Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнгүй хуралдаан

 Шинэчлэлийн Засгийн газар гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор одоогоос яг жилийн өмнө таван дэд хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанд энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийж, “Эдгээр хөтөлбөр тухайн салбарууддаа, цаашлаад макро эдийн засагт олон эерэг үр дүн авчирсан” гэж дүгнэсэн юм.

Мэдээлэлд дурдсанаар, шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 13 компанид 192 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосны зэрэгцээ арилжааны банкуудтай 703 тэрбум төгрөгийн форвард хэлцэл хийж, шатахууны нөөц 2.5 дахин нэмэгджээ. Харин өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртөг бууруулах дэд хөтөлбөрийн хүрээнд төмөр замын вагоны болон зүтгүүрийн парк, ачааны терминалын хүчин чадлыг нэмж өргөтгөхөд 303 тэрбум төгрөг зарцуулна. Энэ ажил 30 хувийн гүйцэтгэлтэй явж буйг Ерөнхий сайд хэлсэн.

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг тусгайлсан галт тэргүүдээр тээвэрлэж, нэг хоногийн дотор Замын-Үүдээс Улаанбаатарт ирүүлдэг болгосон нь эргэлтийг хурдасгасан зохицуулалт болжээ. Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн тухайд махны нөөц бүрдүүлэхээр гэрээ байгуулсан компаниудад 87 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон нь бүрэн төлөгдсөн гэнэ. Мөн гурилын 24 үйлдвэрт 48.7 тэрбум төгрөг олгоод байгаа юм байна. Дээрх үйлдвэрүүд гэрээнд заасны дагуу кг гурилыг 525 төгрөгөөр борлуулж байгаа гэв. Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд цемент нийлүүлэгч 43 компанид 48.5, арматурын 17 компанид 81, материал үйлдвэрлэгч 64 компанид 146.7 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгожээ. Гэрээний дагуу “Цементийн үнийг 165-175 мянган төгрөгт барих ёстой ч зуны гурван сарын турш тасралтгүй 135-140 мянгад байлгаж, сүүлийн нэг сард тодорхой хэмжээгээр үнэ нэмэгдсэн тал бий” гэж Ерөнхий сайд тайлбарлав. Нүүрсний аюулг үйн нөөц бүрдүүлэх, түлш, эрчим хүчний үнэ, тарифыг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний 18 үйлдвэрт 52 тэрбум төгрөгийн зээл олгосон аж.

МАН-ын бүлгийнхэн “Гурилын үнэ 20 хувиар өсөв”, “Орон сууцны нэг ам метрийн үнэ нэг сая төгрөг байсан бол хоёр сая төгрөг болж өслөө”, “Инфляцыг найман хувьд барих зорилт хэрэгжсэнгүй, 9.9 хувьтай байна” гэж бичсэн цаасан лоозон барьж хуралд оролцов. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүн муутай хэрэгжиж байна” гэж дүгнэсэн цөөнхийн хариу мэдээллийг Бүлгийн дэд дарга С.Бямбацогт уншиж танилцуулсан. Тэд гурил 20, “Атар” талх 24.1, сүү 20, мах 15, цагаан будаа 34, давс 42, өнд өг 27, сургалтын төлбөр 37, цахилгааны үнэ 22.3, дулаан 27.1, байрны түрээс 17 хувиар өсөж, валютын ханш 1384-1705, орон сууцны ам метрийн үнэ 1-2 сая, цемент 130-260 мянга, нефтийн бөөний үнэ 1630-1800 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн Үндэсний статистикийн хорооны дүнг мэдээлэлдээ онцолжээ. Хуралдааны дэгийн дагуу зөвхөн Ардын Намын гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийлэх эрхтэйгээр нэгдсэн хуралдаан үргэлжилсэн. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, “Бүлгийн дүгнэлтэд дурдсан тоо бол есөн сарын дүн мэдээ.

Валютын ханшийн 20 хувийн өсөлт нь импортын бараа, бүтээгдэхүүнд нөлөөлж, ирэх саруудад өргөн хэрэглээний бүх бараа дахин 10-20 хувь өсөх нөхцөл бүрдчихлээ. Ийм байхад үнэ тогтворжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжлээ гэж хэлж байгаа Ерөнхий сайдтай юу ярих вэ. Хэн гэдэг захиралтай, ямар компанид хөтөлбөрийн мөнгийг тараасан талаарх мэдээллийг бидэнд өгөхгүй байна. Ерөнхий сайд “авлигажсан төсөв” гэж ярьж байгаатай адил хөтөлбөр нэрийн дор гурван их наяд төгрөгийг авлигын шинж чанартай зарцуулж байна. Үүнийг УИХ, эрх баригч АН сайтар шалгах ёстой. Та бүхний дотор сүнсээ худалдчихаагүй, шударга улс байгаа гэдэгт найдаж байна. “Долоон буудал”-ын Должин эмээгийн амьдрал ямар байгааг очиж үзээрэй, Ерөнхий сайд аа” гэсэн бол Бүлгийн дарга Н.Энхболд “Хөтөлбөрт төсөвлөсөн мөнгөний тэн хагас нь буюу 1.5 их наяд төгрөг зарчихаад байхад дээр дурдсан бараа, бүтээгдэхүүний үнэ яагаад өссөнийг бизнес эрхлэгч болоод Должин эмээд товч бөгөөд тодорхой тайлбарлаач” хэмээв. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ямар ч байсан бүгдээрээ Должин эмээг таньдаг болсон нь сайн байна.

Манай Засгийн газрын үед хаалттай мэдээлэл гэж байхгүй. Тэр байтугай өмнөх үед байсан хаалттай мэдээллийг ч ил болгоно” гээд хариуцсан сайд, албан тушаалтныг хариулт өгөхийг үүрэгдсэн. Мөн цөөнхийн бүлгийн дүгнэлтэд гарсан тоог “худлаа” гэж хэлсэн нь Засгийн газрын тэргүүний амнаас хариулт сонсох гэсэн Ардын Намынхны эгдүүцлийг төрүүлж, хурлаа хаяж гарахад хүргэсэн юм. Ийнхүү асуулт тавих эрхээ эдэлж чадаагүй, хариулт хэлэх ч боломж олгоогүй үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэлэлцсэн хуралдаан үр дүнгүй өнгөрсөн юм. Мөн энэ өдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 89.8 хувийн саналаар “хэлэлцэх нь зүйтэй” хэмээн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.


Б.Номин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.