Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

А.БАКЕЙ: ОДОО МӨРДӨЖ БУЙ ХУУЛИЙН ХҮРЭЭНД МАН-ЫНХНЫ БАЙНГЫН ХОРООНЫ ХАРЬЯАЛЛЫГ НЭМЭХ БОЛОМЖГҮЙ

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа.

-Байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсгийнхэн аймаг, дүүргүүдийн ИТХ-ын үйл ажиллагаа, чадавхийг шалгасан юм байна. Ямар санал, дүгнэлт гаргасан бэ?

-Ажлын хэсэгт надаас гадна гишүүн Д.Батцогт, Р.Бурмаа нар багтсан. Бид нийслэлийн гурван дүүрэг болон Төв, Хэнтий, Ховд аймагт ажиллаж, ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзлаа. Мөн УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн, Төрийн албаны, Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг шалгалаа. Аймаг, дүүрэг бүрт нөхцөл байдал өөр байна. ИТХ бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага. Тэд Засаг даргын шийдвэр, төсвийн зарцуулалтад хяналт тавьж, иргэдийн саналыг холбогдох шийдвэрт тусгуулах үүрэгтэй. Гэвч төсөв хязгаарлагдмал байдгаас болоод ИТХ олон жилийн турш Засгийн газар болон орон нутгийн захиргааны байгууллагын хавсарга байдлаар ажиллаж байна. Тиймээс Ажлын хэсгээс үүнийг засах эрх зүйн орчин бүрдүүлэхээр тогтоолын төсөл боловсруулсныг сая Байнгын хороо хэлэлцлээ. Гэхдээ илүү сайн боловсруулахаар болж хойшлуулсан. Орон нутагт төлөөллийн ардчиллаас гадна шууд ардчиллын элемент хэвшиж эхэлсэн байна. Аймаг, дүүргүүдэд Иргэний танхимтай болсон. Хэдий тийм ч гэсэн эрх зүйн орчин нь дутмаг учраас иргэдийн оролцоог хангахад асуудал гарч байна.

-Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар олон жил ярьсан. 2013 оноос энэ зорилго тодорхой хэмжээнд хэрэгжсэн гэж ойлгож байгаа. Гэвч орон нутгийн эрх мэдэл хангалтгүй байна гэж Ажлын хэсэг үзсэн юм уу?

-Ажиллах явцдаа Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтыг давхар хянасан. Төсвийн тухай шинэ хуулийн дагуу энэ оноос тус санд тодорхой хэмжээний мөнгө хуваарилсан. Тухайн орон нутаг энэ мөнгийг юунд зарцуулахыг иргэдийнхээ оролцоотойгоор шийдэх ёстой. Гэвч энэ тал дээр бас дутагдал байна.

-Орон нутгийн эрх мэдлийг нэмээд өгчихөөр 21 “тусгаар улс” үүсчихээд Үндсэн хуультайгаа харшилдана гэсэн болгоомжлол бас гишүүдэд байна.

-Тогтоолын төслийг мэдээж тийм агуулгаар боловсруулаагүй. Үндсэн хуульдаа нийцүүлнэ. Гэхдээ өөх ч биш, булчирхай ч биш, ажиллах нөхцөлгүй орхичи хож бас болохгүй. Тиймээс ажиллах нөх цө- лийг хангах тухай л ярьж байгаа юм. Үнд сэн хуулийн үзэл санаанд нийцүүлж иргэдийнхээ оролцоог хангах эрх зүйн орчныг тодорхой болгох ёстой.

-Дорнод, Хөвсгөл аймаг одоо болтол Засаг даргатай болоогүй байна. Ерөнхий сайд энэ асуудлыг өөрөөс нь хамаараагүй, ИТХ нь улстөржөөд хуралдаж чадахгүй байгаа гэж тайлбарласан. Ажлын хэсэг эдгээр аймгийн ИТХ-ын үйл ажиллагааг анхаарч үзсэн болов уу?

-2012 онд байгуулагдсан ИТХ-ын төлөөлөгчдийн 80 орчим хувь нь шинээр сонгогдсон хүмүүс юм билээ. Тиймээс тэдэнд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх шаардлагатай. Дээрх аймгуудын асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа гэсэн. Тиймээс Байнгын хорооны Ажлын хэсэг уг асуудалд хөндлөнгөөс оролцох боломжгүй.

-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тус бүртээ ганц л Байнгын хороонд харьяалагдаж байна. Бусад гишүүн гурав хүртэлх Байнгын хороонд харьяалагдаад байхад МАНынхны бүрэн эрхийг зөрчиж байна гээд тэд Цэцэд хандахаа мэдэгдсэн. Үүнийг шийдэхгүй удаад байгаагийн шалтгаан юу юм бэ?

-Түүх нь яаж эхэлснийг сэтгүүлчид сайн мэдэж байгаа. УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагт багтааж Бүлэг байгуулсан тухай бичгээ өгөх ёстой байдаг, МАН-ынхан уг бичгээ өгөөгүйгээс асуудал үүссэн. Дараа нь Ерөнхийлөгч өөрийн биеэр хууль санаачилж, МАН-ыг Бүлэгтэй болгоод. Үүний өмнө хуульд өөрчлөлт оруулж, Байнгын хорооны бүрэлдэхүүний тоог 21-19 болгосон байсан. Тиймээс уг хуульдаа нийцүүлээд зарим гишүүнийг давхар харьяаллаас нь гаргаж, МАН-ынхныг оруулсан. Олонх нь хоёр Байнгын хороонд хамаарч байгаа. Нэг Байнгын хороонд харьяалалтай гиш үүн цөөхөн байх. Одоо МАН-ынхан гурван Байнгын хороонд харьяалагдах тухай ярьж байгаа. Гэвч одоо мөрдөж буй хуулийн хүрээнд ийм боломж байхгүй. Тэгэхээр тэдний саналыг хэрэгжүүлнэ гэвэл бүрэлдэхүүний тоог буцаагаад 21 болгож, хуульд өөрчлөлт оруулах гарц бий. Намын бүлгүүд зөвшилцвөл боломжтой. Ийм асуудлаар заавал Цэцэд хандах шаардлага байхгүй болов уу. Бас Цэцээс манай Байнгын хороонд хандаж ийм гомдол ирсэн тухай мэдэгдсэн зүйл алга.

-Өмнөх УИХ-д АН, МАН хамтарч байсан учраас Байнгын хорооны дарга нарыг 1-2 жилээр сольдог байсан. Одоо бас хамтарсан Засгийн газар ажиллаж байгаа. Энэ жишгийг мөрдөх үү?

-Тухайн намын бүлэг хэлэлцээд аль Байнгын хорооны даргаар хэнийг тавихаа шийддэг. Одоо өмнөх шиг солих шаардлага бага. Гэхдээ Бүлэг нь хүсвэл Байнгын хорооны даргыг сольж болно.


С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.