Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

IV цахилгаан станцын үр ашгийг 42 сая долларын зээлээр сайжруулна

Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажилла гааны байгууллага (ЖАЙКА) хооронд байгуулах “IV цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн гэрээ”-г зөвшилцөх эсэхийг хэлэлцлээ. 40 жилийн хугацаатай, эхний 10 жилдээ ямар нэг төлбөр төлөхгүй, 0.3 хувийн хүүтэй 42.2 сая долларын зээлийг тус байгууллагаас авах юм байна. 1991 оноос оноос хойш ЖАЙКА-тай хамтран хоёр ч үе шаттай төсөл хэрэгжүүлсэн. Өдгөө гурав дахийг нь хэрэгжүүлэх гэж буй нь энэ юм байна. 2013-2017 онд IV цахилгаан станцын үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр шинэчлэлийг хийх гэнэ. Төслийг хэрэгжүүлэхийн тулд Японы талаас 2010 оноос судалгаа хийжээ. Зээлийн гэрээг УИХ соёрхон баталбал олон улсын хэмжээнд тендер зарлах аж.

Гишүүн С.Ганбаатар тоног төхөөрөмжийг нь зах зээлийн үнээр биш, “хөөс” тогтоож үнэлсэн юм биш биз хэмээн хардав. Үүнийг хэн хянах талаар асуухад нь “IV цахилгаан станцын техникийн баг хамтран хянана” гэсэн хариуг өглөө. Мөн дээрх байгууллагаас Зөвлөх баг ажиллана, үүний зардал зээл дотроо багтсан юм байна. Тендер зарлах гэж л 2-3 жил алддаг жишиг Монголд бий, тиймээс 2017 он гэхэд төслийг хэрэгжүүлж амжих уу хэмээн Д.Дэмбэрэл гишүүн асуусан. “Станцын үйл ажиллагааг зогсоохгүйгээр, зэрэгцүүлээд хийх учраас энэ хугацаанд амжина” хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хариулна лээ. IV цахилгаан станцын хүчин чадлыг 100 мВт-аар нэмэгдүүлэх ажлыг Хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байгаа юм. Уг ажил ирэх оны долдугаар сард дуусна. Тэгэхээр төслийн үр дүнд цахилгаан станцын хүчин чадал дээшилж, техникээ шинэчлэхийн хэрээр үр ашиг нь дээшилнэ гэж тооцжээ. Зээл авахыг буруушаахгүй ч өрөө хэрхэн төлөх хуваарь нь тодорхой байх ёстой хэмээн Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн үзсэн.

Өвөл хаяанд ирсэн энэ цаг үед цахилгаан, дулаанаар хангах эх үүсвэр ямар байгааг Эрчим хүчний сайд М.Сономпил энэ үеэр мэдээлсэн. 2012 оны байдлаар манай улсын эрчим хүчний хүчин чадал 850 мВт байсан бол 2016 он гэхэд үүнийг хоёр дахин нэмж, 1700 мВт болгохоор зорьж байгаа аж. Энэ хүрээнд IV цахилгаан станцын хүчин чадлыг 100 мВт, III цахилгаан станцынхыг 50 мВт-аар нэмэхээр ажиллаж байгаа. Мөн Амгаланд 350 мВт-ын хүчин чадалтай дулааны станц барих ажил эхэлсэн. Ирэх он гэхэд цахилгаан, дулааны эх үүсвэр багагүй мВт-аар нэмэгдэх юм байна. Үүнээс гадна Тавантолгойд 350 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барьж буй. Мөн Багануур, Дорнод, Шивээ-Овоо гэх мэтээр уурхай түшиглэсэн станц барих төлөвлөгөө байгааг сайд танилцууллаа. Байнгын хорооны гишүүд гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжээд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.


С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.