Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уулын цана гэр бүлийн спорт уу ?

Уулын цана гэр бүлийн спорт болохыг дараах жишээ баримтаар баталж болно. Хэн бүхэн алдарт Костеличийн гэр бүлээр үүнийг хамгийн түрүүнд төсөөлдөг. Харин энэ удаа 2013 оны Дэлхийн цомд “юм дуулгах” магадлал өндөр найман хосыг танилцуулж байна.

Сюзанна ба Мария Риш (Герман)

Сюзаннагийн эгч Мария Риш хоёр жилийн өмнөх Дэлхийн цомд нийлбэр дүнгээр түрүүлж, “Болор бөмбөрцөг” хүртсэн билээ. Слаломын төрөлд дээгүүр амжилт гаргадаг тэрбээр Линдси Вонны гол өрсөлдөгчдийн нэг байв. Дүү нь ч гэсэн слаломоор дагнадаг. Гурван жилийн тэртээх олимпийн улиралд Сюзанна Дэлхийн цомын хоёр цувралд өнгөлсөн бөгөөд Ванкуверт эхний оролдлогоороо медалийн төлөө өрсөлдөх болзол хангасан. Гэвч медаль авч чадаагүй юм. Хоёр дахь оролдлогоо амжилтгүй гүйцэтгэсэн учраас шоконд орсон байж болох талтай. Харин “Сочи-2014”-т эгч дүүсээс ямар ч цохилт ирж магадгүй. Эгч, дүү Риш Дэлхийн цомын цуврал тэмцээнд 24 удаа ялалт байгуулсан бол тэдний гол өрсөлдөгч болох Шильдийнхэн 35 түрүү авчээ.

Бернадетте ба Марлиз Шильд (Австри)

Слаломын төрөлд Марлиз Шильд Дэлхийн цомын 33 түрүү авсан. Сүүлийн ялалт нь бүх цаг үеийн уулын цаначидтай харьцуулбал Френи Шнайдерийн амжилттай дүйцсэн юм. Өнгөрсөн жил гэмтэл аваагүй бол дээрх үзүүлэлтийг шинэчлэх байлаа, тэр. Түүнийг эмчилгээ хийлгэж байхад дүү Бернадеттегийнх нь авьяас тодорсон.

Өсвөрийн ДАШТ-д түрүүлж, олны анхаарлыг өөртөө татсан 17-той охинд гэмтэл авсан эгч нь бусад уралдааны үеэр зөвлөгөө өгөөгүй нь харамсалтай. Өдгөө тэрбээр Дэлхийн цомд оролцох шилдэг 15-д багтсан. Лейнцернхайд болсон уралдааны шигшээд шалгарсан ч Микаэль Шиффринд дийлдсэн байна.

Мона ба Нина Лосет (Норвеги)

Эгч, дүү Лосет Дэлхийн цомын дөрвөн түрүүг аваад байгаа нь чамлахааргүй амжилт. Өөрөөр хэлбэл, хоёрт нь Мона, хоёрт нь Нина түрүүлжээ. Монагаас хоёр насаар эгч Нина Дэлхийн цомын слаломын төрөлд шилдэг арван тамирчны тоонд гурвантаа багтсан юм. Европын цомд өндөр амжилт гаргасан Мона саяхан гэмтэл авснаар завсарлага аваад байна. Харин Нина Норвегийн уулын цанын шигшээ багийн шилдэг тамирчдын нэг билээ.

Ирене ба Елена Куртони (Итали)

29 настай Ирене ахмад тамирчдын тоонд зүй ёсоор багтана. Тэрбээр жаинт болон супер жаинт слаломын төрөлд өрсөлдөгчдийнхөө зүрхэнд шар ус хуруулдаг. Харин Елена Италийн шигшээ багийн гол найдваруудын нэг. Дэлхийн цомын шилдэг аравт багтаж амжсан, эгчээсээ ялгаатай нь түрүү байр эзэлж үзээгүйд л оршиж буй.

Сабрина, Елена, Надя Фанчини (Итали)

Эгч дүү гурав өөр өөрийн хувь тавилангаар тамирчны замналаа үргэлжлүүлж, өөр өөр амжилт гаргаж байгаа ч тэдэнд ганцхан адилхан тал бий. Энэ нь өнөөх гайтай гэмтэл бэртэл. Гэвч хүнд бэрхийг үл шантран, тэдний хоёр нь Дэлхийн цомын цуврал тэмцээнд түрүүлж чадсан. Хамгийн том эгч Елена уулын уруу хурдтай буултын төрөлд мэргэшсэн нэгэн. 2005 он түүний огцом амжилтын жил бөгөөд Микаэла Дорфмайстер, Александра Майсницер нарыг ялж, нэгэн цувралд түрүүлжээ.

Тэр жилийн ДАШТ-ий хурдтай буултын тэмцээнд алдарт Яница Костеличийн дараа хоёрдугаар байр эзлэхдээ Елена 19-тэй байжээ. Гэвч цаашдын амжилтад гэмтэл сөрөг нөлөө үзүүлсэн. Надя Еленагаас нэг насаар ах. Дэлхийн цомын цуврал тэмцээнд нэг удаа түрүүлсэн байна. Түрүү байрын төлөө найман удаа “довтолсон”. Харин 2008 онд Канадын Лейк Луис хотноо болсон Дэлхийн цомд манлайлжээ. 2009, 2012 оны ДАШТ-ээс хүрэл, мөнгөн медаль зүүсэн байна. Сабрина Финчини слаломд өндөр амжилт гаргадгаараа хоёр эгчээсээ ялгаатай. Өдгөө 25 настай тэрбээр Австрид болсон Дэлхийн цомд наймдугаар байр эзэлсэн. Өнгөрсөн улирлын эхээр гэмтэл авсан уулын цаначин Сочигийн олимпод өндөр амжилт гаргах итгэл дүүрэн байна.

Йоханнес ба Клаус КрЁлль (Австри)

Тэдний тухай сонирхолтой баримт цөөнгүй. Клаус Йоханнесаас 11 насаар ах билээ. Өдгөө дүү Крёллийн амжилт ид цэцэглэж байгаа бол ах нь нэгэнт зодог тайлах цаг нь иржээ. Мэдээж Клаус шилдэг цаначин. Дэлхийн цомын зургаан цуврал тэмцээнд тэргүүлжээ, тэр.

Өнгөрсөн жил хурдан буултын төрөлд “Бага болор бөмбөрцөг” тэвэрсэн билээ. 2012 он ах дүүсийн хувьд амжилт гаргасан жил. Йоханнес Канадын Лейк Луис хотноо болсон Дэлхийн цомд 15, Гармишт 10 дугаар байр эзэлжээ.

Сильван ба Элиа Цубригген (Швейцарь)

Уулын цанын алдартай гэр бүлийн нэг нь Цубриггенийх юм. Энэ гэр бүлийн нэр хүндтэй төлөөлөгчид нь Сильван, Элиа нар билээ. Сильван дүүгээсээ есөн насаар ах бөгөөд Дэлхийн цомын хоёр цувралд түрүүлж, Ванкуверийн олимпоос хүрэл медаль зүүсэн. Харин Элиагийн амжилт одоо л эхэлж байна. Гурван гараанд жаинт слаломоор оролцохдоо шилдэг 30-д хоёр удаа багтаж, Сочиг зорих эрх авсан юм.

Марк, Доминик, Мишель Гизин (Швейцарь)

Гизинийхэн төрөлх хот Энгельбергийн бахархал нь юм. Уулын цанын Дэлхийн цомын хүчтэй өрсөлдөгчид олон жилийн турш тооцогдсон Мишелийн амжилт өдгөө “унтаж”, Доминикийнх цэцэглэж, харин шинэ одоор Маркийг нэрлэж байна. Мишель бол Гизинийхний хамгийн ахмад нь. Ноднин Европын цомын слаломд оролцсоны дараа дасгалжуулагчаар ажиллах саналыг хүлээн авсэн тэрбээр Швейцарийн шигшээ багийг хэрхэн бэлтгэж буй нь Сочигийн олимпоос харагдана.

Харин Марк Доминикээс гурав дүү бөгөөд Дэлхийн цомд амжилт гаргахаар зорьж буй. Тэр шилдэг аравт багтаж үзээгүй, гэвч 30-д орж байсан. Эгч Доминикийн хувьд Дэлхийн цомд гурвантаа түрүүлжээ. Лара Гут, Фабьен Сутер, Доминик нар Швейцарийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн нүүр царай юм. Айсуй олимпоос медаль хүртэх боломж түүнд бий.

Мануэла ба Манфред Мёльг (Итали)

Дэлхийн цомын түүхэнд 26 удаа шагналын тавцанд зогссоны хоёрт нь тэргүүлэгчийн байрт заларсан түүх Мёльгийн гэр бүлийнх. Техникийн үзүүлэлт, сэтгэл зүйн байдлаас шалтгаалан тэд түрүү байраа алддаг сул талтай.

Манфред 2007 оны ДАШТ-ээс мөнгө, 2011 онд хүрэл медалийг слалом ба жаинт слаломд хүртжээ. Харин түүний эгч Мануэла формондоо орж арай амжаагүй байгаа юм.

 

 

Симари Биркнер (Аргентин)

Марио, Мария Белен, Ангелика, Тереза, Кристиан Симари Биркнер бүхэлдээ уулын цанын арми энэ гэр бүлд бий болжээ. Дэлхийн цомын медальтнуудын жагсаалтад уулын цаначин аав, ээжийнх нь нэр үгүй ч, Европын цуврал тэмцээнүүдэд тэд өндөр амжилт гаргаж байв.

Энэ гэр бүлээс Симари Аргентины шигшээ багийн хамгийн шилдэг нь гэсэн сэтэр авсан нь учиртай. “South American Cup” тэмцээнд тэр 14 удаа түрүүлсэн юм. Сочигийн олимпод оролцох эрхээ авсан Симари Дэлхийн цомд ямар амжилт гаргах бол?

 

Б .Өлзийтогтох


0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.