Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төсвийн сахилгаас УИХ-ын бүрэн эрхийг илүүд үзэв

Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар төсвийн тодотгол хийж буйтай холбогдуулан өргөн барьсан Төсвийн болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд, мөн Засгийн газарт үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тухай хуулийн төсөлд “Улсын төсвийг хэлэлцэх явцдаа зарлага, алдагдлын хэмжээг нэмэхгүй” гэсэн заалт оруулсан аж. Үүнийг нь гишүүд “УИХ-ын бүрэн эрхэд халдсан” хэмээн эмзэглэн хүлээж авсан юм. Засгийн газар нарийвчилсан тооцоотой, хийгүй төсөл өргөн барьж чаддаггүй, тиймээс УИХ “бөөсийг” нь түүж, нэмж сайжруулах болдог хэмээн олонх нь үзсэн. Төсөв хэлэлцэх болохоор УИХ-ын гишүүдийн ирц эрс нэмэгддэг, сонгогдсон тойрог руугаа мөнгө татчих гээд үздэг учраас Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлд тусгасан орлого, зарлагын хэмжээг эрс нэмж баталдаг.

Төсвийн сахилга батгүй ийм байдлыг цэгцлэхийг Засгийн газар эрмэлзсэнийг Сангийн сайд нь тайлбарласан ч нэмэр болсонгүй. Эхлээд дээрх гурвын төслийг ярих байсан ч гишүүд тодотголтой хольж яриад байлаа. Энэ оны төсвийн орлого 1.1 их наяд төгрөгөөр тасрах тооцоо гарсан. Үүний шалтгааныг С.Бямбацогт асуугаад “Оюутолгой төслөөс урьдчилгаа төлбөр болгож 250 сая доллар авахдаа тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт өр биш гэж онцолж байсан. Гэтэл ирэх оноос эхлээд энэ урьдчилгаа төлбөрийн өрийг төлөх нь. Өр мөн үү, биш үү” гэсэн юм. Сангийн сайд түүнд “Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буурсан, импорт багассан, мөн Оюутолгойгоос олохоор төлөвлөсөн 435.7 тэрбум төгрөгийн орлого тасарснаас ийм зүйл боллоо. Бид орлого олж болох эх үүсвэрээ дайчилсан, ингэснээр төсвийн орлого 800 гаруй тэрбум төгрөгөөр тасрахаар болж буурсан” гэсэн хариулт өгсөн. С.Баярцогт гишүүн “Тухай тухайн жилийн татвараас орж ирэх мөнгийг нэг дор авсан байсан. 2011, 2012 оны төсөвт үүнийг төлөхөөр тусгаагүй, 2014 оноос төлж эхэлнэ” гэлээ. Ч.Хүрэлбаатар гишүүн төсвийн орлого дутаж байгаатай холбоотойгоор ГЕГ, Татварын ерөнхий газарт орлого бүрдүүлэлт хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхлоо.

Томоохон болон жижиг, дунд компаниудын татвар төлөх байдал яаж өөрчлөгдсөнийг тэр мэдэхийг хүсчээ. Татварын ерөнхий газрын дарга Батмагнай “Манай улсын татварын ихэнх нь уул уурхайн салбараас төвлөрдөг. 2013 оны төсөвт тонн зэсийг 8152 доллараар тооцсон ч одоо 7000 доллар болсон. Нүүрсийг 107-135 доллараар тооцсон атал 26-98 долларт хэлбэлзэж байна. Тэр үед 31 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн бол одоо 11 сая тонныг л гаргаад байна. 261.700 тонн зэсийн баяжмал гаргахаас 50 хувийг л экспортолсон. Энэ бүхнээс болоод аж ахуйн нэгжийн орлогын, ашигт малтмалын нөөц ашигласны төлб өрийн татварын хэмжээ буурсан. НӨАТ-ыг бид он дуусахад төл өвлөгөөний дагуу бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Том, жижиг, дунд ялгаагүй аж ахуйн нэгжийн төлсөн татварын хэмжээ багассан.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 340 тэрбум төгрөгөөр буурсан” гэлээ. Хэдий тийм ч улсад төлсөн татварын нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 100 тэрбум төгрөгөөр илүү байгаа аж. Гаалиар оруулж, гаргах бүтээгдэхүүний татварын хэмжээ ч бас тодорхой хувиар буурсан байна. Гадаад өрийн нийт хэмжээ дөрвөн тэрбум доллар байгаа ч хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй гэлээ. Тодотгол руу “хальтирсан” ярианы дараа гишүүд үндсэн асуудалдаа орж саналаа хэлэв. Төсвийн тухай хуулийн төсөлд “Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийг УИХ хэлэлцэхдээ зарлага, алдагдлын хэмжээг өөрчлөхгүй” гэсэн заалтын талаар хоёр гишүүн эсрэг, тэсрэг байр суурьтай байв. УИХ-ын бүрэн эрхэд халдлаа гэсэн байр суурь давамгайлсан учир төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.


С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.