Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Нямдорж: О.Чулуунбат Паушокийн эрхшээлд байсан

 Тосон Заамарыг тоосон Заамар болгосон “Алтан дорнод Монгол”-ын эзэн ОХУ-ын иргэн Сергей Викторович Паушокийн ярилцлага нэр бүхий телевиз, хэвлэлээр гарсан нь УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг сэтгүүлчдэд хандахад хүргэв. С.В.Паушок Монголд бизнес эрхлэхэд ямар хүндрэл учирсан, эрх баригчдаас хэн нь ямар дарамт үзүүлдэг байсан талаар ярилцлагадаа дурджээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж МАН-ын Их хурал болж байгаа үеэр Паушокийн ярилцлага зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй нь ойлгомжгүй байдал үүсгэж байгаа тул хэвлэлийн бага хурал зарлалаа гэж онцолсон.

Тэрбээр Паушок манай зарим улстөрчдийн халхавч, хамгаалалт дор байж ирсэн гэдгийг хэдэнтээ дурдав. Ингээд тэрбээр “С.В.Паушок бол Монголын хуульд захирагддаггүй, манай газар нутгийг бараг хувийн өмч мэт боддог, татвар төлдөггүй, дураар дургисан хүн. 2006 онд намайг УИХ-ын дарга байхад 68 хувийн татварын хуулийг баталсан. Тэгэхэд С.В.Паушок энэхүү татварыг төлөхөөс зайлсхийж, үүнийг нь тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч, одоогийн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат өөгшүүлсэн. Энэ хүн үндсэндээ 1.5 тонн алтыг Монголбанкинд хадгалах нэрээр байлгаж, татвар төлөхөөс зайлсхийсэн юм. Ингээд зогсохгүй Монголын Засгийн газраас 1.5 тэрбум ам.доллар нэхэмжилж, олон улсын арбитрийн шүүхэд хандсан. Үүнтэй холбоотойгоор 2008 онд намайг Хууль зүйн сайд байхад Монгол Улсын Засгийн газар зургаан сая ам.доллараар АНУ-ын хуулийн фирм хөлсөлж, Паушокийн нэхэмжлэл дээр ажилласан. Олон улсын арбитрийн шүүхээс хэргийг 2011 онд Монголын талд шийдвэрлэсэн. Маргаан эхэлсэн үеэс энэ эр “Танайх ялагдах учраас хэлэлцээрт оръё” гэж давхар дарамталж байсан удаатай. Тэр этгээд МАН-ын Их хурал болж байгаа үеэр олон нийтийг зориуд төөрөгдүүлж, Монголын дотоод хэрэгт оролцох гэсэн далд явуулга хийж байна” гэж мэдэгдсэн юм.

Мөн тэрбээр Хууль зүйн сайд байхдаа энэ мэт луйврын шинжтэй нэг биш үйл ажиллагааг зогсоосон гэв. Тухайлбал, Японы “Марубени”-гээс авсан 18 сая ам.доллар олон улсад маргаан дэгдээснийг хоёр сая ам.доллар зарцуулсны дүнд Монголын талд ашигтайгаар шийдсэн. Түүнчлэн Чалмерс гэгч америк эр “Гандирс” хороолол барих нэрээр 250 сая ам.долларын өрийн бичгийг Монголбанкнаас гаргасныг холбогдох албан тушаалтнууд хүчингүй болгосон ч Монгол Улс 30 сая доллар алдсаныг ярив. Энэхүү 30 сая ам.доллартай холбоотой маргаан Женевийн шүүхээр орж “Монгол Улс төлөх ёстой” гэсэн анхан шатны шийдвэр гарсан аж. Ц.Нямдорж гишүүн “Монголбанкаар дамжуулан мөнгө угаах, залилан хийх явдал олон жил үргэлжилсэн. 2001 онд ОХУ-ын “Транс” банкинд манай Төвбанкнаас 10 сая ам.доллар шилжүүлмэгц тэр банк нь татан буугдаж, 10 сая ам.доллар сураггүй болсон. Энэ мэт үйлдэл цаашид ч тасрахгүй. Монголын төрд нөлөөлөх гэсэн хар мөнгө орж ирэх нүх сүвийг хаах хэрэгтэй” гэсэн юм. Энэ үеэр түүнээс цөөн зүйлийг тодруулсан юм.

-Паушокийн ярилцлагатай холбоотойгоор та яагаад мэдээлэл өгөх болов. Энэ хүнтэй ямар байдлаар холбогдож байгаа юм бэ?

-Түүний ярилцлагад С.Баяр, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил бид дөрвийн нэр орсон. Паушоктой холбоотой нэхэмжлэл гарсан, шийдвэрлэсэн хугацаа нь С.Баярын Засгийн газраас эхэлж, Сү.Батболдын Засгийн газраар дуусаж байгаа. Мөн Ц.Мөнх-Оргилыг Хууль зүйн сайд байхаас хэрэг эхэлж намайг сайд байх үед дууссан. Намайг С.Баяр, Сү.Батболд нарын гар хөл болсон гэж хэлсэн. Би хэний ч гар хөл болж байгаагүй. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр манай яам оролцсон. Бас намайг бараг аллага зохион байгуулсан гэсэн байна лээ. “Алтан дорнод Монгол”-ын ажилтан 70 настай өвгөн машин барьж яваад зүрх нь хаагдсан харамсалтай явдал болсон. Үүнийг хүртэл Монголын хууль хяналтын байгууллагатай холбож, аллага зохион байгуулсан гэж гүтгэсэн байгаа юм. Ийм зүйл болоогүй. Дахин хэлэхэд, хамгийн аюултай нь Монголын дотоод хэрэгт оролцох гэсэн гаднынхны оролцоо, манай төрийн худалдагдсан түшмэдийн гадныхантай сүлбэлдсэн сүлжээ дахин сэргэх оролдлого явж байна. Үүнээс л сэрэмжлэх хэрэгтэй.

-Паушок хэний халхавч, хамгаалалт дор байсныг тодорхой хэлж болох уу?

-Түүний эрхшээлд буюу маш нарийн сүлжээнд нь байсан хүн бол Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат. Энэ хүн Монголбанкны ерөнхийлөгч байхдаа 1.5 тонн алтыг нь хадгалалтын хууль бус гэрээ байгуулж хадгалаад, Паушокт татвар төл өхөөс зайлсхийх боломж олгосон. Түүний ярилцлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлж буй хүн нь ч О.Чулуунбат.

О.Чулуунбат: Ц.Нямдорж буруу ойлголттой яваад байгаа юм

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн өгсөн мэдээллийн талаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатаас тодрууллаа.

-Таныг Монголбанкны ерөнхийлөгч байхдаа “Алтан дорнод Монгол” компанийн 1.5 тонн алтыг хууль бус гэрээ байгуулж хадгалснаар татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон гэж буруутгаж байна. Энэ тухайд та ямар тайлбар өгөх вэ?

-Паушокийн олборлосон алтыг Монголбанк хадгаламждаа авч, хоёр жилийн дараа эргүүлж төлөхдөө улсын төсөвт их хэмжээний мөнгө оруулсан сайн арга хэмжээ болсон. Хадгаламжид алтыг нь аваагүй бол алтны бусад компани нэгэн адил алтаа аль нэг тийш зувчуулах л байсан. Алтыг нь хадгаламжид авч байх үед унци нь 600 ам.доллар байсан бол хадгаламжийн хугацаа дуусах үед 900 ам.доллар болж өссөнөөр төсөвт их хэмжээний орлого бий болсон. Засгийн газраас талархал илэрхийлсэн баримт хүртэл бий.

-Тэгвэл Ц.Нямдорж гишүүн яагаад ингэж мэдэгдэх болов. Энд ойлголт, мэдээллийн зөрүү байв уу, эсвэл хувь хүний тань хувьд санаатай хандав уу?

-Бүү мэд. Учрыг нь олно доо. Ц.Нямдорж буруу ойлголттой л яваад байгаа юм байна. Юу ярьсныг нь ч би мэдэхгүй. Ц.Нямдорж намынхаа Их хуралтай холбож гомдол тавиад байх шаардлагагүй. Би энэ намд хүчин зүтгэж байсан. Шинэчлэлийн бодлогоо тодорхойлох Их хурлаа хийж байна. Сайн намтартай, боловсролтой шударга хамт олон шинэ бодлогыг тодорхойлно. Хуучин хүмүүс хуучин бодлогоороо явбал дампуурна гэдгийг бид бүгд мэдэж байгаа шүү дээ.

-Паушоктой Та ер нь ямар холбоотой юм бэ?

-Бизнесмений хувьд Паушок гомдолтой явдаг байх. Гэвч энэ нь тэр хүний л асуудал биз. Монголоос гарснаас нь хойш ямар ч холбоогүй байгаа. Тухайн үед би алт олборлодог компани болгонтой холбоотой байсан. Орос, Монгол гэж ялгаварлах бодол байгаагүй. Алтны компаниуд Монголын валютын нөөцийг нэмэгдүүлж, ажлын байр бий болгоход хувь нэмэр болж байсан. Паушок монголчуудтай эвтэй, сайхан ажиллаж байсан гэж л мэднэ. Түүнээс илүүгээр холбогдсон зүйл байхгүй. Монголын зохицуулалт хатуу боллоо гээд манайхаас гарсан. Тэр бодлоо илэрхийлэх нь надад хамаагүй.


Б.Номин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.