Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Ерөнхий сайдын 30 минут” ээлжит нээлттэй ярилцлага боллоо

 Сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгдөг ярилцлагын эхэнд Засгийн газрын тэргүүн өмнөд хөршид хийсэн айлчлалынхаа гол үр дүнг танилцууллаа. Энэ удаагийн айлчлалаар хоёр орны ирэх 20 жилийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг баталлаа. Засгийн газрын тэргүүнүүдийн хэлэлцээрийн мөрөөр хоёр орны холбогдох шатны байгууллагуудын хооронд 11 баримт бичгийг албажуулан гарын үсэг зурлаа. Хятадтай хийх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд анх удаа тодорхой тоо, хэмжээ ярьж тогтоолоо. Засгийн газрын түвшний яриа хэлэлцээнд шинэ механизм бий болгож, Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нарын түвшний уулзалтыг жил бүр хийхээр тохиролцлоо гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Мөн эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх хэлэлцээ, шийдвэрийн талаар хэд хэдэн жишээ татлаа. 50 тэрбум ам.доллартай тэнцэх өртөгтэй нэг тэрбум тонн нүүрсийг 20 жилийн хугацаанд Хятадад нийлүүлнэ.

Монголд нүүрс хийжүүлэх үйлдвэр байгуулж хийн түлш гаргаад, заримыг нь Хятадад экспортолно. Өөрийн орны түүхий тосны бүтээгдэхүүн “Монгол-93” шатахууны нийлүүлэлтийг 4 дахин нэмж, сард 35-40 мянган тонныг авахаар боллоо. Хилийн боомтуудыг төмөр замаар холбож, хоёр орны худалдааны албан ёсны боомтын тоог 4-өөр нэмж, далайн шинэ гарцын талаар ярилцлаа. Чухал шаардлагатай мэргэжлүүдээр өмнөд хөршид таван жилийн хугацаанд жилд 1000 оюутан сургахаар боллоо гэж Ерөнхий сайд айлчлалын үр дүнгээс танилцуулсан юм. 

Нээлттэй ярилцлагаар сэтгүүлчид сонирхсон асуултууддаа хариулт авдаг. Төмөр замын холбогдолтой асуудлуудаар 3 улсын ажлын хэсэг удахгүй Монголд уулзаж ярилцана, цалин тэтгэврийн хэмжээг салбар, бүтээмжээс нь хамааруулан шатлалтай нэмэхээр ирэх оны төсөвт тодорхой мөнгө суулгасан, Оюутолгойн хэлэлцээрийг урагшлуулахын тулд Ерөнхий сайдын хувиар хэд хэдэн санаачилга гаргаж, ажлыг нь эрчимжүүлсэн, баруун 3 аймагт барьж буй битүү захыг ойрын 3 сард багтаан дуусгана, олны анхаарлын төвд байгаа зарим эмнэлгийн асуудлыг салбар хариуцсан сайд эргэн харж шийдвэрлэхээ мэдэгдсэн гэсэн мэдээллүүдийг сэтгүүлчдийн асуултын мөрөөр Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг өглөө гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.