Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Ноёд”-ын Г.Буяндорж бусдыг луйвардсан биш, луйвардуулсан бололтой

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гурав хоногийн өмнө сэтгүүлчидтэй зангиагүй уулзахдаа “Хэргийг нь шалгах явцад Г.Буяндорж өөрөө бусдад залилуулсан байж болох нөхцөл байдал үүссэн” гэж хэллээ. Бусдыг залилсан, тэрбум тэрбумаар нь луйвар хийсэн гэгдэж байсан, “Ноёд” группийн эзэн Г.Буяндорж өөрөө залилуулсан болоод явчихав. Монголын бизнесийн зах зээлд чамгүй хугацаанд ажиллахдаа хал үзэж, халуун чулуу бишгүй долоосон Г.Буяндоржийг залилсан хүн хэн бэ гэдэг нь сонирхол татав.

С.Билэгт банкинд ажиллаж байжээ

Өдгөө “Ноёд” группийн охин компани болох “Ноёд” констракшны захирал болоод буй С.Билэгт өмнө нь Орхон аймагт банкинд ажиллаж байжээ. Тэр үед банкнаас их хэмжээний мөнгө залилсан хэргээр ажлаасаа халагдсан байх юм. 2012 онд “Ноёд” группийн барьж байсан “Sky tower” орон сууцнаас С.Билэгт өөрийн хүү Б.Шагдарсүрэндээ таван өрөө байр худалдан авч өгөхөөр урьдчилгаа төлбөрөө төлжээ. Гэсэн ч тэрбээр “Ноёд констракшн” компанийн гүйцэтгэх захирал Д.Батжаргалаар яаж ийгээд байрны гэрчилгээгээ гаргуулж дөнгөжээ. Түүнийхээ дараа Д.Батжаргалаар дамжуулан Г.Буяндоржтой танилцсан гэнэ. С.Билэгт “Хөгжлийн алдар” ТББ-ын төслийн удирдагч Д.Наранхишигт гэдэг хүнийг дагуулан ирж, Г.Буяндоржтой уулзан, гурван хувийн хүүтэй, зургаан тэрбум төгрөгийн зээлд зуучилж өгөөд шанд нь таван өрөө байрныхаа үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх санал тавиад зөвшөөрүүлж чаджээ.

Хамгийн сонирхолтой нь С.Билэгт “Зээл бүтсэн. Гэхдээ зээл миний нэр дээр гарах учраас чи компаниа миний нэр дээр шилжүүлэх хэрэгтэй болоод байна” гэж ятган зөвшөөрүүлжээ. Ингээд Г.Буяндорж “Ноёд констракшн” компаниа гүйцэтгэх захирал Д.Батжаргалд бэлэглэж, дараа нь 2012 оны дөрөвдүгээр сарын 3-нд С.Билэгтийн нэр дээр шилжүүлсэн байх юм. Тэрбээр компанийг нь аваад зогсохгүй, барьцаа хөрөнгө дутлаа гэх нэрийдлээр “Ноёд” группийн өөр нэг охин компани болох “Сэлэнгэ ноёд”-оос хөрөнгө татуулж авчээ. Тэр үед Г.Буяндорж төрсөн дүүгийнхээ данснаас 65 мянган доллар бэлнээр гаргуулж, Д.Наранхишигтэд зээлийн урьдчилгаа хэмээн өгчээ. Компанийг нь нэр дээрээ шилжүүлж аваад С.Билэгт өнөө сайхан амнаасаа буцаж эхэлсэн байна. Д.Наранхишигт ч харагдахаа байж. С.Билэгт түүний тухай “Киев явсан. Эхнэрийнх нь бие муудсан учраас эмнэлгээр яваад завгүй байгаа” гэж хэлж байснаа бүр сүүлдээ “Хүн хутгалаад цагдаад байцаагдаж байгаа” гэж хэлсэн тухай Г.Буяндорж цагдаагийн байгууллагад мэдүүлжээ.

С.Билэгтийн зорилго нь “Сэлэнгэ-888”

“Ноёд констракшн” 2012 онд Баянзүрх дүүрэгт 650 мянган ам.доллараар газар худалдан авч, “Сэлэнгэ-888” нэртэй, 16 давхар, дөрвөн хэсэг барилгаас бүрдэх орон сууц барьж эхэлжээ. Түүнийхээ 1-10 давхрыг дуусгаж, үлдсэн хэсгийг нь гүйцээхэд санхүүжилт хэрэгтэй байсан аж. С.Билэгт үүнийг нь ашиглаж, Г.Буяндоржийн хөрөнгийг авах арга сэдсэн бололтой. Компанийг нь нэр дээрээ шилжүүлж авсныхаа дараачаас эхлэн “Сэлэнгэ-888”-ын орон сууцуудыг заран, мөнгийг нь авч эхэлжээ. 108 айлын орон сууцыг нэг ам метрийг нь 1.3 сая төгрөгөөр зарсан гэдэг. Тэгэхэд л Г.Буяндорж залилуулснаа ойлгоод Сэлэнгэ аймгийн шүүхэд өргөдөл гаргаж, “Ноёд констракшн”-ы захирлаар одоо ажиллаж байгаа С.Билэгт нь энэ компанийн эзэн биш гэдгийг нотолж өгнө үү” гэж хүссэн байна. 2012 оны арванхоёрдугаар сарын 17-нд Сэлэнгэ аймгийн шүүхээс С.Билэгтийн “Ноёд констракшн”-тай холбоотой үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргасан ч биелүүлээгүй аж. С.Билэгт нэг өдөр Г.Буяндорж руу ”Хоёулаа эвлэрье. Компанийг чинь буцааж өгье. Би компанид чинь өнгөрсөн хугацаанд оруулсан хөрөнгөө аваад л явлаа” гэж хэлсэн гэнэ. Асуудлыг эвээр шийдэх зорилгоор Г.Буяндорж түүний саналыг зөвшөөрч, шүүхээс өргөдлөө татсан байна. Тэгтэл өнөөх нь бас л алга болчихсон аж. Тиймээс энэ оны дөрөвдүгээр сард Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст хандсан байна. Цагдаагийн байгууллагаас С.Билэгтэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн агаад тэр үед С.Билэгтэд мөнгөө залилуулсан хэсэг хүн тус хэлтэст бас гомдол гаргажээ. С.Билэгтийн хэргийг тухайн үед Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн ч ямар ч шийдвэр гараагүй гэнэ. Түүний дараа С.Билэгтэд холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас татан шалгасан байна. Тэгтэл бүх юм эсрэгээрээ болж, С.Билэгтэд биш Г.Буяндоржид эрүүгийн хэрэг үүсгэж, С.Билэгтийн нэр хүндэд халдаж, гүтгэсэн гэж буруутгажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн өрөөнөөс гэрчилгээ хулгайлжээ

“Ноёд” констракшнийг үүсгэн байгуулагч нь Г.Буяндоржийн ах Г.Дамдиндорж гэдэг хүн байдаг аж. Г.Дамдиндорж Сэлэнгэ аймгийн шүүхэд хандан, “Ноёд констракшн”-ийг үүсгэн байгуулснаа нотлох баримт гаргаж өгснөөр “Ноёд” констракшн-ийг үүсгэн байгуулагч, хууль ёсны өмчлөгч нь Г.Дамдиндорж гэдгийг 2013 оны тавдугаар сарын 14-нд тогтоожээ. Өрөөлийн компанийг хууль бусаар эзэмшсэн С.Билэгтээс “Ноёд констракшн”-ийг эргүүлэн авахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид зургадугаар сарын 13-нд очиход С.Билэгт эсэргүүцсэн тул шийдвэр гүйцэтгэгчид “Сэлэнгэ-888” барилгыг битүүмжилж, компанийн гэрчилгээ, тамга тэмдгийг нь хурааж авчээ.

Зургадугаар сарын 17-нд Г.Буяндоржийн өмгөөлөгчийг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас дуудсан байна. Тэгтэл компанийн гэрчилгээ алга болсон байсан гэнэ. Камерын бичлэг шүүж үзэцгээхэд С.Билэгт компанийн гэрчилгээг хулгайлаад туслахынхаа цүнхэнд хийжээ. Шийдвэр гүйцэтгэгчид сандарч, С.Билэгт рүү утсаар ярихад “Би гэрчилгээгээ авсан. Одоо Хууль зүйн яаман дээр явж байна” гээд утсаа тасалжээ. Тэрбээр Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянтай уулзаж, “Миний компанийн гэрчилгээг Г.Буяндорж булааж авах гээд байна. Үүнийг хэнд ч өгөлгүй хадгалж байгаач” гэж гуйжээ. Хууль зүйн дэд сайд энэ тухайгаа өөрийн цахим хуудсандаа бичсэн байна.

С.Билэгтийг компанийн гэрчилгээ хулгайлсан хэмээн нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Э.Батбаяр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хандан, эрүүгийн хэрэг үүсгүүлсэн ч арваад хоногийн дараа хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Уг гэрчилгээг ШШГЕГ-ын Хяналт, шалгалт дотоод аудитын газрын дарга, хурандаа Г.Туулхүү Хууль зүйн дэд сайдаас авч, С.Билэгтэд буцаан өгсөн сурагтай. “Ноёд констракшн”-ы өөрийнх нь хөрөнгө нь 13 тэрбум төгрөг гэнэ. Тэгэхээр С.Билэгт үнэхээр Г.Буяндоржийг луйвардсан бол Монголд гарсан луйврын хэргүүдээс хамгийн том нь болж таарах нь.


 Х.ЭРХЭМ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.