Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдийн үр дүнг УИХ-ын чуулганд танилцууллаа

 Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүдийн талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ.  Оновчтой механизмгүйгээс өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ байнга өсч, энэ нь инфляцид нөлөөлсөөр ирсэн. Иймд Шинэчлэлийн Засгийн газар гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжуулж, зах зээлийн зарчимд суурилсан тогтвортой тогтолцоо бий болгохоор 2012 оны 10 дугаар сарын 26-наас таван дэд хөтөлбөр эхлүүлсэн юм. Эдгээр нь гол нэрийн хүнс, шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг өсгөлгүй тогтвортой барих, өргөн хэрэглээний импортын барааны өртгийг бууруулах, барилгын салбарыг дэмжих, нүүрсний нөөц бүрдүүлж, эрчим хүчний үнэ, тарифыг тогтворжуулах дэд хөтөлбөрүүд байлаа. Хөтөлбөрүүдийн үр дүнг Ерөнхий сайд УИХ-ын чуулганд тоймлон танилцууллаа. 

Шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 13 компанид 192 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосны зэрэгцээ  арилжааны банкуудтай 703 тэрбум төгрөгийн форвард хэлцэл хийн валютын ханшийн эрсдлээс шатахуун импортлогчдыг хамгаалсан байна. Хөтөлбөр хэрэгжсэн нэг жилийн хугацаанд улсын хэмжээнд шатахууны нөөц 2.5 дахин нэмэгдэж, үнэ нь литр тутамдаа 50 төгрөгөөр буурчээ.  Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртөг бууруулах дэд хөтөлбөр нь гадаад худалдааны тээвэрлэлтийн зардлыг бууруулахад чиглэсэн юм. Дунд хугацаанд үргэлжлэх энэ хөтөлбөрийн хүрээнд төмөр замын вагоны болон зүтгүүрийн парк, ачааны терминалын хүчин чадлыг нэмж өргөтгөхөд 303 тэрбум төгрөг зарцуулна. Энэ ажил 30 хувийн гүйцэтгэлтэй яваа ба Замын-Үүд зэрэг гол боомтуудад томоохон ахиц, үр дүн гарч эхлээд байгаа.

Мөн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг хатуу хуваарьтай тусгайлсан галт тэргүүдээр тээвэрлэж,  1 хоногийн дотор Замын-Үүдээс Улаанбаатарт ирүүлдэг болгосон нь эргэлтийг хурдасгасан гол зохицуулалт болжээ. Энэ оны 10 дугаар сарын 8-ны байдлаар нийт 850 галт тэрэг,50 мянганвагоноор 2,3 сая тонн ачаа тээвэрлэсэн дүн гарчээ.  Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр мах, гурилын үнэ өсгөхгүй, тогтвортой барихад үндсэндээ чиглэсэн. Махны нөөц бүрдүүлэхээр сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан компаниудад 87 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон нь эргэж бүрэн төлөгджээ. Хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд махны үнийн өсөлт өмнөх оны мөн үеэс дунджаар 2 дахин бага байлаа. Гурилын тухайд, 61 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 36 гурилын үйлдвэрт олгохоор төлөвлөснөөс одоогоор 24 үйлдвэрт 48.7 тэрбум төгрөг олгожээ. Энэ хөрөнгөөр гурилын нөөц бүрдүүлэхээс гадна нөөцийн чанар, борлуулалтад оновчтой зохицуулалт хийж байгаа юм.

Дээрх үйлдвэрүүд Засгийн газартай байгуулсан гэрээнд заасан үнэ болох 525 төгрөгөөр гурилаа борлуулж байна. Энэ нь дотоодод үйлдвэрлэсэн гурилын үнэ оны эхнээс тогтвортой байхад эерэгээр нөлөөлжээ. Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулах нэмэх, эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх ажлууд үргэлжилж байна.  Бүтээн байгуулалтад эх орны үйлдвэрийн чанартай материал нийлүүлэхийн тулд салбарын үйлдвэрлэлийг дэмжих нь Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн гол зорилго. Цемент нийлүүлэгч 43 компанид 48.5 тэрбум, арматурын 17 компанид 81 тэрбум, материал үйлдвэрлэгч 64 компанид 146,7 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг хөтөлбөрийн хүрээнд олгожээ. Хөтөлбөрт хамрагдсан компаниуд гэрээнд заагдсан үүргээ биелүүлэн ажиллаж байна. 

Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш, эрчим хүчний үнэ, тарифыг тогтворжуулах дэд хөтөлбөрийг 2 жил хэрэгжүүлнэ. 80 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл төлөвлөснөөс эрчим хүчний 18 үйлдвэрт 52 тэрбум төгрөгийн зээл олгож, 1 жилийн дотор эргэн төлөх графиктайгаар гэрээлэн ажиллаж байна.  Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн 5 дэд хөтөлбөр тухайн салбарууддаа, цаашлаад макро эдийн засагт олон эерэг үр дүн авчирсан. 2012 оны эцэст 14 хувь байсан инфляци 2013 оны 8 дугаар сард 9.4 хувь болон буурч, иргэдийн бодит орлого тодорхой хэмжээгээр хамгаалагдлаа. ДНБ-ий бодит өсөлт 2013 оны 2 дугаар улиралд 14.3 хувь, эхний хагас жилд 11.3 хувь болж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгаллаа гэж Ерөнхий сайд онцоллоо. Энэ мэт дэвшилт байгаа ч дараа дараагийн жилүүдэд анхаарах асуудлууд ч бий. Хийсэн ажилдаа тухай бүрт үнэлэлт өгч, илүү сайжруулахын төлөө ажиллаж байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээллийнхээ төгсгөлд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.