Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

З.Баянсэлэнгэ: Би өөрчлөгдөөгүй

 УИХ-ын түүхэнд хамгийн олон буюу 11 бүсгүй парламентад сонгогдон ажиллаж байна. Тэдний нэг нь З.Баянсэлэнгэ. “Азтай тохиолдлоор УИХ-ын гишүүн болсон” хэмээн түүний талаар иргэд ярьдаг байлаа. Бас МАХН-ын дарга Н.Энхбаярын төлөө хамгийн их дуугарч, тэмцдэг гэх дүгнэлт ч дагадаг. Парламентын “чимэг”, 11 өөр өнгө төрхийн нэг болсон түүнтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Нэг итгэсэн хүндээ үнэнч байж, сэтгэлд нь сэв суулгасан нэгэнтэй дахин харилцаж чаддаггүй” хэмээн өөрийгөө тодорхойлсон юм.

-УИХ-ын гишүүний ажил амаргүй, чөлөө зав бага гардаг байх. Ховорхон олдох цаг заваа юунд зориулахыг эрхэмлэдэг вэ?

-Сүүлийн нэг жил гэртээ амрах нь ховорджээ. Өмнө нь ч улс төр гэж завгүй гүйдэг байлаа, гэхдээ тэр үеийнхтэй харьцуулахад УИХ-ын гишүүний ажил цаг наргүй юм байна. Би өндөр настай ээж, аавтайгаа хамт амьдардаг. Тиймээс зав гарвал нэг өдөр ч гэсэн тэдэнтэйгээ хамт байж, хоол цайг нь хийж өгөхийг хичээдэг. Хоол хийх дуртай, энэ тал дээр надад асуудал байхгүй. Манайх хоёр хүүхэдтэй. Том маань Тээврийн дээд сургуулийн гуравдугаар курст, бага нь “Үй Цай” дунд сургуулийн тавдугаар ангид сурдаг. Хүүхдүүдтэйгээ ярилцан, гэр бүлийнхэнтэйгээ байхыг хичээдэг.

-УИХ-ын гишүүн, олны анхааралд байдаг тул хүссэн, хүсээгүй гадаад төрх, имиждээ анхаарах хэрэгтэй болдог байх. Та үндэсний дээлээрээ гоёдог. Ер нь хэр олон дээлтэй вэ, хаана захиалж оёулдаг вэ?

-Олны танил болоогүй байхад юу өмсөж зүүж байгааг минь хүмүүс анзаардаггүй, мэддэггүй байсан болов уу. Түүнээс би УИХ-ын гишүүн болмогцоо л өөрчлөгдөөд, имиж бүрдүүлэх гэж хичээгээд байсангүй. Өмнө нь ямар байсан, тэр хэвээрээ л байгаа. Бүсгүйчүүдийн нэг адил брэндийн хойноос хөөцөлддөггүй. Үндэсний дээл хаана ч, ямар ч нөхцөлд зохимжтой, биед эвтэйхэн. Хүн бие барьсан, сэтгэлд нийцээгүй хувцастай байхаар бодож санаснаа ч зөв илэрхийлэхэд хэцүү болдог. “Ур ундрах” компанийнханд дээлээ захиалж оёулдаг. Хүүхдүүддээ ч тэднийхээр дээл хийлгэдэг.

УИХ-ын гишүүн болоод дээлний маань тоо нэлээд нэмэгдсэн, 20 гаруй дээл бий. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Энэ ордонд бид ард түмнийхээ эрх ашигт нийцсэн, бүх нийтээр дагаж мөрдөх хууль баталдаг. Тиймээс чуулганы танхимд, Төрийнхөө ордонд хүндэтгэлтэй хандаж үндэсний хувцсаа өмсдөг. Бусад үед энгийн хувцас өмсөлгүй яах вэ.

-З.Баянсэлэнгэ гэдэг хүнийг гудамжинд жагсаж тэмцэж явсан гэдгээр нь л хүмүүс мэддэг. Харин амьдралын ямар зарчимтай, ямархуу хүн бэ гэдгийг олон нийт тэр бүр мэдэхгүй байх…

-Хүний бага эмч, сувилагчийн хосолсон мэргэжлээр сургууль дүүргэж байлаа. Дараа нь Цагдаагийн академид хуульч мэргэжлээр сурч төгссөн. Энэ хоёр мэргэжлээрээ тодорхой хугацаанд ажиллаж байсан. Ер нь ямар ч хүнтэй илэн далангүй харилцаж, шударга байхыг хичээдэг. Утсаар биш, уулзаад ярихыг илүүд үздэг. Сэтгэлд минь нэг л удаа сэв суулгасан хүнтэй дахин нөхөрлөж, харилцаж чаддагг үй нь миний сул тал байж ч мэднэ. Итгэсэн хүнийхээ төлөө бол хөлийнхөө тавхайг эргэтэл ч явж чадна.

-Нөхөрлөлийн үнэ цэнэ таныхаар юу вэ. Итгэл даах хэр олон найз бий бол?

-Нөхөрлөл итгэлцэл дээр тогтдог. Амьдралын саад бэрхшээлийн явцад нөхрийн чанар танигддаг. 10 жил, оюутан цагийн найзуудаас цаг хугацааны шалгуураар цөөхөн нь үлддэг юм билээ. Жаргал, зовлонг хамтдаа туулсан найзуудаа үнэлдэг. Тухайн хүний хувийн амьдралын Парлам ент ын жиг жуг бүх асуудал, нууцыг нөхөрлөл хадгалдаг учир итгэлцэл маш чухал.

-Энэ Парламент олон эмэгтэй гишүүнтэй. Эрэгтэй гишүүд “фракцаараа” үе үе сагс, гар бөмбөг тоглож, эсвэл шоуддаг юм билээ. Бүсгүйчүүд харин ийм албан бус арга хэмжээ хэр зохиож байна. Эмэгтэй гишүүдээс хэнтэй нь илүү нөхөрлөдөг вэ?

-Өөр өөр намын төлөөлөлтэй хэдий ч эмэгтэй гишүүд хамтарч ажиллаж чаддаг. Нийгэм, боловсролын салбарт бид түлхүү анхаарч, албан бус Бүлэг байгуулаад ажиллаж байгаа. Албан бусаар уулзалгүй яах вэ, Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа гишүүнтэй илүү дотно байдаг.


 С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.