Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛ ХҮН БИШ “АМЬД БУРХАН”

Улсын их хурал бол улстөрчид ажин түжин суудаг аврал их диваажин юм” гэсэн заалтыг Үндсэн хуульд нэмж оруулах зайлшгүй шаардлагатай юм байна. Энгийн иргэд үүнийг сүүлийн арван жилийн хугацаанд эрхбиш ой ухаандаа тогтоож авлаа. “Эцэг” хууль дахь “УИХ бол хууль тогтоох дээд байгууллага” гэсэн өгүүлбэр Монголын Парламентын зан чанарыг бүрэн дүүрэн тодорхойлж чадахаасаа өнгөрчээ. Монгол Улсын Их хурлын тухай хууль бол бүр ч хэрэгцээгүй эд болчихоод байна. Огтоос нүгэлгүйчүүд цугласан энэ ариун тансаг диваажинд ямар ч хууль дүрэм шаардлагагүй нь амьдрал дээр хэдэнтээ тун амжилттай туршигдав. УИХ маань “бурхдын орон” шүү дээ.

УИХ-ын гишүүн бол мэдээж хүн биш. Тиймээс түүнд ямар ч алдаа дутагдал байхгүй. Нуруу туруундаа гоёмсог 152 даль жигүүртэй, 76 тэргүүнийг нь тойрон ер бусын гэрэл цацран маниусыгаан гэрэлтүүж байдаг гайхамшигт бурхад л юмдаг уу даа. Юун ашиг сонирхлын зөрчил, эрүүгийн хэрэг. Гишүүдийг эрүүгийн хэрэгт сэжиглэвэл алдас болно.

Хүн бид огт өөр. Бөөн дутагдлын үүр. Төрөлхийн шуналтай. Хүмүүсийн дунд л худалч, хулгайчууд бий. Тийм болохоор биднийгээ шударга амьдруулах гэж, татвар төлүүлж, нийгмийн баялгийг зохистой хуваарилахын тулд хууль байдаг.

Дэлхий дээр аль жигтэй хачин байгууллага байдгийг тэр гэх вэ. Шар айраг уугчдын холбоо л гэнэ, Эхнэрээ араар нь тавигчдын нийгэмлэг ч гэх шиг. Авлигын эсрэг парламентчдын дэлхийн байгууллага гэж бас байдаг юм байна. Монголын , парламентаар б о д в о л д е п у т а т у у д гэдэг чинь огтоос нүгэлгүйдээ л сонгуульд ялж диваажинд бурхан лугаа амарлингуй оршин суудаг баймаар. Манайхаас бусад газрын Парламент ариун биш бололтой. Ямар сайндаа Канадын парламент, Дэлхийн банк, Канадын Олон улсын хөгжлийн агентлагийн ивээл дор 2002 онд Авлигын эсрэг парламентчдын дэлхийн байгууллага байгуулагджээ. Хөөрхөн олуулаа ч юм. 90-ээд улсын 170 гаруй парламентч болон 400 орчим ажиглагчийн бүрэлдэхүүнтэй аж.

Байзаарай, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нар авлигыг үл тэвчих улс төрийн хүсэл зоригоо илэрхийлчихэж. Авлигын эсрэг парламентчдын дэлхийн байгууллагын салбарыг Монголд байгуулахаар болсноо мэдэгдсэн гэнэ үү. Авлигын эсрэг УИХ-ын гишүүдийн бүлгээс албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг, түүний хяналт шинжилгээ, хариуцлагын талаар мэдээлэл авах зорилгоор Хууль зүйн байнгын хорооны нээлттэй сонсголыг тавдугаар сарын эхний хагаст зохион байгуулахаар төлөвлөжээ. Яаж байгаа юм бол. УИХ-д маань авлигын хэргээс сэргийлэх шаардлага огт байхгүйсэн.

Эртээ урьдын цагт УИХ өршөөлийн диваажин байгаагүй юм. Хоёр гишүүнээ хээл хахуулийн хэргээр шалгахыг хууль сахиулагчдад зөвшөөрснөөр ариун алба нэгт нөхдөө эгнээнээсээ сугалуулж нүгэлт хүмүүсийн ял эдэлдэг шоронд хүртэл явуулж дөнгөсөн гэм байгаа. Энэ явдал Парламентын түүхэнд гашуун сургамж үлдээсэн бөгөөд хэн нэгнээ цагдаа, шүүхийнхэнтэй хийх дуэль рүү дахин илгээж болдоггүйг хатуу ойлгуулсан билээ. Үүнээс хойш, түүнээс цааш УИХ гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэнэн шийдвэр огт гаргахаа болиод байгаа юм.

Улсын их хурлын тухай хуульд 6.9-д “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХд оруулсан”; “ г и ш ү ү н д х о л б о г д у у л а н эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан” тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ хэмээн заажээ. Энэ заалтыг хэрэглээгүй тохиолдлуудыг цухас дурдъя.

УИХ-ын дөрвөн гишүүнийг гэмт хэрэгт сэжиглэсэн тохиолдол 2004-2008 оны Парламентад гарсныг эрхэм уншигч санаж байгаа болов уу. Тэгэхэд Улсын ерөнхий прокурор нэр бүхий гишүүдийг шалгахын тулд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөхийг УИХ-аас хүсэхэд хариуд нь “… нарын гэр, албан өргөө, тээврийн хэрэгсэл, биед үзлэг нэгжлэг хийхийг зөшөөрсүгэй” хэмээн тогтоосон. Энэ шийдвэр гишүүний бие, гэр, албан өргөө, тээврийн хэрэгсэл халдашгүй болохыг заасан УИХ-ын тухай хуулийг зөрчиж, цагдаагийн ажилтнууд хууль бусаар тэднийг шалгасан хэмээн үзэж болохоор байгаа юм.

2008 оны сонгуулиар бүрэлдсэн УИХ-ын тухайд гишүүн О.Чулуунбат, Л.Гүндалай нарыг эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгаснаас Л.Гүндалайн бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөхийг ерөнхий прокурор хүссэн. Энэ хүсэлт Халдашгүй байдлын дэд хорооноос хэтрээгүй. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хүссэн бичгийг экс спикер Д.Лүндээжанцан, одоогийн дарга Д.Дэмбэрэл нар нийт таван удаа хүлээж авснаараа УЕПГ-ын хувьд ч, УИХ-ын хувд ч дээд амжилт болох үзүүлэлт.

Огтоос нүгэлгүйчүүд цугласан энэ ариун тансаг диваажинд ямар ч хууль дүрэм шаардлагагүй нь амьдрал дээр ийнхүү хэдэнтээ туршигдлаа. УИХ маань аргагүй л амьд бурхдын орон байгаа биз. “Монгол оронд Улсын их хурал гэж улстөрчид нь ажин түжин суудаг аврал их диваажин байдаг” гэдэг чинь үлгэр биш. Тун ч удахгүй Үндсэн хуульдаа тунхаглавал зохилтой.

Диваажингийн гишүүдэд ямар ч хууль үйлчилдэггүйг зөвшөөрч болох санж. Харин тэдний хооронд хилэнцэт нүгэл үйлдэгдвэл хэрхэхийг Улсын их хурлын тухай хууль лав мэдэхгүй. УИХ-ын гишүүн парламентын нөхрөө гар байлдааны дуэльд дуудаж, барин авч базсан тохиолдол өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр гараатахав. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн бие халдашгүй дархан, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын бие халдашгүй дархан. Халдашгүй дархан хоёр эрхэм зодолдсон тохиолдолд хэн нэгийг нь буруутгах арга байдаг юм болов уу. Нэг нь эрх ямбагүй байсан бол хэн буруутай нь ойлгомжтой. Гэтэл хоёулаа буруутгаж үл болдог гишүүн байдаг. Бурхад өөрсдийнхөө гэмийг гэтэлгэх ид шидтэй хойно доо. Гэхдээ л сонин, тийм ээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.