Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ӨАБНУ-ЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Дэд Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Кгалема Мотланте өнөөдөр буюу 11 дүгээр сарын 01-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол, Өмнөд Африкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцав. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чин сэтгэл өвөртлөн алс холоос зорин ирсэн Дэд Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд уул уурхай, боловсрол, худалдаа, эдийн засаг, соёл, спорт, энхийг сахиулах чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломж бий гэдгийг онцлон энэхүү айлчлалын үеэр яригдсан санал санаачилгыг ажил хэрэг болгоход манай тал анхаарал тавин ажиллах болно гэдгээ мэдэгдэв.      

Дэд Ерөнхийлөгч К.Мотланте 1994 онд ӨАБНУ-д болсон анхны ардчилсан сонгуулийн дараахан тус улсыг хүлээн зөвшөөрч, хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоож байсан орнуудын нэг нь Монгол Улс байсныг өмнөд африкчууд мартахгүй гэдгийг онцлоод хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн зүгээс онцгой анхаарал тавин ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр, дээд хэмжээний айлчлалын давтамж ихээхэн ач холбогдолтойг тэмдэглээд ирэх онд тохиох ӨАБНУ-ын ардчилсан хөгжлийн 20 жил,  хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд Монгол Улсаас өндөр, дээд хэмжээнд зочин хүлээн авах сонирхолтой буйгаа илэрхийлэв. Мөн харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлж, ЭСЯ-аа харилцан нээн ажиллуулахын чухлыг онцлоод олон улсын тавцанд болон тухайн бүс нутагтаа бие биенээ дэмжсэн найдвартай түнш байх эрмэлзэлтэй буйгаа хоёр тал нотлов. Хамтын ажиллагааг өргөжүүлэхэд улс төр, эдийн засгийн хүрээнд туршлага, мэдээлэл солилцож байх нь ач холбогдолтойг мөн тэмдэглэлээ. 

Айлчлалын хүрээнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар Өмнөд Африкийн Дэд Ерөнхийлөгчид тус тус бараалхан Монгол Улсын эдийн засгийн байдал, хөгжлийн бодлогыг танилцуулж, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нүүрснээс шингэн түлш гаргах Өмнөд Африкийн дэлхийд тэргүүлэх технологи, туршлагыг судлах, мэргэжилтэн бэлтгэх, энэ чиглэлийн үйлдвэр, компаниудтай холбоо тогтоох, уул уурхайн салбарын эрх зүйн орчны талаар харилцан туршлага хуваалцах боломжийн талаар ярилцав. Африк тивийн тэргүүлэгч орон, БРИКС, Их Хорийн гишүүн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас дээд түвшинд анх удаа айлчилсан нь Монгол, Өмнөд Африкийн харилцаанд төдийгүй манай улсаас Африк тивийн бусад улс оронтой хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад түлхэц үзүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал боллоо гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.