Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хар тамхи тээвэрлэгч эр гаальд ажилладаг ээжийнхээ “буянаар” хяналтгүй орж, гардаг байжээ

 – Хятадууд миний халаасанд нууцаар хийсэн гэжээ –

Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Хар тамхитай холбоотой гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд өчигдөр мансууруулах бодис хилээр оруулж ирсэн Бадралыг Замын-Үүдээс Улаанбаатарт авчрав. Сэжигтнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цагдан хорихоор болсон ч түүний ээж нь танил талынхаа шугамаар батлан даалтад авч үлдсэн талаар Нийслэлийн прокурорын газрын эх сурвалж мэдээллээ. Сэжигтэн Бадралыг хар тамхи хилээр зөөж авчирдаг байж болзошгүй гэх мэдээлэл ЭЦГ-ын ажилтнуудад ирсэн бөгөөд энэ мэдээллээ бататгахын тулд ХХЕГ-ын Хилийн тагнуулын газарт хандсанаар аравдугаар сарын 30-нд Замын-Үүдийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор орж ирэхэд нь саатуулсан аж.

Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажлын хүрээнд ЭЦГ, УМБГ, хил, гаалийн байгууллагынхан Замын-Үүдэд ажиллах үе дээ уг хэргийг илрүүлсэн гэнэ. Эрээнээс Замын- Үүдэд орж ирсэн Монгол Улсын иргэн Бадралыг хилийн тагнуулын албаныхан саатуулан шалгахдаа “Marlboro” тамхины хайрцагт 0.916 грамм “ice” буюу “Мөс” хэмээх нийлэг аргаар гаргаж авсан мансууруулах бодис авч явсныг илрүүлжээ. Зарим хэвлэлд түүний ах нь Гаалийн ерөнхий газарт дээгүүр алба хашдаг гэж бичиж байсан бол баттай эх сурвалж “Сэжигтэн Бадралын ээж нь ГЕГ-т томоохон албан тушаал хашдаг, Н гэх хүн байгаа” гэв. Түүнийг БНХАУ-ын Эрээн хотоос хар тамхи тосон авч Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд хүргэх үүрэгтэй “тээвэрлэгч” байж болзошгүй гэж сэжиглэж буй аж. Харин тэрбээр Улаанбаатарт ирснийхээ дараа “Миний халаасанд яаж орсныг мэдэхгүй. Би санаатайгаар хилээр оруулж ирээгүй. Хятадууд намайг хорлох гэж нууцаар хийсэн байх” гэж мэдүүлж буй гэнэ. Тэрбээр Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд хүнд даацын авто машинаар ачаа тээвэрлэдэг аж ахуйн нэгжтэй бөгөөд жолооч хөлслөн тээвэрлүүлдэг нэгэн аж. Түүнийг хил гаалиар хяналтгүй шахам орж гардаг нэгэн байсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.

ЭЦГын эх сурвалжаас түүнтэй холбоотой олон хүн бий эсэхийг тодруулахад “Одоогоор энэ талаар мэдээлэл өгөхөд эрт байна. Цаашид шалгаж тодруулах олон зүйл бий. Мөрдөн байцаагч нар шалгаж тодруулах байх” гэлээ. ЭЦГ, УМБГ-ынхан Замын-Үүдэд тав хоног ажиллахдаа гаалийн хяналтын ажиллагаатай танилцсан бөгөөд хар тамхи мансууруулах бодис илрүүлэх чиглэлээр ажилладаг рентген аппарат байхгүй нь хууль бус бараа хилээр орж ирэх магадлал өндөртэй гэж ярьж байв.


Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.