Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ш.Сүхбаатар : Цаазын ялтай долоон иргэнийхээ амийг түрүүчээс нь өршөөлгөж эхэллээ

 Манай улсын хэчнээн иргэн харьд ял шийтгүүлсэн, ГХЯ-наас нутаг нэгтнүүдээ хэрхэн анхаарал тавьдаг талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатараас тодрууллаа. Хар тамхи их хэмжээгээр тээвэрлэсэн хэргээр БНХАУ-ын Ардын дээд шүүхээс цаазын ял сонссон Ж.Дамдинг Бээжинд суугаа Монгол Улсын ЭСЯ-ны Дэд консул тэргүүтэй хүмүүс эргэсэн байна. Ж.Дамдины байдлын талаар Консулын газрын захирлаас лавлалаа.

-Манай улсын иргэд гадаадад зорчих нь чөлөөтэй болж, тэр хэрээр хэрэгт төвөгт орооцолдож, ял шийтгүүлэх боллоо. Харийн хэчнээн оронд манай улсын иргэд ял эдэлж байна вэ?

– Монгол Улсын 145 иргэн гадаадын 16 оронд ял шийтгүүлээд байна. Хэдийгээр тухайн орныхоо хуулийг зөрчиж, гэмт хэрэгт холбогдсон ч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахаар ГХЯ, Консулын газар, ЭСЯ, Өргөмжит консулаараа дамжуулан ажилладаг. Тэднийг эргэж тойрох, эрх зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөгчөөр хангаж байна. Тухайлбал, БНХАУ-д 56, Хонконгод 29 хүн хоригдож байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн долоо хоногт Хонконгод байгаа хоёр иргэнээ тус улсад суугаа ЭСЯ-ныхан эргэлээ.

-Цаазын ял сонссон Ж.Дамдинг эргэсэн гэсэн. Түүний биеийн байдал ямар байгаа бол. Ямархуу нөхцөлд хоригдож байна вэ?

– БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах орон (ШУӨЗО)-д ял эдэлж буй манай улсын иргэн Ж.Дамдинг Бээжин дэх манай ЭСЯ-ны Консулын хэлтсээс саяхан эргэлээ. Хорих төвийн удирдлагууд Монголоос ганцаараа ял эдэлж байгаа Ж.Дамдинг дүрэм журмаа сайтар сахидаг, төмрийн бэлдэцийн үйлдвэрт ажилладаг гэж ярьсан байна лээ.

Өнгөрсөн зун Ж.Дамдин уушги нь муудсан тухайгаа ЭСЯ-ндаа мэдэгдэж, хүсэлт гаргасны дагуу эмнэлэгт хоёр сар хэвтүүлэн эмчлүүлсэн. Сая Дэд консултай уулзахдаа “Монголоос намайг эргэж ирж байгаад маш их баярлаж байна. Миний бие сайжирч байгаа. Монгол Улсын минь төрийн сүлд өршөөлөө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баярлаад баршгүй. Одоо би алзахгүй ээ. Сайн ажиллаж байгаад эндээс гарна. Миний хийсэн үйлийн үр энэ. Гэхдээ зориг тэвчээрээр энэ бүхнийг даван туулна. Ар гэрийнхнийг маань наашаа ирж, зардал чирэгдэл болоод хэрэггүй гэж хэлээрэй. Сар бүр эндээсээ утсаар ярьдаг” гэж хэлүүлсэн байна билээ. Түүнийг өвөрмонгол хуяг харгалздаг юм байна.

-БНХАУ-ын даргад захидал бичиж байж өршөөлгөсөн гэл үү?

– Ж.Дамдин 2007 оны наймдугаар сард хар тамхи хил нэвтрүүлсэн хэргээр тус улсын хууль хяналтын байгууллагынханд саатуулагдаж, 2008 оны есдүгээр сард нь БНХАУ-ын Ардын дунд шатны шүүхээс цаазаар авах, бүх эд хөрөнгийг нь хураах ял шийтгүүлсэн. Түүнийг нь давж заалдсан ч 2010 оны есдүгээр сард болсон Ардын дээд шүүхийн давж заалдах шатны хурлаас ялыг нь хэвээр баталсан. 2010 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга асан Ху Жинтаод Монгол Улсын иргэн Ж.Дамдины амийг өршөөхийг хүссэн захидал илгээсэн юм. Түүний дараа 2011 оны зургадугаар сард ШУӨЗО-ы Ардын дээд шүүхээс Ж.Дамдины хэргийг хянаад анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан цаазаар авах ялыг нь хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлсэн.

-БНХАУ-ын Эрүүгийн хуульд цаазын ялыг өршөөн хэлтрүүлэх заалт байдаггүй гэдэг. Тэгэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүсэлтийг Хятадын тал хүлээн авч Ж.Дамдинд өршөөл үзүүлсэн гэж ойлгож болох уу?

– Тийм ээ. БНХАУ-д өршөөх, ял хэлтрүүлэх зүйлт заалт Эрүүгийн хуульд нь байдаггүй ч Ардын дээд шатны шүүхээс 2013 оны нэгдүгээр сард Ж.Дамдиныг бүх насаар нь хорих ял ногдуулж буй шийдвэрийг өөрт нь өгсөн. ГХЯ болон Бээжин дэх ЭСЯ-ны ажилтнууд Ерөнхийлөгчийн захидлын мөрөөр түүнд ногдуулсан ялыг бууруулахад анхаарч, бүх шатны шүүх хуралд ажиглагчаар оролцож, ноот бичиг өгч ажилласнаар Хятадын Ардын дээд шатны шүүх түүний амийг өршөөлөө.

-Ж.Дамдин ар гэрийнхэнтэйгээ уулзаж, эргэлт авч байсан юм болов уу?

– Эцэг, эх нь 2008, 2012 онд очиж уулзсан. Сая түүний ээж нь манай Консулын ажилтнаар мөнгө болон толь бичиг явуулсныг нь хүргэсэн. Ж.Дамдины дансаар мөнгө гуйвуулах хүсэлтийг манай тал тавьсныг Хятадын хууль хяналтын байгууллагынхан хүлээж авсан. Өмнө нь ном, сонин өгч явуулсныг авсан гэсэн. Дахин ном, сонин явуулаарай гэсэн байна билээ.

-Манай хэчнээн иргэн гадаадад цаазын ял сонсоод байгаа вэ?

– Монгол Улсын долоон иргэн цаазын ял сонссоныг өршөөн хэлтрүүлэх, талаар хөөцөлдөж, эхнээсээ өршөөгдөөд байна. Манай 145 иргэний 14 нь хүн амины, 38 нь хулгай, мөн тооны хүн хар тамхины хэрэгт ял шийтгүүлсэн. Түүнчлэн хүчин, танхай, дээрмийн хэрэгт ч холбогдсон.

-Малайзад баригдсан Б.Халиуны хэрэг яаж шийдэгдсэн бол? Өнгөрсөн наймдугаар сард шүүх хурал нь болно гэж байсан.

– Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа. Шүүх хурал нь хэд хэдэн удаа хойшилсон.

-Манай улсад гадаадын цөөнгүй иргэн ял шийтгүүлсэн. Тэднийг харьяалах улс нь хэрхэн анхаардаг юм бол?

– Монгол Улсад гадаадын 24 иргэн ял эдэлж байна. Тэднийг харьяалах улсынх нь Консултай хамтран эргэж тойрох ажлыг бид энэ долоо хоногоос зохион байгуулж эхэллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.