн орон” гэгдэж байсан бол одоо “Нүүрс, зэсийн орон” гэсэн хөгжлийн шинэ загварт шилжээд байгаа. Ирэх онуудын Монголын эдийн засгийн хөгжилд Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн ач холбогдол бүхий ордууд чухал үүрэгтэй. Энэ онд дэлхийн зах зээлд нүүрсний үнэ ихээхэн буураад байна. Түүнчлэн Монгол Улс одоог хүртэл нүүрсээ машинаар тээвэрлэсээр байгаа нь борлуулах өртгийг ихээхэн нэмэгдүүлж, ашиг буурахад нөлөөлж ирэв. Өнөөгийн Засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэхээр байж болох хамгийн боломжит хувилбар буюу төмөр замаар нүүрсээ тээвэрлэх боломжийг өөрсдөдөө нээж өгч байна. Энэ нь “Чингис” бондын хөрөнгөөр хийгдэж эхэлсэн ТавантолгойГашуунсухайтын чиглэлийн төмөр зам юм. Түүнчлэн бондын хөрөнгөөр Тавантолгойд 450 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулах төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төслүүд хэрэгжсэнээр Тавантолгойн үйл ажиллагаа эрчимжиж, тэр хэрээр экспортын хэмжээ нэмэгдэж, улсын төсвийн орлого зузаарна.

Иргэдэд олгосон 1072 ширхэг хувьцаа ч үнэ цэнэтэй болж монголчууд бид өөрсдийн баялгаас шууд хүртэх юм. Монгол Улс нэг сая тонн нүүрс экспортлоход өнөөгийн зах зээлийн хамгийн доогуур ханшаар борлууллаа гэхэд л 11 тэрбум төгрөгийн татвар хуримтлуулна. Хэрвээ энэхүү төмөр зам тавигдвал тээврийн өртөг багасч, нэг жилд хэвийн хэмжээнээс хамгийн багадаа 10 сая тонноор илүү нүүрс экспортлох боломжийг олголоо гэвэл нэг жилийн хугацаанд улсын төсөвт дор хаяж 110 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Энэ мөнгөөр нийгмийн асуудлыг шийдэх зэргээр Засгийн газар нэн тэргүүний асуудлуудаа шийдэх юм. Өнөөдөр төмөр зам барих нь Монголын эдийн засгийн хувьд хамгийн ашигтай хөрөнгө оруулалт гэж ойлгож болно. Түүнчлэн энэхүү төмөр зам олон арван жил Монголыг “тэжээх” үндэс суурь болно.

Дэд бүтэц: Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт баригдах орон сууцны шугам сүлжээ, дэд бүтэц, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн. Энэхүү хөтөлбөрийн дагуу нийслэлд орон сууцны долоон хороолол, гэр хорооллын 10 газарт цэвэр бохир ус, цахилгаан дулаан, инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдэх юм. Өнөөдөр нийслэлд хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болох эрчим хүч, гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг “Чингис” бондын хөрөнгөөр хийгээд эхэлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 416.8 тэрбум төгрөг зарцуулахаас 60.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байгаа билээ. Монгол Улсын хүн амын 45 хувь нь хотод, тэр дундаа 60 хувь нь гэр хороололд амьдарч байна. Тэгэхээр хотын гэр хороолол нь асар их орон зай эзэлсэн, өнөөдрийг хүртэл төлөвлөлт муутай, агаар, цэвэр ус, хөрсний бохирдлын үндэс суурь болсоор байна. Улаанбаатар хотын нэн тэргүүнд тулгамдсан асуудал нь энэ. Үүнийг шийдэх арга нь иргэдээ орон сууцжуулах, гэр хорооллын дахин төлөвлөлт, шугам сүлжээтэй нь холбох ажил юм.

Хөдөө аж ахуй: Монголчууд бид “Мал” хэмээх асар их баялагтай хэрнээ үр өгөөжийг нь хангалттай хүртэж чаддаггүй. Сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, гахай, тахианы махыг импортоор авдаг. Харин энэ алдааг засах боломж, хөрөнгө монголчуудад гарч ирсэн нь “Чингис” бонд юм. Энэхүү хөрөнгөөр импортыг багасгаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, бид өөрсдийн гараар үйлдвэрлэсэн аюулгүй хүнсээ өөрсдөө хэрэглэх боломж гарч ирсэн. Улаанбаатар хотынхны хүнсний хэрэгцээг хангах, хөдөө, орон нутгийнхан, малчид, хөдөө аж ахуйн үйлдвэрийг дэмжих зорилгоор “Чингис” бондын хөрөнгөөс ноос, ноолуурын салбарыг дэмжихэд 68.8 сая ам.доллар, ноос боловсруулах, угаахад 45 сая ам.доллар, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрт 27.7 сая ам.доллар, хүлэмжийн аж ахуйд 16.7 сая ам.доллар, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 13.5 сая ам.доллар тус тус зарцуулахаар болсон билээ. Энэ салбарыг дэмжсэнээр Монголыг дан ганц уул уурхайгаас хамаарсан улс бус хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ экспортлох, импортыг орлуулах, экспортыг төрөлж үүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой.

Тухайлбал, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тухайд авч үзвэл Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 141 дүгээр тогтоолоор сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 27.7 сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалтын зээл олгох шийдвэр гаргасан бөгөөд үүнээс сүүний боловсруулах үйлдвэрт 7.9 сая, эрчимжсэн фермийн аж ахуйд 15.93 сая, сүү боловсруулах цех байгуулахад 3.87 сая ам.доллар зарцуулахаар байна. Улаанбаатар хотын иргэдийн сүүний хэрэгцээ жилд 190 сая литр байдаг, тэгж гэмээнэ наад захын амин дэмээ сүүнээс авна хэмээн холбогдох албаныхан тооцоолдог. Гэтэл одоогоор ердөө 60 сая литрийг л хэрэглэдэг ажээ. Тэгэхээр эрүүл мэндийн талаасаа ч сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд буй.

Орон сууцжуулах ажил: Байшин үйлдвэрлэх комбинат (БҮК)- ыг сэргээх нь Монголд ашигтай гэсэн тооцоо судалгаа хийжээ. Энэ ажил эхэлсэн бөгөөд жилийн хугацаанд 5000 айлын орон сууц барих хүчин чадалтайгаар төсөөлж байна. Үүнээс гадна Монголбанк, Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа “Үнийг тогтворжуулах хөтөлбөр”- ийн хүрээний найман хувь болон барилгын компаниудын зээл зэрэг хөтөлбөр, арга хэмжээнүүд нь бүгд нийлээд иргэдээ орон сууцжуулах ажлыг бүх талаас нь дэмжиж өгч байгаагаараа үр дүнд хүрэхүйц, далайцтай болж байна. Манай улс жилд 10 мянган айлын орон сууц ашиглалтад оруулах хүчин чадалтай байсан бол одоо 34 мянган айлын орон сууц яригдаж байна. Төрөөс орон сууцжуулах ажлыг эхлүүлэн тодорхой үр дүнд хүрээд байгаа нь иргэдийн амьдралын стандартыг дээшлүүлэх, иргэдийнхээ худалдан авах чадварыг нэмэгдүүлэх сайн үр дүнтэй юм.

“ЧИНГИС” БОНД ӨР БИШ

“Чингис” бонд өр биш, хөрөнгө оруулалтын зээл юм. Өр болон хөрөнгө оруулалт гэдэг хоёр үг ондоо утгатай. Зээл аваад түүнийгээ бэлэн мөнгө байдлаар тарааж, юу ч хийж бүтээгээгүй, үр өгөөжгүй дууссан бол өр гэж ойлгоно. Харин зээл аваад түүнийхээ зарцуулалт бүрт маш нарийн тооцоо хийж, гагцхүү улс орны хөгжил дэвшилд хүргэх бүтээн байгуулалт, нийгмийн асуудлуудыг шийдэж байгаа бол тэр нь жинхэнэ хөрөнгө оруулалт мөн. Одоогийн “Чингис” бондын зарцуулалтаас нийгэм, эдийн засагт үр өгөөжтэй, алсдаа эдийн засгийн асар их үр өгөөж, татварын орлого авчирч чадах зүйлд зээлээ зарцуулж чадаж байгааг хөрөнгө оруулалт гэж нэрлэдэг. “Чингис” бонд өр үү, хөрөнгө оруулалт уу гэдгийг ирээдүйд авчрах үр өгөөжөөр нь хэмжиж болно. Юуны түрүүнд “Чингис” бондын эргэн төлөлтийн хуваарийг харвал 2018 он хүртэл Монгол Улс жил бүр хүүнд 72 сая ам.доллар төлөхөөр байгаа. 2018 онд 500 сая ам.долларын үндсэн төлбөрийг шилжүүлэх юм. Үүнээс таван жилийн дараа буюу 2022 онд нэг тэрбум ам.долларын үндсэн төлбөр төлөх ёстой байгаа. Тэгвэл 2018, 2022 онд гэхэд бид “Чингис” бондын хөрөнгөөр ямар ямар бүтээн байгуулалтын ажил хийсэн байх вэ? Үүнийг зарцуулалтаас нь шууд харж болно. Тухайлбал, бид Тавантолгойн уурхайгаа өөрсдөө ажиллуулж, төмөр замаараа жилдээ 20-30 сая тонн нүүрс зөөж, зөвхөн Тавантолгойгоос гэхэд жилдээ 500 тэрбум төгрөгийн татвар авдаг, хот хөдөө холбогдож хотынхны хүнсний хэрэгцээ эрс сайжирсан, хөдөө, орон нутагт хөгжил ирсэн, Улаанбаатар хот түгжрэлгүй, стрессгүй, агаар, хөрсний бохирдолгүй, олон ажлын байр шинээр бий болсон, тэр хэрээр нийгмийн салбарууд нь ч сайжирсан үр дүнд хүрнэ гэж тооцоолж байгаа. Энэ асар их хөгжлийг дагаад эдийн засгийн чадавхи сайжирч, тухайн үед дээрх зээлийг хөнгөхөн төлөх хэмжээний болох юм. Монгол Улсын эдийн засаг жилд дорж хаяж бодитоор 10 хувиар өсөж байхад 4-5 хувийн хүүтэй зээл бол асуудал биш.

Дэлхийн улс орнуудаас манай улстай ойролцоо хүн ам, эдийн засгийн хэмжээтэй улсуудыг аваад үзэхэд өрийн хэмжээ болон ДНБ-ий харьцаа 50-70 хувьтай байхыг хэвийн гэж үздэг. Харин 100-гаас дээш давсан тохиолдолд эрсдэлтэй гэдэг. Монгол Улсын өр ДНБ-ий харьцаа 2012 онд 53.3, 2013 онд 49.8 хувьтай байгаа. Засгийн газар нэмж 2.1 тэрбум ам.долларын зээл авбал энэхүү харьцаа 2014 онд 50 хувьд хүрэхээр байгаа. Энэ бол зохистой хэмжээ. Өөрөөр хэлбэл, бидэнд асар их нөөц боломж, зах зээл байгаа учраас нэмж бонд гарган стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх шаардлагатай байгаа юм. Улс орнуудын хурдан хөгжлийн загвар нь гагцхүү гаднын хөрөнгө оруулалт, зээлээр явдаг гэдгийг судлаачид дуу нэгтэй хэлдэг билээ.


Б.ГЭГЭЭНЭЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.