Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАН-ЫН ИРЭЭДҮЙ БУЮУ МАРГААШИЙН СОНГОЛТ

МАН-ыг мандан бадарч байх үед даргын төлөөх амбиц өнөөдрийнх шиг ийм өрсөлдөөнтэй байсангүй. Дарга нарынхаа хөтөлж авчирсан хүнийг гишүүд нь 100 хувийн саналаар ярсхийтэл гар өргөн баталдаг байлаа. Харин өнөөдөр энэ намын удирдлагын төлөөх өрсөлдөөн УИХ-ын сонгуулийг санагдуулж эхлэв. Сонин хэвлэлийн хуудас бүрт МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчид нүүр нүүрээр ярилцлага өгч, мөрийн хөтөлбөрөө хүртэл нийтлэх болов. Ялсан биш, ялагдсан намыг удирдахын төлөө яасан их амбицалж байна вэ? Аль эрт сураг тасарч, улс төрийн тавцангаас буусан эрхмээс эхлээд намын дарга байтугай улстөрч гэж хүлээн зөвшөөрөхөд ч хэцүү залуучууд нэр дэвшихээ зарлах нь юуны учир вэ? 90 жилийн түүхтэй энэ нам захын хүний санаанд батгахаар жижгэрлээ гэж үү.

Маргааш МАН-ын их хурал болно. МАН анх удаа Их хурлаараа ялалтын биш, ялагдлынхаа алдаа, оноог шүүх гэж байна. Намын дүрмэндээ хүртэл өөрчл өлт оруулж, эрх баригч намын биш сөрөг хүчний дүрэмтэй болох гэж буй нь түүхэн дэх анхны тохиолдол болж байна. Тэр тусмаа улс төрийн бүх шатны сонгуульд ялагдал хүлээсэн энэ намыг дахиж өндийж, сэхэх эсэх нь намын шинэ удирдлага хэн болохоос шууд шалтгаалах шинэ үе эхэлж байна. Хэвлэлээр хэн нэг нэр дэвшигчийг тэнгэрт тултал магтан дуулж, нөгөөг нь шаварт хутгалдтал нь муулж шүүмжилснээр МАН-ын Их хурлын 1134 төлөөлөгчийн өгөх саналд нөлөөлөхгүй ээ. Харин нийгмийн уур амьсгал болон ард түмэн энэ намаас юу шаардаж, шахаж байгаа нь мянга мянган гишүүнд нэгийг бодуулж, хоёрыг сануулаасай гэсэндээ улс төрийн тоймч, ажиглагчид үгээ хэлж буй нь энэ юм. Үүнд бас санаа оноо нэмэрлэж, хөндлөнгийн нүдээр ажигласнаа хүргэхийг хичээлээ.

Миеэгомбын Энхболд хэмээх эрхмийг “дарга” гэх тодотгол байнга дагадаг. Насаараа дарга хийгээд ийм тодотгол авчихсан юм биш. Харин дарга шиг дарга, зангарагтай эр хүний жудгийг нь хүмүүс хүндэтгэлийн энэ үгээр илэрхийлдэг юм билээ. Өдгөө 49 настай гэхээр энэ хүн миний мэдэхээр 10 гаруй жил дарга хийж яваа. Одоо МАН гэх өнөр айлын өрхийн тэргүүн болохоо зарласан нь өөрийнх нь гэхээсээ илүүтэй унасан намын өсөж өндийх тулгуур нь ийм хүнийг шаардсантай холбоотой байх. Хотын фракц гэх тодотгол түүнийг байнга дагадаг. Фракц гэх нэртэй ч энэ бол М.Энхболд гэдэг хувь хүний нэгдэл. Энд олон жилийн найз нөхдүүдээс нь эхлээд зам зуурын дагагчид ч бий. Зарим нэгийнх нь сөрөг имиж М.Энхболдыг сүүдэр шиг дагасаар ирсэн. Үүнийгээ цэвэрлээгүй цагт МАН-ын шинэчлэлийг сүүдэрлэж мэднэ гэсэн болгоомжлол ч намынханд нь бий. Түүнийг У.Хүрэлсүхийн, Сү.Батболдын, С.Баярын гэх фракцууд ч дэмжиж буй гэсэн мэдээлэл бий. Тийм болохоор МАН-ын дарга Ө.Энхтүвшин М.Энхболдыг гараас нь хөтөлж оруулж ирээгүй л болохоос биш намын тодорхой түвшинд хүлээн зөвшөөрсөн гэж хэлж болно.

Харин бусад буюу Н.Энхболд, Ц.Нямдорж бас Т.Аюурсайханы хувьд тодорхой хувийн саналыг өөр хоорондоо хуваахаас хэтрэхгүй. Гэхдээ Т.Аюурсайханаас бусад нь өөр өөрийн түвшинд хүлээн зөвш өөрөгдсөн лидерүүд. Нам дахь хүрээлэл дэмжлэг, хувь хүний характерийн хувьд М.Энхболд шиг хатуу, зөөлнийг хослуулж, ая эвийг нь зохицуулах зангараг дутна. Хэт яхир, хатуу эсвэл хэт зөөлөн, аядуу байх нь сөрөг хүчний удирдагчийн зан биш. Ялангуяа унасан намын хувьд сөрөх гэж сөрж, тэмцэх гэж тэмцэх, эсвэл өрөвдүүлэн тунирхах нь Монголын улс төрд лав тохирохгүйг харуулсан. Монголчуудын нүд нээгдэж, улс төрийн боловсрол нь дээшилсэн. Хэн нэгнийг өрөвдөж, үзэн ядаж савлахаа больсон. Тиймээс зөв стратеги, цагаа олсон оновчтой, мэдрэмжтэй улс төрийг үнэлдэг, дэмждэг болсон. Ийм үед МАН-ыг тэргүүлэх хувь хүний фигур, багийн зөв бүрэлдэхүүн, нэгдмэл бодлогоо хэрхэн зөв хэрэгжүүлж чадах, эсэхээс улс төрийн ирээдүй нь шалтгаална. М.Энхболд МАН-ын дарга болбол хэнтэй шадарлаж, намынхаа “гал тогоог” бариулахаас их зүйл шалтгаална.

Дарга, генсек хоёрын үзэл бодол, зан характер бие биенээ нөхөж, нийцэн зохицох, эсэх нь улс төрд чухал юм билээ. Энэ зохицолдоог МАНынхан өмнө нь үл тооцсоноос нэг хэмнэлийн хүмүүсээр удирдлагаа бүрдүүлсэн. Энэ нь нам дотор сул орон зай бий болгосон. Тиймээс М.Энхболдыг намын даргаар сонговол баруун гар-генсек хэн болох нь аргагүй анхаарал татаж байгаа. Энэ чухал албан тушаалд нэр дэвших олон залуус бий. Ж.Мөнхбат, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энхмандах гээд энэ намын нүүр царай болсон өөртөө итгэлтэй хүмүүс нэр дэвшихээ ил тодоор илэрхийлж буй. Харин тэдэн дундаас хэн нь намын даргатайгаа гар нийлж чадах бол. Бүгдэд нь зоригтой, шийдэмгий гээд давуу тал бий. Гэхдээ энэ нь заримдаа алдааны эхлэл болдгийг сануулахад илүүдэхгүй. Амьдралд алдаж оноод засаж залруулаад явахыг алийг тэр гэх вэ. Гэхдээ МАН одоо алдах, буруу сонголт хийх эрхгүй. Яагаад гэвэл хоёрхон жилийн дараа болох УИХ-ын сонгуулиас өмнө дахин шинэчилж, засаж залруулах цаг хугацаа үлдэхг үй. Тиймээс МАН-ын ирээдүй энэ сонголтоос шууд шалтгаална. Харин хэн байх вэ. Хувь хүнийхээ хувьд эдгээр залуус бүгд намдаа хүлээн зөвшөөрөгдсөн, өөр өөрсдийн орон зайтай. Тэдний дундаас харин сөрөг хүчин болсон энэ онцгой үед эр зоригоос илүү намынхаа бодлогыг зөв тодорхойлж, хэрэгжүүлж, нийгэмд шинэ дэмжлэг бий болгох хүн хэрэгтэй.

Иргэний хөдөлгөөнийхөн намын байр руу нь дайрч, туг далбааг нь шатааж, хаалга үүдийг нь эвдэн сүйтгэсэн нэгэн тохиолдлын дараа энэ намын 10 дахь генсек У.Хүрэлсүх шатсан тугны тасархайгаа тэргүүндээ дээдлэн УИХ-ын танхимд эсэргүүцэл, эгдүүцлээ цочир сониноор илэрхийлж байсан удаатай. Шүүмжлэл, бахархлын хоёр туйл болж байсан У.Хүрэлсүхийн энэ үйлдлээр зарим залуу гишүүн одоо ч бахархдаг юм билээ. Ялагдсан энэ намд одоо л ийм зоригтой хүн хэрэгтэй гэсэн яриа ч байна. Харин одоо ийм “партизан” тэмцэл, эсэргүүцэл нэгэнт сөрөг хүчин болсон МАН-ын энэ цаг үетэй зохицоно гэж үү. Эсэргүүцэл, тэмцэл, суулт, өлсгөлөн гээд тэмцлийн “хурц хэлбэр”-үүд Монголын улс төрд хоцрогдсон. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн “буйдантай суулт” хийж байлаа. Олон нийт тийм ч таатай хүлээн аваагүй ч намын бүлэг байгуулах эрхээ эрх баригчдаар хүлээн зөвшөөрүүлж чадсан. Одоо жагсаж тэмцэхээсээ илүүтэй оюун ухааны, бодлогын өрс өлд өөнөөр эрх баригчдаас илүү гарахыг ард түмэн хүлээж буй. Тиймээс МАН-ын шинэ даргад улс төр гэх “шатрын хөлөг” дээр хэдэн нүүдлийн цаадахыг харж, хэрэгж үүлж чадах стратегич-генсек л хань болно. Зөвхөн стратегич төдийг үй эр зоригтой байх нь ялагдсан намын генсекийн бас нэгэн шалгуур байх болов уу? Харин тэр нь хэн байх бол.

Ерөнхий нарийн бичгийн даргад хоёр дахиа нэр дэвшиж буй нэг хүн бий. Тэр бол Д.Цогтбаатар. Өмнө нь хэдхэн хүний саналаар Г.Зандаршатарт зай тавьж өгсөн энэ залуу “Улс төрд цохилтын хариуг ирсний дараа биш, ирэхээс нь өмнө өгөх ёстой” хэмээн нэг ярилцлагадаа хэлсэн байсан. Басаж болохгүй бас нэг нэр дэвшигч Ж.Сүхбаатар гурван сонгуулийн ялагдал гашуун байсан талаар ярьсан удаатай. Тиймээс МАН-ыг 2016 оны сонгуулиар дахин цохилтод оруулахг үйн тулд МАН-ын дарга болох хүн хэнтэй шадарлахаа урьдчилан тооцож буй нь лавтай Намын даргаар сонгогдсон хүн генсект хэнийг санал болгохыг таашгүй. Хэн ч сонгогдсон түүний санал болгосон нэгээс бусад нь танхимаас нэр дэвших нь тодорхой. Энэ тохиолдолд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “сонгууль” намын даргынхаас ч илүү сонирхолтой болох магадлал өндөр байна.

Хоёр жилийн дараа УИХ-ын 2016 оны сонгууль болно. Улс төрд оролцож буй хэн хүний хувьд энэ сонгуулийг одооноос тооцоолж буй нь лавтай. Намдаа эхний хоёрт эрэмбэлэгдэх албан тушаал гэдгээрээ Ерөнхий нарийн бичгийн даргаар хэнийг сонгохоос энэ намын ирэх сонгуулийн өнгийг тодорхойлж болно. Тиймээс энэ их хурал гишүүдийнх нь хувьд МАНын ирээдүйг тодорхойлох, жирийн иргэдийн хувьд ирэх дөрвөн жилийн өнгийг шийдэх улс төрийн сонголтын хурал болох гэж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.