Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өргөгч унасан ч азаар хүн бэртсэнгүй

Монголд барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаныг Есүгэн охин, оюутан залууд тохиолдсон аймшигт үхэл харуулсан билээ. Энэ явдлаас үүдэн барилгын салбар дахь аюулгүй ажиллагаанд хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиулах ажил нийслэлд өрнөсөн. Ерөнхийлөгч, нийслэлийн Засаг даргаас эхлээд дээр доргүй ярьж, сүржин эхэлсэн энэ ажил тэгсхийгээд таг болов.

Зөвшөөрөлгүй барьж байсан олон барилгын жагсаалт гаргаж, эхнээс нь цэгцэлж байгаа гэх боловч хүмүүсийн анхааралд өртсөн нь үгүй. Дуулиантай эхэлсэн ажлын эрч саарахтай давхцан барилгын, тэр дундаа өргөгч механизмын угсралт, ажлын аюулгүй байдал эргээд алдагдаж байх шиг.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн III хороо буюу “Бөмбөгөр” худалдааны төвийн орчимд барьж буй барилгад мягмар гаригаас лхагвад шилжих шөнө 24.00 цагийн үед осол гарлаа. Арматур төмөр өргөж байсан дугуйт өргөгч машин ачаагаа дийлэлгүй хажуугаараа унав. Хөдөлгөөн бага байсан тул азаар хүн өртсөнгүй. Өргөгч машины жолооч ямар нэг гэмтэлгүй, машинаа унасан даруйд дээш харсан хаалгаараа гарч ирсэн юм. Энэ үеэр эл барилга дээр цөөхөн хүн ажиллаж байжээ. Тэд барилгын үндсэн краныг ажиллуулж, унасан машиныг босгов. Унасан машины тос, шатахуун зам дээр асгарсан харагдлаа. Машин зүүн талаараа унасан тул тэр талын хаалга цөмөрч, цонх нь хагарсан байв. Долоон давхар, үйлчилгээний зориулалтай барьж буй гэх энэ барилгад осол болсныг мэдсэн эсэх талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Чингэлтэй дүүрэг хариуцсан улсын ахлах байцаагч Ц.Цэнгэлээс тодруулахад “Би ээлжийн амралттай байгаа тул ийм явдал болсныг мэдээгүй. Манай ажилтнууд мэдсэн бол шалгалт хийж байгаа байх. Энэ барилгыг иргэн Чинзориг үйлчилгээний зориулалтаар барьж буйг нь мэдэж байна” гэлээ.

Өргөгч машин унасан барилгад өчигдөр очиход хэдэн хятад ажилчид нурсан хашаагаа босгож байв. Хамт ажиллаж байсан монгол хүнээс өргөгч машин яагаад унав гэдгийг асуухад “Энэ арматурын төмрийг багц багцаар нь өргөх ёстой. Гэтэл краны жолооч бөөнөөр нь өргөх гэж байгаад машинаа унагасан. Хүн бэртээгүй, машин нь ч бага эвдэрсэн” гэсэн юм.


 Д.ДАГВА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.